Дашер: Уран зохиол, уран зураг хоёр хийсвэрлэлд захирагддаг учраас зохиогдох үндэслэл нь ижил юм
2014/08/24
Зочныг маань Аюушийн Дашхуяг гэдэг. Уран бүтээлчийнх нь хувьд хүмүүс Дашер гэдэг нэрээр нь илүү таних болов уу. 1996 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг уран дархан, 1998 онд СУИС-ийг зураач мэргэжлээр төгсгөсөн тэрээр 2008 оноос хойш уран зохиол бичихээр сонирхон, зургийн зотон, бичгийн цаас хоёрыг хоршуулж иржээ.
Авъяасын “хос морьтой” уран бүтээлчийн Холливүүдын болон спортын, дэлхийн одуудыг монгол хувилбарт оруулан дүрсэлсэн зургуудтай үзэсгэлэн одоо Америкт аялж, 8 дугаар сарын 1-нээс Виржиния мужийн Коолий галлерэйд тавигдсан бол 8-р сарын сүүлчээс эхлэн Жорж Вашингтоны Их сургууль руу шилжин дэлгэгдэх аж. Үүнтэй зэрэгцэн Монголд Төрийн ордны түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд маргааш буюу 8-р сарын 26-ны өдөр уран бүтээлчийн шилэгдмэл бүтээлүүдээс бүрдсэн “Чингис хаан-Газарт бас Тэнгэрт” үзэсгэлэн нээгдэх гэж байна. Дэлхийн бөмбөрцгийн хоёр талд үзэсгэлэнгээ гаргаж буй уран бүтээлчийн ухааны ур, уран бүтээлч ертөнцөөр аяллаа.
-Таны зургуудыг харахад голдуу монгол ахуй, монгол өнгө аяс байх хэрнээ гадны одод, өрнийн эд зүйлс нэг зурагт холилдсон байх нь сонирхолтой санагдлаа. Зургийн төрөлдөө байна уу, эсвэл таны онцлог уу?
-Би амьд бурхдаас зуун мянган жилд ч нэр нь үл балартах Чингис хааныг, хүн төрөлтнүүдийн дотроос өвгөн буурал аавыгаа, мэргэшил нэгт зураачдын дундаас сюрреализмийн сонгодог төлөөлөгч Сальвадор Далиг, харин аялгуу хөгөөрөө уран яруу ертөнцөд умбуулдаг хөгжмийнхнөөс “Металлика” хамтлагийг шүтдэг. Энэ бүхний нийлбэрээс намайг ямар дур сонирхолтой, юуг таашааж үздэг хүн болохыг мэдрэх болов уу. Зурдаг төрөл гэвэл, би хар багаасаа сюрреализмд уусч ирсэн. СУИС-д сурч байхдаа Лхагвасүрэн багшийнхаа үзүүлсэн Далигийн жижигхэн номыг эргүүлээд л түүн шиг болохыг мөрөөдөж, алхам тутамдаа судалж, утга санаа хэллэгийг нь өөртөө суулгахыг оролддог болсон. Гэхдээ яаж хүслээр минь болох вэ дээ. Бид чинь өөр өөр цаг үе, орон зайд амьдарч байгаа юм чинь. Сюрреализм нь арга барил, агуулгын хувьд дотроо гүн ухаан, онол, хийсвэрлэл, бодит байдал зэрэг маш олон зүйлийг нэг дор агуулж чаддаг онцлогтой. Тиймээс миний зурах чадварт төдийгүй, сэтгэх чадамжинд нөлөөлсөн гэж боддог.
