Хакүгэцүро А.Сүхбат мэргэжлийн сүмогийн анхны тэмцээндээ түрүүллээ
46 минутын өмнө

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээний 13 дахь өнөөдөр үргэлжилж байна.
Энэ өдөр уламжлал ёсоор доод зиндааны түрүү бөхчүүд тодордог уламжлалтай. Хэрвээ нэмэлт барилдаан гараагүй тохиолдолд долоо дахь барилдааны дараа түрүү бөх тодордог юм.
Хамгийн доод буюу жонокүчи зиндаанд Асахияма дэвжээний бөх, 24 настай Хакүгэцүро А.Сүхбат нэг ч унаагүй түрүүллээ.
Сэншюү их сургуулиас мэргэжлийн сүмо руу орсон А.Сүхбатын аав нь Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнэ билээ. 2004 онд Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн Б.Ариун-Эрдэнэ жүдо, самбогоор барилдаж явсан нэгэн.
Хожим Булган аймгийн Засаг даргаар ажилласан юм.
А.Сүхбатын хувьд 2024 онд Бүх Японы аварга шалгаруулах сүмогийн тэмцээнд шөвгийн 16-д үлдэж байв. Улмаар өнгөрсөн оны сүүлээр мэргэжлийн сүмод элсэж байгаагаа зарласан. Ингээд тавдугаар сарын тэмцээнд анхны барилдаанаа хийсэн төдийгүй доод зиндаанд түрүүллээ.
Ирэх аравдугаар сард 25 нас хүрэх сүмоч эр долдугаар сарын тэмцээнээр жонидан зиндаанд хүч үзнэ.






