Өнөөдөр буюу аравдугаар сарын 20-нд Ясны сийрэгжилтийн дэлхийн өдөр тохиож байна.

Энэхүү өдрийг 1999 оны аравдугаар сарын 20-нд анх тэмдэглэж эхэлжээ. Өдгөө дэлхий даяар ясны эрүүл мэндийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор жил бүр тэмдэглэдэг болсон юм.

 Энэ жилийн дэлхийн өдрийн аян ясны эрүүл мэндийг амьдралын үе шат бүрд анхаарахыг онцолж байна. Бага наснаас ясны хөгжлийг дэмжиж, насанд хүрсэн хойноо бат бөх байдлыг нь хадгалах, улмаар ахимаг насанд сийрэгжилт, хугарлаас сэргийлэх шаардлагатай юм.

Тиймээс "Зууны мэдээ" сонин  Ясны сийрэгжилтийн дэлхийн өдрийг тохиолдуулан Геронтологийн үндэсний төвийн настны эмгэг судлалын эмч Н.Оюунтуяаг урьж, нас ахих үед ясны сийрэгжилт үүсэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйл, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний талаар ярилцлаа.

-Хөгшрөлтийн үеийн ясны сийрэгжилт нь хэдэн наснаас түгээмэл оношлогддог вэ?

 -Хөгшрөлтийн үеийн ясны сийрэгжилт нь 65-аас дээш насанд түгээмэл тохиолддог, ясны жин буурч, ясны  эдийн бичил бүтцийн зохицол алдагдаж, яс хэврэгшиж улмаар хугарал үүсгэхэд хүргэдэг ясны түгээмэл тогтолцооны эмгэгшил юм. Ясны сийрэгжилт нь эхэн үедээ илэрхий шинж тэмдэггүй, өвдөлт мэдрэгдэхгүй явагддаг учраас “чимээгүй өвчин” гэж нэрлэдэг.

Нас ахих тусам ясны хуучин эдийн задрал, шинэ эд үүсэх үйл явцын тэнцвэр алдагддаг. Үүний улмаас ясны бат бөх байдал суларч, унах, бага зэргийн доргилт авахад ч хугарах эрсдэл нэмэгддэг. Ялангуяа ташаа, нурууны нугалам, бугуйн ясны хугарал ахимаг насныхны хөдөлгөөн, бие даан амьдрах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

-Ясны сийрэгжилт үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?

-Ясны сийрэгжилт үүсэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Нас ахих тусам ясны хуучин эдийн задрал нэмэгдэж, шинэ эд үүсэх үйл явц удааширснаар ясны нягт буурдаг.  Мөн дааврын өөрчлөлт нөлөөлнө. Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дараа эстроген дааврын хэмжээ буурах нь ясны алдагдлыг хурдасгадаг. Мөн эрэгтэйчүүдэд тестостерон дааврын хэмжээ багасах нь эрсдэлийг нэмэгдүүлж болно.

Түүнчлэн кальци, Д витамин, уураг хангалтгүй авахад ясны хэвийн бүтэц, бат бөх байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Мөн амьдралын буруу хэв маяг буюу хөдөлгөөний дутагдал, тамхи татах, архи уух, хоол боловсруулалт шимэгдэл алдагдах, сэтгэл гутрал зэрэг нь ясны сийрэгжилтэд хүргэх эрсдэлт хүчин зүйл болдог.Мөн удамшлын хүчин зүйл, биеийн жин бага байх, зарим архаг өвчин, эмийг удаан хугацаагаар хэрэглэх нь ясны сийрэгжилтэд нөлөөлж болно.

-Ясны сийрэгжилтийг ямар шинжилгээгээр оношилдог вэ?

-Манай төв ясны сийрэгжилтийг оношлохдоо остеоденситометрийн шинжилгээ хийдэг. Энэ нь ясны нягтыг хэмжиж, ясны сийрэгжилт байгаа эсэхийг тогтоох, хугарах эрсдэлийг үнэлэх, эмчилгээний үр дүнг хянахад ашигладаг оношилгооны арга юм. Шинжилгээгээр шуу болон хөлийн шилбэ зэрэг захын ясны нягтыг хэмждэг.

Энэ шинжилгээнд 65-аас дээш насныхан, цэвэршилт эрт явагдсан эмэгтэйчүүд, өмнө нь ясны хугаралтай байсан хүмүүс, удаан хугацаагаар дааврын эм хэрэглэсэн хүмүүс, удамд нь ясны сийрэгжилт тохиолдож байсан болон биеийн жин хэт багатай хүмүүс шинжилгээнд хамрагдах боломжтой.

Давтан шинжилгээний хугацаа хүн бүрийн эрсдэл, онош болон эмчилгээний байдлаас шалтгаалдаг. Шинжилгээний хариунд үндэслэн эмч шаардлагатай эмчилгээ, зөвлөгөө өгч, давтан үзлэгт хэзээ хамрагдахыг тогтоодог.