Харин одоо сюрреализм таалагддаг гээд түүнийг дуурайх албагүй гэж дүгнэдэг болсон. Гадна дотно явж олон зүйл үзэж харж, удаан судласны эцэст түүн доторх үзэл санаанд юу дүрслэх гээд байгаа нь биш ямар зүйлийг сэтгэж хэлэх гээд байгаа нь чухал юм байна гэдэг мөн чанарыг нь ойлгосон. Тиймээс их сургуулиа төгсөөд монгол зураг руу өнгийж, олон урсгал измүүдээр дамжин зугаалсан. Одоо бол би аль ч измд хамаарагдахгүйгээр, жинхэнэ Монголын шинэ дүр төрхийг бүтээмээр байна. Үүний тулд монгол ахуйн онцлогийг сонгодог хэлбэрт оруулан, гадныхныг дүрсэлж чадна гэдгээ үзүүлж, мөнгө, цаг хугацаа, хэцүү бэрхийг умартан хөдөлмөрлөж байна.
-Бүтээлүүдээс тань Их хааны цуврал зургууд яах аргагүй онцгойрч байна. Таны хэдэн жилийн хөдөлмөр вэ?
-Их хааны маань энэ хөрөг яг ч цуврал бүтээл биш л дээ. Нэгэн цагт дэлхийг мориныхоо туурайгаар тамгалж байсан эзэн дээдсээ зурах гэж европ арга барилаар, ази монгол зургийн аргаар өчнөөн удаа туршиж үзсэн. Морьтой морьгүй, суугаа босоо олон талаас нь харуулахыг оролдсон учраас олон жилийн маань хөдөлмөрийн үр дүнд уг зураг бий болсон. Мөн сурч судалсан бүхний минь илрэл бөгөөд өмнөх зургуудаас минь илүү болж чадсан гэдэгт ч итгэлтэй байна. Яагаад гэвэл монголчууд бидэнд Чингис хааны маань дүр төрх тун цөөхөн байдаг. Бид Тайваньд байдаг монгол зургийн аргаар бүтсэн цээж хөргөөр нь түүнийг төсөөлдөг болохоос, морин дэл дээрх хааны хөргийг бүтээсэн нь ховор. Тийм учраас морио хүлэглэн бидний өөдөөс ирж яваа хааны хөрөг агуу үйл хэрэг, дотоод мөн чанар, байр байдал, шинж төрхийг нь бүрэн илэрхийлж чадсан болов уу.
-Танд зураач, зохиолч хэмээх алдарын аль нь илүү ойр вэ?
-Шинэ боломжуудыг нээн, үр дүнг нь дэлгэн үзүүлэхийг урлаг гэдэг. Хэрвээ би жинхэнэ уран бүтээлч мөн бол урлагийн их уурхай дахь нэгэн монгол хайгуулч гэсэн үг. Боломжийг эрэлхийлэгч болж төрсөн бол салбар төрөлд ангилагдах албагүй. Бодож олсон санаагаа төгөлдөржүүлэхийн төлөө чадах бүхнээ зориулах ёстой. Тиймээс уран бүтээлч гэвэл арай ойр тусах болов уу.
Уран зураг болон уран зохиолын аль аль нь хийсвэрлэлд захирагддаг учраас зохиогдох үндэслэл нь ижил юм. Нүдэн дотор бүрэн хэмжээгээрээ төсөөлөгдөж байж л сая ил гардаг. Нэг нь хэлхээ үгсээр тэтгэгдэн цаасан дээр амилдаг бол нөгөө нь бийр будгаар онилогдон тодордог. Энэ хоёрыг давхар оролдоод үзэхэд нэг нэгээсээ эерэг тусгал авах давуу талтай. Зураач хүний нүдээр уран зохиолын дүр илүү товойн баяжиж, харин зохиолчийн санаагаар зургийн зохиомж, хэллэгт өвөрмөц шинж бүрдэнэ. Үүнийг би “Газарт бас тэнгэрт” романдаа тодорхой дүрсэлсэн ба уг хоёр мэргэжлийн зорилго нэг гэдгийг тайлбарласан байгаа.
-Сонирхолтой сэдэв байна. Дээрх зохиолынхоо талаар яриач?
