Монгол консерватив нам, Бүгд найрамдах нам, Хамаг Монгол хөдөлгөөний нам, Монголын ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Лебирал нам, Иргэний хөдөлгөөний нам зэрэг УИХ-д суудалгүй намуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж Засгийн газрыг огцруулах 9 дэх үндэслэлийг танилцууллаа.

Тус намууд анх Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр огцруулахыг шаардаж байсан бол УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнө дахин асуудлыг тавьж байжээ. Ингэхдээ Засгийн газар болон Ерөнхий сайдыг огцруулах найман үндэслэлийг тавьсан юм. Харин одоо ес дэх үндэслэлийг гарган тавьж, огцрохыг шаардаж байгаа нь энэ аж.

Мөн Хятадын удирдагч Ши Жинпинийг Монголд айлчлахаас өмнө УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Засгийн газрыг огцруулах ёстой. Өнөөгийн Засгийн газар бол хоёр том гүрнүүдийн Ерөнхийлөгч нартай гэрээ хэлцэл байгуулах эрх зүйн чадамжгүй болсон Засгийн газар. Тиймээс айлчлалаас урьтаж УИХ-ын дарга УИХ ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж асуудлыг шийдэх ёстой. Хэрвээ УИХ энэ асуудлыг шийдэхгүй бол парламентад суудалгүй намууд УИХ-ыг  тараах хүртэл тэмцэнэ хэмээн мэдэгдлээ.

Х.Даваа