2013 оны 10 сард болсон  их хурлаар сонгогдсон МАН-ын удирдлага намынхаа лидерүүдэд "МАХН-ыг газрын хөрснөөс арчина. АН-тай хамтарсан Засгийн газар байгуулахаар тохиролцсон" хэмээн амласан тухай зарим эх сурвалж өгүүлдэг.


Үнэхээр ч энэ хавраас эхлэн Р.Ганзориг, Г.Баярсайхан тэргүүтэй МАХН-аас хөөгдсөн нөхдүүд МАХН-ыг татан буулгах санал байнга шахам гаргах болсон юм.
Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн явдлыг МАХН-ын удирдлага "МАНАН байгуулах хүсэлтнүүдийн захиалгаар зохион байгуулж буй үйл ажиллагааа" хэмээн дүгнэж, мэдэгдэл гаргасан.


Тэгвэл Н.Энхбаярын ч журмын нөхөр болж явсан, МАН-ын ч  үнэнч гишүүн байсан, өдгөө АН-д элсэж, З.Энхболдын "баруун гар" болсон УИХ-ын гишүүн Д.Арвин МАН МАХН-ыг "үгүй хийхээр" ажиллаж буйг нотолсон байна.


Тэрээр "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа энэ тухай:
"Би орон нутагт болон өөрийнхөө сонгогдсон тойрогт ажилласан. Ардын намынхан МАХН-ыг улс төрийн тавцангаас арчих  ажиллагаагаа аль хэдийнэ эхлүүлчихсэн. “Танай нам удахгүй байхгүй болно. Дарга нар чинь байхгүй. Удахгүй Н.Энхбаяр чинь шоронд явна. Засгийн газраас танайхныг гаргачихна” гэх мэт мессэжийг өгч байна. МАХН-ын жирийн гишүүд дээр ажиллаад эхэлчихсэн байна лээ. Өнгөрөгч онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН бие даан оролцож АН-ыг ялахад маш их үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс анх байгуулсан эвслээ сайн аваад яваасай гэж бодож байгаа юм. Энэ эвсэл анхнаасаа зөв байгуулагдсан эвсэл гэж боддог. Юмыг эвдлээ гэхэд дахин сайжирч гардаггүй гэдгийг бид өнгөрөгч парламентаас харсан. Одоо байгаагаа бид зөв залаад авч явах ёстой. Түүнээс биш хор найруулдаг үе дууссан. Би МАН, МАХН, АН-ын лидерүүдийн хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Хэн нь яаж тоглож байгааг мэдэрч байгаа. Тиймээс өнөөдрийн өндөрлөгт аваачсан ард түмний итгэл, төр улсаараа тоглочихгүй байх аа гэдэгт итгэлтэй яваа." хэмээжээ.


Юутай ч МАХН-ыг "газрын хөрснөөс арчих" МАН-ын үйл ажиллагаа эрчимтэй явагдаж буй бололтой.

С.Сарнай