-Би тус романдаа зураач хүн гэж хэн болохыг үзүүлэхийг хичээсэн. Урлагийн ертөнцийн агуу цар хүрээг мэдрүүлэхийн тулд гол дүрүүдээ Шон болон Кэмбирли гэж нэрлэн, үйл явдлуудыг нь Өрнөдөд өрнүүлсэн. Хэрвээ монгол зохиогч зөвхөн Монголынхоо тухай бичих ёстой гэвэл, романы маань гол санаа төгс гарч чадахгүй байсан болохоор ийм шийдэлд хүрэхээс өөр арга байгаагүй. Жинхэнэ урлагийг ойлгох нь бага, уран бүтээл үнэ цэнэд хүрэх магадлал маруухантай газарт хүний гараар бүтсэн гайхамшиг, агуу амжилт гэсэн үгс уялдахгүй л дээ. Мөн мэргэжлийнхээ туршлагад тулгуурлан зарим асуултанд хариу өгч, өөр нэгэнд нь няцаалт хийхийг хүссэн юм. Жишээлбэл, зураач хүн гэдэг нь нимгэн цагаан царайтай, туялзсан бие хаатай, гялалзсан алаг нүдтэй, Мянгуужингийнх шиг ширвээ хар сахалтай, савхан нарийн гар хуруутай байх юм гэж хүмүүс ойлгон хүлээдэг. Тэгвэл амьдрал дээр мундаг зураачид ихэнхдээ тийм байгаагүй. Байх ч шаардлагагүй гэдгийг номноос минь мэдэж болно. Өнгөрсөн зууны алдарт зураач Пабло Пикассо зураг зурахын тулд боксоор хичээллэн биеэ чийрэгжүүлж, дуулиант Ван Гог царай муутайдаа гутран чихээ огтолж байсан шүү дээ.
-“Арван гуравдугаар зуунд” цувралын эхний боть “Нүд ирмэхийн зуур амь егүүтгэгч” роман Өрнөдийн хэллэгээр бичигдсэнээрээ онцлог, бас алхам тутамдаа монгол цустнууд агуу юм шүү гэдгийг шууд биш ч алсуур суулгаж өгсөн санагдсан.
-“Арван гуравдугаар зуунд” цувралыг олон жил бодсон. Чингис хаан болон Зэв, Сүбээдэй жанждын суут намтруудыг тусгах болгондоо ямар дүр төрх, зан ааштай хүмүүс байсан бол, хэрхэн агт морьдоо хүлэглэж, бусдыг үлгэрлэн удирддаг байсныг өөрийнхөөрөө таамаглан төсөөлдөг байлаа. Судалгаа шинжилгээгээр илэрсэн тухайн үеийн амьдралын нөхцөлтэй бодсоноо харьцуулж ерөнхий чиг баримжаатай болсон. Үүнээс улбаалан роман бичих санаа төрсөн байх.
Гэхдээ тэдгээр агуу хүмүүсийг “Нууц товчоонд” хадгалагдаж үлдсэнээр нь бичихийг хүсээгүй. Гучин ангит “Чингис хаан” кино хэдийгээр шилдэг болсон ч Өрнөдийнхний анхаарлыг татаж чадаагүй шүү дээ. Тэгэхээр агуу гүрний давтагдашгүй онцлогийг гүйцэд дэлгээгүй байж таарна. Тиймээс л цуврал романаа өөр өнцгөөс харж бичихээр шийдсэн. Өрнөдийн хэллэгийг суут өвгөдтэйгөө холбох шинэлэг боломжийг хайсан.