Манай төвөөс 2020 онд хийсэн судалгаагаар шинжилгээнд хамрагдсан 10 хүн тутмын нэг нь ясны сийрэгжилттэй гэсэн дүгнэлт гарсан.

-Амбулаториор өдөрт үзүүлж буй хүмүүсийн хэдэн хувь нь ясны сийрэгжилттэй гэж оношлогдож байна вэ?

-Өдөрт ойролцоогоор 15-20 хүн үзүүлдэг. Үүнээс 4-5 хүн ясны сийрэгжилттэй гэж оношлогдож байна. Өөрөөр хэлбэл, өдөрт үзүүлж буй хүмүүсийн дөрөвний нэг орчим нь ясны сийрэгжилттэй байна. Энэ нь манай төвд голчлон ахмад настнууд үйлчлүүлдэгтэй холбоотой.

Манайх настны эмнэлэг учраас 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. ЭМЯ-ны харьяа улсын эмнэлэг учраас харьяалал харгалзахгүй үйлчилдэг.

Шинжилгээний хариунаас хамаарч үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгнө. Ясны сийрэгжилтгүй бол урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, дахин хэзээ үзүүлэхийг хэлдэг. Харин ясны нягт буурсан бол цаашид сийрэгжилт үүсэх эрсдэлийг бууруулах зөвлөгөө өгнө. Ясны сийрэгжилт оношлогдсон тохиолдолд эмчилгээ хийж, өвчин даамжрахаас сэргийлдэг.

Эмчилгээ хийлгэж буй хүмүүс давтан үзлэгт хамрагдах шаардлагатай. Ихэвчлэн зургаан сарын дараа дахин үзүүлдэг ч хугацааг тухайн хүний биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс хамаарч эмч тогтооно. Мөн ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхийн тулд эмчийн зөвлөгөөний дагуу Д аминдэм хэрэглэх, кальциар баялаг хүнс идэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг.

-Хооллолт, амьдралын хэв маягийн хувьд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Кальциар баялаг хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж хэвших нь чухал. Тухайлбал, сүү, тараг, ааруул, бяслаг зэрэг сүү, цагаан идээ, ногоон навчит ногоо, самар, өндөг болон загасыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Мөн Д аминдэм нь кальцийг биед шимэгдүүлэхэд чухал үүрэгтэй учраас Д аминдэмээр баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд эмчид хандаж, Д аминдэмийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх эсэхээ шийдээрэй.

Үүнээс гадна дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвших нь ясны бат бөх байдлыг хадгалах, булчинг бэхжүүлэх, тэнцвэрээ сайжруулахад тустай. Өдөр бүр алхах, нас, биеийн онцлогт тохирсон хөнгөн дасгал хийх зэргээр идэвхтэй хөдөлгөөнтэй байгаарай. Мөн тамхи татах, архи согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах нь ясны эрүүл мэндийг хамгаалахад чухал. Биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, шим тэжээлтэй, тэнцвэртэй хооллож, хөдөлгөөнийг амьдралынхаа хэвшил болгох нь ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхэд тусална.

Манай эмнэлгээр үйлчлүүлдэг 60-70 настай ч ясны сийрэгжилтгүй хүмүүс бий. Тэдний зарим нь залуудаа тамирчин байсан, одоо ууланд алхах, дугуй унах, иогоор хичээллэх зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийдэг гэдэг. Үүнээс гадна зөв хооллолт ясны эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Тиймээс ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдээ багаас нь амьдралын зөв дадалтай болгож, өөрийнх нь сонирхсон спортоор хичээллүүлээрэй гэж эцэг эхчүүддээ зөвлөе.

-Өнөөдөр Ясны сийрэгжилтийн дэлхийн өдөр тохиож байна. Ясны сийрэгжилтийн талаар дэлхий дахинд хийсэн судалгааны үр дүнгээс танилцуулбал?

-Дэлхий дахины судалгаагаар 50-аас дээш насны эмэгтэйчүүдийн гурван хүн тутмын нэг, эрэгтэйчүүдийн таван хүн тутмын нэг нь ясны сийрэгжилттэй холбоотой хугаралд өртдөг гэсэн тооцоо бий. Энэ нь ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн чухлыг харуулж байна.

Манай улсад ясны сийрэгжилтийг оношлох, эмчлэх стандарт 2009 онд батлагдсан. Бид уг стандартын дагуу тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Стандартад оношилгооны шалгуур үзүүлэлт, эмчилгээний төрөл, аргыг тусгасан байдаг. Үүний дагуу өвчтөний онош, биеийн байдалд тохирсон эмчилгээ, зөвлөгөө өгч ажилладаг. Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж, шаардлагатай шинжилгээнд хамрагдаж байгаарай.

П.АМГАЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 199 (7941)