Эдийн засагт эерэг үр дүн авчрах зорилготой “ЭЗЭН 100” хөтөлбөрийн автор нь яах аргагүй гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг. Өнгөрсөн тавдугаар сарын 9-нд “Ийм ажил эхлүүллээ, эдийн засагт эерэг үр дүн авчирна” хэмээн тоолуураа гүйлгэж эхэлснээс хойш 100 хоног нэгэнт өнгөрөөд байна. Харин монголчууд ам.долларын ханш буурахыг хүлээж, “ЭЗЭН 100”-гийн автор үүнд ямар нэгэн арга хэмжээ авахыг харж суусаар үндсэндээ зун дуусч байна. Буух эзэн буцах хаягтай ажил учраас 100 хоног дуусгавар болохтой зэрэгцэн Н.Алтанхуягаас ам асуух хүн тун ч олон байна. Төрийн бус байгууллага, нам, хөдөлгөөнүүд “ЭЗЭН 100”-гаас ямар үр дүн гарсныг худалч хүнд бараг өдөр бүр шаардаж, Ерөнхий сайдаас ам асууж байна. Засгийн газраас яаралтай батлуулах даалгавартай оруулж ирж байсан атлаа өнөөдөр хугацаа дуусчихаад байхад ган дуугүй суугааг нь ч буруутгах хүн олон бий. Ийнхүү тал бүрийн шахаанд орсон Ерөнхий сайд зуны турш нүдэн балай чихэн дүлий явсан ч ойрын өдрүүдэд эрхгүй сандарч эхлээд байгаа сурагтай. Хоёр хөршийн төрийн тэргүүний өндөр, дээд хэмжээний айлчлал болох гэж байхад “ЭЗЭН 100”-гаа тайлагна, энэ ажил яг юу болсон юм бэ” гэх асуулга эрхэм сайдад өдөр алгасахгүй ирж байгаа гэнэ. Ийнхүү чухал айлчлалын өмнө “ЭЗЭН 100”-гаас болж, нийгэмд нэр хүнд нь унаад зогсохгүй дуртай нэгэнд нь амаа асуулгаж байгаад бачимдсандаа эрхэм сайд яам, агентлагуудаа дарамталж эхэлсэн гэнэ шүү. Гэхдээ хэн нэгнийг халсан эсвэл гадуур гарч байгаа сөрөг мэдээллийг устгуулахыг үүрэгдсэн гэвэл өрөөсгөл. Харин тэрбээр яам, Тамгын газар, Засгийн газрын агентлагуудыг “Дор бүрнээ хөдөлгөөнтэй байж, ямар нэг ажлаа олонд тайлагнаж, Засгийн газраас өгсөн чигийн дагуу хийж гүйцэтгэлээ гэх мессеж түгээ” гэсэн агуулгатай даагаврыг өгч эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, 100 хоногийн хугацаанд ийм ажил хийлээ хэмээн оройтоод ч болов тайлан тавихад “Намайг хэлэх үгтэй байлгаатах” хэмээн зандарсан сурагтай. Тиймдээ ч энэ долоо хоногоос эхлэн төрийн байгууллагууд амь орж, гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээр дор бүрнээ хичээж эхэлжээ. Үүний илрэл нь өчигдөр л гэхэд төрийн гурван байгууллага хийсэн ажлаа хэлж тайлагнасан явдал. Мэдээж эхний ажил нь энэ Засгийн газрын автор болсон иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилго бүхий хөтөлбөр буюу “Буянт-Ухаа хороолол”-ын ажил. Тодруулбал, “Буянт-Ухаа хорооллынхон түл- хүүрээ гардлаа” гэх мэдээлэл өчигдөр бараг бүх мэдээллийн хэрэгслээр тархсан. Хэрвээ та санаж байгаа бол “Барилгын ажил дууслаа, одоо иргэд ороход бэлэн” хэмээн Н.Алтанхуяг сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард тууз хайчлан, телевизийн камерын өмнө “Шинэчлэлийн Засгийн газар ийм ажил хийж чадлаа” хэмээж зогссон. Гэтэл ийнхүү дахин түлхүүр гардуулах ёслол гээчийг сэдэн хийж байгаа нь гүйцэтгэх засаглалын тэргүүний даалгаврыг гүйцэлдүүлэхийн тулд “Хүчээр зохиосон арга хэмжээ” гэнэ. ТОСК- ынхан хамгийн түрүүнд ийнхүү Ерөнхий сайдынхаа өгсөн үүргийг дуулгавартайгаар биелүүлсэн агентлагаар тодорч чадлаа. Харин дараагийн чих зөөлөнтэй сайдаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханыг нэрлэж болно. Учир нь тэрбээр Ерөнхий сайдынхаа нүүрийг улайлгаж, хийсэн ажил хэлэх үггүй байлгахгүйн тулд мөн л өчигдөр барилгын материалын “Дорнын цас” хэмээх үйлдвэрийн нээлтийн ажиллагааг зохион байгуулав. Ингэхдээ Н.Алтанхуяг сайдтайгаа хамт очиж, “дуртай” ажлыг нь хийлгэсэн бөгөөд үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд Н.Алтаннхуяг сайдыг үг хэлүүлээд амжлаа. Ийнхүү нэг ч болов ажлаар Н.Алтанхуягийн нүүрийг мөн л түрүүлж тахалсан сайдаар Ц.Баярсайханыг нэрлэж байгаа бол түүний араас Н.Гантөмөр сайд эрэмбэлэгдлээ. Тодруулбал, тэрбээр салбартаа ганц ч болов ажил хийсэн гэдгээ хэвлэлийн албаараа дамжуулан зарласан юм. Өөрөөр хэлбэл, “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо” гэх мэдээллийг БШУЯ- наас хэвлэл, мэдээллийнхэнд тарааж, салбар зүгээр суугаагүйг сануулсан. Угтаа тус цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусаагүй бөгөөд хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу ирэх сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийх юм байна. Гэвч ийнхүү түрүүлж мэдээгээ тарааж байгаа нь Н.Гантөмөр сайд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үгэнд тун дуулгавартай орж байгаагийн нэг илрэл гэж ойлгож болохоор байна. Үнэн хэрэгтээ Н.Алтанхуягийн шахаас аль ч яам, агентлагт дарамт болж байгаа бөгөөд ямар нэг ажил хийсэн болж харагдах гэж багагүй тэвдэж байгаа сураг чих дэлсч байна. Товчхондоо, төрийн байгууллагууд ажилтай, амьтай байгаа нь Засгийн газрын тэргүүний ажилд шууд утгаараа нөлөөлөх учраас өөрөө дорвитой ажил сэдэж хийхгүй байгаа ч доод байгууллагуудаа хөдөлгөөнтэй байхыг үүрэгдээд байгаа юм байна. Ямартай ч энэ мэтчилэн Н.Алтанхуяг сайдын өгсөн үүрэг салбар бүрт тодорхой хэмжээгээр хэрэгжиж, яам агентлагууд хөдөлгөөнд орж эхэллээ. Цаашид ямар яам, агентлаг ажлаа тайлагнаж, Ерөнхий сайдаа хэлэх үгтэй болгох их үйлсэд хувь нэмэр оруулахыг харж л сууя.
 

М.Өнөржаргал