Эхний дэвтэр болох “Нүд ирмэхийн зуур амь егүүтгэгч” романд нэгэн нууцлаг зэвсэгийн тухай өгүүлдэг юм. Зохиолынхоо агуулга, цар хэмжээг нэмэгдүүлэхийн тулд гол дүрүүдийг нь Харвардын оюутнуудаар сонгож, санаанд оромгүй ер бусын тохиолдлоор нүүдэлчин байлдан дагуулагчид дээр хүргэж өгсөн. Зохиол маань Монголын эзэнт гүрний морьт цэргийн гайхамшигт чадвар, Чингис хааны суу билиг ухааныг өнөө болон хойч үеийн залууст энгийнээр таниулах, мөн тэсвэр тэвчээр, хөдөлмөрч занг мэдрүүлэх зорилготой юм. Үүнийг тодотгож зохиолоо хүчтэй болгохын тулд Дундад зууны алдарт зураач, эрдэмтэн Леонардо да Винчид тохиолдсон явдлаар энэ дэвтрээ чимэглэн эхлүүлсэн. Уг роман маань цаашид дөрвөн боть болон үргэлжилнэ.
-Монгол омогшил, зохиолоо дэлхий дахинаа хүргэх холч хараа тань юу байсан бэ?
-Ер нь зохиолыг бичихдээ аль ч талаас нь харж, ямар ч хэллэгт оруулж болно гэж боддог. Гэхдээ зорилгыг нь урьдчилан тооцоолж, хэнд хүргэх гэж буйгаа бодолцож үзэх ёстой хэмээн санадаг. Тэгэхээр “Арвангуравдугаар зуунд” зохиолын маань хувьд Монголчуудын гайхамшигт түүх , агуу амжилтыг бид өөрсдөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас бусад үндэстнүүдийн нүдээр үүнийг бичих ёстой гэж үзсэн. Тэгвэл бидний суут өвөг дээдэс зохиолд маань улам тод томруун бууж, бусдыг алмайруулж чадна. Мөн өнөөгийн ертөнцийн хөгжлийн анхны алхамуудыг Чингисийн эзэнт гүрэн хийсэн гэдгийг ирээдүйн хүн болгонд мэдүүлнэ гэж тооцсон. Тухайлбал анхы эрх тэгш хуульт ёс, дайны зохион байгуулалттай урлаг, галт зэвсэг, буухиа шуудан, мөнгөн дэвсгэрт гээд магтахёстой зүйл барагдахгүй их.
Би эхнийхээ “Ялан дийлэхийн хүслэн” романдаа монгол хүн, монгол адууг магтан дуулж, урьд нь дуулдаж байгаагүй амжилтанд хүрч буйгаар хийсвэрлэсэн. Уншсан хүн бүрийн санаанд нийцсэн гэдгийг дуулахад таатай байдаг. Олон хүмүүс урмын үгээр мялаадаг шүү. Ер нь би өөрөө монгол цустан болоод ч тэр үү, саад бэрхшээлийг даван туулж санасандаа хүрч буй эсвэл хүч чадал, бахархам омогшилтой монгол дүрийг бичихээр зүрх лугшаад, хамар шархиран, нулимс аяндаа гардаг юм. Зохиолынхоо гүнд хэт орсноос үүдэлтэй байх л даа. Уншигчдад маань ч гэсэн тэгж хүрдэг бол сайхан хэрэг хэмээн үргэлж мөрөөддөг.
-Танд анхны номоо бичихэд бичих туршлага огт байгаагүй гэж байсан. Онгодыг тань юу хөглөж ном бичихэд хөтлөсөн хэрэг вэ?
-Миний хамгийн их сонирхон унших дуртай зүйлсийн нэг бол хөдөлмөрч хүмүүсийн намтар. Тэр тусмаа зураачдын амьдралын түүхийг боломжийн хэмжээнд судалсан гэж боддог. Италийн алдарт зураач эрдэмтэн Леонардо Да Винчигийн өвөрмөц амьдрал үргэлж сонирхлыг минь татдаг байлаа. Нэг өглөө гар бууны анхны хувилбарыг зурсан гэх түүний түүхийг, анхны галт зэвсгийг Европт хэрэглэсэн монголчуудын домогт түүхтэй холбож болмоор санагдаад цээжин доторх гижиг маань тэсэхийн аргагүй хүрсэн юм. Тэгээд л Да Винчигийн тухай олон зузаан ном эргүүлж, бичиж эхэлсэн. Эхэндээ амаргүй юм шиг санагдаж байсан ч, хүн хичээвэл юуг ч хийж чадна шүү дээ. Хүргэн ахын маань зөвлөгөө, урмын үг их тус болсон. Удалгүй удаах зохиол болох“Ялан дийлэхийн хүслэн” сэтгэлд бууж, агуу зураачаас улбаатай “Арвангуравдугаар зуунд” зохиолоос маань түрүүлж хэвлэгдсэн.
