ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цахим орчин дахь хууль бус агуулга, хаягуудыг цэгцлэх ажлын хэсэг байгуулсан.

Тэрээр "Цахим гэмт хэргийн өсөлт ноцтой хэмжээнд хүрсэн. 2025 оны эхний зургаан сард найман мянга орчим цахим гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2026 оны мөн хугацаанд нийт гэмт хэргийн 34.4 хувь буюу есөн мянга гаруй хэрэг цахим орчинд үйлдэгджээ.

Үүнтэй холбоотойгоор хууль, хяналтын байгууллага болон харилцаа холбооны салбарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, цахим орчин дахь зохион байгуулалттай гэмт хэрэг, хуурамч хаягийн ард байгаа этгээдүүдийг илрүүлэх ажиллагааг эрчимжүүлэхээр болсон.

Монгол дахь 2.7 сая орчим фэйсбүүк хаягийн 400 мянга орчим нь   хуурамч хаяг байна. Эдгээр хаяг худал мэдээлэл тарааж, иргэдийг талцуулан, нийгмийн итгэлцэл, үндэсний эв нэгдэл, цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Тэд монгол эрчүүд нь анхиагүй, эмэгтэйчүүд нь ёс суртахуунгүй, бизнес эрхлэгчид нь луйварчин, улстөрчид нь хулгайч, хүүхэд залуус нь яахаа алдсан гэсэн нийтээр нь харлуулах мэдээллийг гаднын байгууллагаас зохион байгуулалттай түгээж байна. Ийм хаягийн ард байгаа этгээдүүд нуугдах газаргүй болгож, бүгдийг нь илрүүлж, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэлээ.