Өнгөрсөн долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг энд онцолж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдлаас түүвэрлэн буулгалаа.

1. МАХН-ын дарга Н.Энхбаяр Израилчуудаас авсан 1.5 сая ам.доллараа төлөөгүйн улмаас 148.4-өөр эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн

МАХН-ын дарга Н.Энх­баяр 2013 оны наймдугаар сард Мон­гол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн өршөөлөөр суллагдсан.  Суллагдах үед түүний биеийн байдал муу байсан тул БНСУ-д эмчлүүлэхээр явсан билээ. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энх­баярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, "Түүнд Эрүүгийн хуулийн 148.4-өөр эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн" гэв.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн эрүү үүсгэх болсон шалтгаан  нь казино байгуулах нэрээр израилчуудаас авсан 1.5 сая ам.долларын хэрэг буюу Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжсэн барилгын асуудалтай холбоотой аж.  Энэхүү 1.5 сая ам.долларын нэг саяыг нь эргүүлэн төлөөгүй учраас ийнхүү шүүхэд хандах болсон гэх мэдээлэл байна.

Эрүүгийн хуулийн 148.4-т: “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

2. Хүний алтан амийг үнэлж мэддэггүй Монголчууд

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт ажил үүргээ гүйцэтгэж явсан Ашигт малтмалын газрын Геологийн албаны Эрдэс баялгийн судалгааны тасгийн мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Долдугаар сарын 24-нд гараад ор сураггүй алга болсон залуугийн цогцсыг эрлийн багийнхан долоо хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гаригт Цэнхэрийн баруун үзүүр, Хар дов гэдэг газраас олсон. 

Талийгаач залуу харангадаж амиа алдсан болох нь тогтоогдоод байгаа. Тухайн үед юу болсон, эрлийн багийнхан хэрхэн ажилласан хийгээд  27 настай геологич залуу юунаас болж амиа алдах болсон талаар уншигч та бүхэнд хүргэж байна. 

Хоёр жилийн өмнөөс эхлэн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын IV багийн нутаг Идрэнгийн нуруунд БНХАУ-ын компани хууль бусаар ашигт малтмалын судалгаа хийж эхэлсэн байна. Идрэнгийн нуруу Говь-Алтай аймгийн Эрдэнэ,  Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, БНХАУ-ын дунд  хил залгаа оршдог аж. Уг нуруунд өвлийн улиралд нутгийн малчид өвөлждөг гэнэ. 

Хавар, зун, намарт гол горхи, худаг гээд ойр орчимд  ус огт байхгүй учраас хүн амьтны бараа байдаггүй газар аж. Идрэнгийн нуруунаас хамгийн ойрхон зусдаг айл нь  80 гаруй километрийн цаана байдаг юм байна. Ийм л хүн амьтангүй, уух усгүй газарт Ашигт малтмалын газрын гурван ажилтан шалгалт, судалгаа хийхээр  20 хоногийн томилолт аван гарсан байна.  АМГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийн  тушаалаар Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан,  талийгаач Б.Мөнх-Эрдэнэ, жолооч Ч.Түмэнбаяр нар явсан байна. Тэд 30 гаруй мянган километр л  явсан шинэхэн “Ланд 200” маркийн авто машинтай Идрэнгийн нурууг зорин очжээ.  Тухайн үед юу болсон талаар тасгийн дарга А.Дэлгэрсайхан,  жолооч Ч.Түмэнбаяр нар цагдаа нарт ийм мэдүүлэг өгсөн байна. Идрэнгийн нуруунд ашигт малтмалын судалгаа шинжилгээний ажлаа хийж дуусгаад нийслэл хот руу долдугаар сарын 24-ний орой  хөдөлсөн байна. Тэд хэдхэн километр давхиад Баян-Өндөр сумын төв орно гээд нэг ч ширхэг савтай цэвэр ус нөөцөлж аваагүй гэнэ.  GPS төхөөрөмжтэй болохоор төөрөх гэсэн ойлголт байхгүй гээд шөнөөр гарсан  байна. 

Тэд ингэж явахдаа говь нутгийн бут сондуул, харгана зэргийг машинаараа дайруулан явжээ. Тэгж яваад харганын толгойн үзүүртэй хэсэг машиных нь дугуйнд битүү шивж ороод гурван дугуй нь хагарсан аж.

Дэлгэрэнгүйг эндээс

3. Дарлуулж, доромжлуулсан Монгол

Хэдэн жилийн өмнөөс "доллар" хэмээх ногоон цаасны аясаар манай улсын эдийн засаг хөлбөрч, үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж эхэлсэн. Эрх баригчдийн зүгээс ам.долларын ханшийг барьж болно гэж амласнаас үүдэн бүүр ч хөөрөгдөөд ч авсан байж болзошгүй. "Үнэ тогтворжуулах" хөтөлбөр хэрэгжүүлж цөөхөн хэдэн компанид хөрөнгө оруулж жинхэнэ утгаар нь "хөөрөгдөл"-д хүргэсэн.

"ЭЗЭН-100" хоногоос хойш эдийн засаг улам доройтолд орсон. Үндэсний агаарын нисэх хүчний байгууллага дампуурсан. Мөн олон хувийн хэвшлийн байгууллагууд зээлээ төлж чадахгүйд хүрч үүдээ барьсан. Долларын ханш 1800 давчихлаа, мах, талхны үнэ нэмэгдсэн гээд тоочоод байвал олон зүйл бий.

Монголбанкны мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатар төгрөгийн ханш суларсан шалтгааны талаар "Ам.доллар хомсдож, эрэлт нийлүүлэлт багассанаас болж төгрөгийн ханш суларч, ам.доллар чангарч байна. Энэ хэрээр гадаад валютын нөөц багасч байгаа. Гэхдээ валютын нөөцөө боломжит төвшинд байлгахад алт тушаалт нөлөөлнө. Алтаа заавал ам.доллар болгож валютын нөөцөд оруулахгүйгээр алтаар нь нөөцөө бүрдүүлж болно" гэлээ.

Энэ оны эхэнд 1659 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 1872 хүрч, 213 төгрөгөөр буюу 14 хувиар өслөө. Валютын ханшаа дагаад инфляци өсчихнө.  Үүнээс дүгнэхэд манай эдийн засагчдын хэлээд байдаг нөгөө үйлдвэрлэлээ хөгжүүлж, дэмжиж чадаагүй нь гай энэ. Төгрөгөө үнэ цэнэгүйдүүлж "Ноён доллар"-ыг хэт шүтэн бишрэлт юунд авч ирэв.

Одоо хэн нэгний буруутгахын оронд "юунаас болж долларын ханш өсөөд байна. Яаж зөв аргаар буулгах уу. Төгрөгийн үнэ цэнийг олохын төлөө л дор бүрнээ бөндгөрүүдээ ажиллуулах цаг ирчихлээ". Өөрөөр хэлбэл, долларт "Дарлуулсан монгол улс" болоход ойрсон. Ам.долларын ханшийг өсөхгүй гэх. Гэсэн хэдий ч нэмэгдсээр, хүнсний гол нэрийн болоод өргөн хэрэглээний бараа бүтээгдээхүний үнэ үргэлжийн мөнх долларын ханштай холбогдсоор...

4.Авто спортын мастер Д.Зоригтсайхан ОХУ-ын дрифтийн тэмцээнд оролцож шилдэг 16-ийн нэгээр тодров

ОХУ-ын Эрхүү хотод болсон дрифтийн тэмцээнд 50 тамирчин оролцсоноос авто спортын мастер "Drift King" Д.Зоригтсайхан  амжилттай оролцож шилдэг 16-ийн нэгээр тодрон эх орондоо ирсэн. Тэрбээр дрифтийн мэргэжлийн холбооноос ганцаараа оролцсон юм. Уралдаанаа цааш үргэлжлүүлэх боломжтой байсан ч төхникийн саатал гарч тэмцээнээ орхиход хүрсэн байна. Техникийн саатал гараагүй байсан бол нэлээд дээгүүр байр эзлэх байсан хэмээн мэргэжлийнхэн дүгнэсэн.

Энэхүү тэмцээнд манай улсын тамирчин "Nissan sllva s15" машинаар оролцсон бөгөөд машиндаа 40 сая төгрөгийн тоноглол хийж оролцжээ.  Тэрбээр шилдэг 16-ийн нэгээр шалгарсан талаараа "Шилдэг 16 тамирчны нэг болоод үнэхээр баяртай байсан. Түүнээс биш уурлаж, бухимдаагүй. Ялангуяа Эрхүүгийн аварга миний хойно алдаад хоцроход тэмцээнд түрүүлэх сонин биш санагдсан. Тэр мөчид Монгол Улсынхаа нэрийг гаргаж чадсандаа баяртай байсан даа" гэсэн юм.

