Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгоны урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Жун Жин Ван тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун өнөөдөр Солонгосын үндэсний паралимпын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэрээр өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Монголын пара спортын хөгжилд тогтвортой дэмжлэг үзүүлж, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Солонгосын үндэсний паралимпын хороонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн талууд БНСУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хүртээмжтэй орчин бүрдүүлэх бодлого, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүүхэд, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй саадгүй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй эрх зүйн зохицуулалт, төрийн бодлогын сайн туршлагын талаар санал солилцлоо. УИХ-ын гишүүн О.Саранчулуун цаашид төрийн өмчийн барилга байгууламжийн хүртээмжийн стандартын хэрэгжилтийг сайжруулах, пара спортын бэлтгэл сургуулилтын орчин, нөхцөлийг сайжруулах асуудлаар Монголын үндэсний паралимпын хороотой нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Үүний дараа төлөөлөгчид Монголын үндэсний паралимпын хорооны ажлын албанд зочилж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны үр дүн болон цаашдын хөгжлийн чиглэлийн талаар албан уулзалт хийв.

Уулзалтын үеэр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хамтарсан төслүүдийн үр дүнг онцлон дүгнэсэн бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Монголын тамирчдын олон улсын тэмцээнд оролцох боломж өргөжин, өвлийн пара спортын хөгжлийн суурь тавигдсаныг тэмдэглэлээ. Түүнчлэн Мөрөөдлийн (Dream program) хөтөлбөр-т хамрагдсан өсвөрийн тамирчдаас 2022, 2024 оны Өвлийн паралимпын наадамд өрсөлдсөн тамирчид төрөн гарсан нь хамтын ажиллагааны бодит үр дүн болсныг онцлов. Мөн пара байт харваа, бадминтон, ширээний теннис, хөнгөн атлетик, бочи, пара хөлбөмбөг, таеквондо зэрэг спортын төрлүүдэд үзүүлсэн тоног төхөөрөмжийн дэмжлэг, богино хугацааны сургалт, спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухаан болон ангилал тогтоох (classification)-ын чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн сургалтууд нь Монголын пара спортын хүний нөөц, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг талууд тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсад өвлийн пара спортыг урт хугацаанд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр боловсруулах, Мөрөөдлийн хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх, өсвөрийн болон залуу тамирчдыг жил бүр хамруулах, Монгол Улсад өвлийн пара спортоор хамтарсан бэлтгэл цугларалтыг зохион байгуулах боломжийн талаар санал солилцов.

Мөн Монголын үндэсний паралимпын хорооноос “Лос Анжелес-2028” паралимпын наадмын бэлтгэлийн хүрээнд Азийн тэргүүлэх пара спортын бэлтгэлийн төвүүдийн нэг болох Инчёоны үндэсний паралимпын бэлтгэлийн төвд Монголын үндэсний шигшээ багийг жил бүр хамтарсан бэлтгэлд хамруулах, залуу дасгалжуулагчдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийн үнэлгээ, сэргээн засах, спортын анагаах ухааны чиглэлээр өндөр түвшний хамтарсан сургалт зохион байгуулах чиглэлээр дэмжлэг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Төлөөлөгчид мөн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, дасгалжуулагч, ангилал тогтоогч, спортын шинжлэх ухаан, тамирчны гүйцэтгэлийн дүн шинжилгээ, хүчний болон бие бялдрын ерөнхий бэлтгэлийн дасгалжуулагч, мэргэжилтнийг мэргэшүүлэх болон богино хугацааны сургалтад хамруулах боломжийг хамтран судлахаар санал нэгдэв.

Мөн төлөөлөгчид пара жүдо, пара таеквондогийн үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилтын үйл ажиллагаатай танилцаж, тамирчид, дасгалжуулагчидтай уулзан санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Парис-2024” Зуны Паралимпын наадмын аварга У.Сүрэнжаваас Солонгосын үндэсний паралимпын хороонд өөрийн дурсгалын алтан медалийг гардууллаа. Солонгосын төлөөлөгчид энэхүү үнэ цэнтэй дурсгалыг хүндэтгэн хүлээн авч, Солонгосын Спортын музейд хадгалан, олон нийтэд дэлгэн үзүүлэхээ илэрхийлэв.

Энэхүү айлчлал нь Монгол, Солонгосын Үндэсний Паралимпын Хороодын олон жилийн стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, хоёр улсын пара спортын хөгжил, тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өндөр амжилтын спортын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.