-Хийсвэрлэл, зөгнөлт жигтэй сэтгэхүйг таньд юу бий болгож өгдөг вэ?
-Хүн бүхэн л өдөр тутамдаа ирээдүйгээ мөрөөдөн төлөвлөдөг шиг ердийнхөөр хийсвэрлэн зөгнөж чаддаг. Харин урнаар хийсвэрлэнэ гээд шанаагаа тулан өдөржингөө суувал олигтой зүйл болохгүй. Үүний тулд өргөн мэдлэг, үзэж харсан зүйл ихтэй байх шаардлагатай. Аливааг хэдий чинээ цар хүрээтэй харж чадна төдий чинээ уран зөгнөл хийсвэрлэл ихэснэ гэсэн үг. Гүн гүнзгийгээр хийсвэрлэхийн тулд гүн гүнзгийгээр хүсэх хэрэгтэй . Хүсэл чинь аажмаар урган янз бүрийн хэлбэр бүтэцтэй болж, өвөрмөц сонин орчин бүрдүүлнэ.
Зураач хүн болоод ч тэр үү, хүмүүсийн байр байдлыг гярхай ажиглан донж төрх, зан аашийг нь толгойдоо хадгалж чаддаг. Тэр нь дүр бүтээхэд тус болдог тал бий. БЖ хэмээх найз маань өнөө үеийн Монголын толгой дархчуудын нэг. Их өвөрмөц залуу л даа. Түүнийг хоёр ч зохиолынхоо дүрүүдэд шингээсэн байгаа.
Дараагийн зохиолоо бичиж эхэлсэн үү. Шинэ сонирхолтой зохиолын ямар санаа буцалж байгаа бол?
-Одоо “Арван гуравдугаар зуунд” цувралынхаа хоёрдугаар дэвтэр “Үл үзэгдэн хоморгологч бяцхан нөлөө” гэдгийг бичиж сууна. Суут физикч Альберт Эйнштейнээр цоож цуургыг нь түлхүүрдүүлж, нууцлаг эхлэлийг нь тавиулна. Монгол баатруудын байлдахдаа хэрэглэдэг байсан овжин аргууд их эрдэмтний гайхамшигт нээлтүүдэд хэрхэн нөлөөлснийг сийрүүлнэ. Тиймээс уншиж судлах зүйл ихтэй, бичиж байна. Эрдэм шинжилгээний ажил миний мэргэжлээс тэс ондоо хэтийдсэн зүйл болохоор маш сайн судлах хэрэгтэй.
Намайг ер нь романаар өвчилсөн гэж хэлж болно л доо. Шүлэг, өгүүллэг, тууж зэргийн хэмжээ нь дэндүү жижиг мэт санагдан, төсөөлсөн сэдэв маань бүрэн дүүрэн гарч чадахгүй юм шиг бодогддог. Сүүлийн үед толгойд буух шинэлэг санаанууд нэг номонд ч багтахааргүй мэтээр тооцоологдож, цуврал хэлбэрээр өрнүүлэн төсөөлдөг болсон.
-Та зураач, зохиолчоос гадна ямар уран бүтээл хийдэг вэ?