5.Сири улсад фэйсвүүк хэрэглэснээс болж нэгэн охин амиа алджээ

Сири дэх Сунитийн зэвсэгт бүлэглэл фэйсбүүк ашигласан хэмээн нэгэн охиныг  буруутгаж, түүн рүү   чулуу  шидэж амь насыг нь хороожээ. Ираны мэдээллийн ФАРС (FARS) агентлагийн мэдээлснээр охин Сирийн Раккад фэйсбүүк ашигласныхаа төлөө Шариатийн шүүхэд баригдан шүүхээс фэйсбүүкийг садар самуун агуулгатай гэж үзсэний улмаас охинд чулуудаж алах ял оноожээ. Түүний ялыг  талбай дээр  хүлээстэй гаргаж, чулуугаар шидэж гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: Ugluu.mn

6. “Монос” эмийн сангийн эмч зүйчийн буруугаас 15 хүүхэд хордлоо

"Гурван Гал" эмнэлгийн замын урд талд байрлах  "Монос" эмийн сангаас энэ сарын 8-нд тайвшруулах үйлчилгээтэй люминаль эмийг хүүхдийн тунгаар олгох байсныг эм зүйч андуурч  50 гаруй хүнд том хүний тунгаар люминалийг олгожээ.  Үүний улмаас ЭХЭМҮТ-ийн  Дотрын 2-р тасагт 14 хүүхэд, сэхээний тасагт 1 хүүхэд эмчлүүлж байна. 

Люминаль нь тархины даралттай төрсөн хүүхдэд тайвшруулах зорилгоор өгдөг эм. Уг эмийн тунг нь хэтрүүлсэн тохиолдолд амьсгалын зам дарангуйлахын зэрэгцээ хүүхдийг унтаа байдалд оруулж, тархи удаан ажлуулдаг ажээ. Эмийн сөрөг нөлөө нь хүн бүрт харилцан адилгүй илэрдэг юм байна.

7. Иргэдийг гадуурхсан “журам”-ыг Э.Бат-Үүл дарга дэвшүүлэв

Хотын мээр Э.Бат-Үүл дарга НИТХ-ын тэргүүлэгчдэд хотын төвөөр зорчих жолооч нар 40-50 мянган төгрөг төлөх журмыг танилцуулав. Энэхүү журам нь батлагдвал автомашинтай иргэд хотын төвөөр зорчих юм бол 40 мянган төгрөг төлнө. Харин ачааны автомашинтангууд 50 мянган төгрөгийг төлж байж эл замаар чөлөөтэй зорчих гэнэ.

Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Гэсэр сүмээс Сансарын тунелийн уулзвар, Ж.Самбуугийн гудамжнаас Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайван өргөн чөлөө орчимд хамаарах зам уулзварууд орох юм.

Э.Бат-Үүл энэ журмынхаа талаар хэлэхдээ "агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах зорилготой" гэв.

Энэхүү журмыг сонссон иргэд бүгд бухимдалтай байгаагаа дуулгасан. Аргагүй биз дээ, Ардчилсан улс гэсэн уриа, лоозонтой байж ард иргэдийнхээ эрх ашиг, амгалан тайван, чөлөөтэй амьдрах эрхийг боомилж байхад хэн ч монгол улсынхаа газар нутаг дэвсгэр дээр явахдаа "мөнгө" төлөхийг хүсэхгүй. Энэ улсын эзэн нь болж төрсөн байж, эх орныхоо замаар ч алхах эрхгүй болж байгаа нь дэндүү гэмээр өрөвдөлтэй.

Улаанбаатар хотын түгжрэлийг багасгах зүйн хэрэг ч ийн хүний эрхийг боох нь арай л биш шийдвэр гэдгийг иргэд хэлж байгаа юм. Энэхүү төлбөрийн төлөөгүй жолоочийг 07.00-22.00  цагийн хооронд дээрх замуудаар явахыг хориглох аж. Түүнчлэн энэ журам аймаг орон нутгийн  болон хилийн цэргийн, хилийн цэргийн тээврийн хэрэгслийн дугаар бүхий тээврийн хэрэгсэлд ч мөн адил хамаарах юм байна.

Хэрвээ энэ журмыг хэрэгжүүлээд эхэлбэл дугаарын хязгаарлалтыг ч зогсоох боломжтой гэдгээ Э.Бат-Үүл дарга дуулгасан. Журмыг энэ сарын 13-ны өдөр хуралдах НИТХ-аар хэлэлцэнэ.

 

Тоймыг бэлтгэсэн Х.Даваа