-Толгой дотроо байнга л янз бүрийн юм зураглаж байдаг. Дуу хөгжим ч хийх санаа төрдөг. Европ хөгжмийг маш сайн Монголын үндэсний хөгжимтэй хольж сонгодог байдалд хүргэж болох мэт бодогддог. Тэгэхдээ одоогийн залуусын хийж буй шиг биш. Европ чиглэлээ тун сайн мэдэрч мэдэж, нөгөө тийш нь ганхуулах. Тэгвэл давдагдашгүй төрөл бий болж болох нүх сүв мэдрэгддэг. Гэхдээ түүнийг би барахгүй шүү дээ. Одоогийн байдлаар дарх хийгээгүй. Баримлын төрлөөр ганц нэг зүйлд анхаарлаа хандуулж байгаа.
-Нэг уран бүтээлч хүн хичнээн ч төрөлд өөрийгөө сорьж болдгийг харахад урлаг нь мэдрэмж гэдэг ганцхан хэлтэй болохоор тэр юм болов уу гэж бодогдож байна. Энэ тал дээр таны бодол?
-Энэ асуултанд би сайн хариулж мэдэхгүй юм. Хүний тархины бүтцийг судалдаг эрдэмтэн яг оносон хариултыг тань өгч чадахсан болов уу. Би зөвхөн өөрийн хийхийг хүсч буй зүйлийг биелүүлэхийн төлөө явдаг. Энэ санаатай маань миний Монгол цус хамт байдаг. Хийхээр төлөвлөж буй зүйлүүдэд маань амьдралын минь цаг хугацаа хүрэхгүй мэт бодогддог. Гэхдээ би байшин барилга барих, бизнес хийхийг огт хүсдэггүй. Яагаад гэвэл дэлхий дээрх хамгийн өндөр, хамгийн үнэтэй барилгууд нийлээд ч Леонардо Да Винчигийн Мона Лиза гэдэг ганц зургийн үнэ цэнэд хүрэхгүй шүү дээ.
-Танд хамгийн их эрч хүч, урам зориг өгдөг зүйл юу вэ?
-Энэ асуултыг чинь хоббитой холбон ойлгоод хариулъя. Нөхцлийг бүрүүлж байгаад хийсвэр бодолд автахаас илүү таашаалтай зүйл дэлхий дээр байхгүй гэдэгт итгэлтэй байна. Жишээлбэл, шүршүүрт орж байхдаа Лас Вегас, Парис, Нью Йорк гээд урлагийн төв болсон хотуудад том хэмжээний бие даасан үзэсгэлэнгээ гаргах тухай бодож болно. Уг мөрөөдөлд хүрэх арга замуудыг санаандаа хайж нягтлаад, хэрвээ боломжтой юм шиг төсөөлөгдвөл, дээд зэргийн эрч хүч, урам зоригийг мэдэрнэ гэсэн үг. Уснаас гарах үед бие хөнгөрөөд, өөдрөг үзэлтэй болсон байдаг.
-Та өөрийн уран бүтээл, авъяастайгаа харьцуулашгүй нуугдмал, олны өмнө ил гардаггүй хүн шиг санагдлаа?
-Өөрийн хийснийг олонд толилуулахын тулд эхлээд сайн зүйл хийх шаардлагатай гэж боддог. Түүнийхээ дараа л бариад ийш тийшээ гүйх хэрэгтэй юм болов уу. Гэхдээ тултал нь төгс төгөлдрийг бүтээнэ гэвэл хүний нэг насны амьдрал хүрэлцэхгүй байх л даа. Тэгэхээр аль алийг нь хослуулах шаардлагатай юм шиг байна.
-Ярилцсанд баярлалаа.
/Уран бүтээлчийн Төрийн ордны үзэсгэлэнгийн танхимд нээгдсэн “Чингис хаан-Тэнгэрт бас Газарт” үзэсгэлэн 9-р сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тул та бүхнийг зочлохыг урьж байна/
Ц.Бадмаараг
баагий · 2014/08/25
Сонирхолтой л хүн байна