АШУҮИС-ийн дэргэд эмнэлэг байгуулна
2014/08/25
Анагаахын сургуулийн дэргэд сургалтын лаборатори биш бүрэн хэмжээнийн эмнэлэг байгуулахаар болжээ.
Өдийг хүртэл их, дээд сургуулийн боловсрол онол, практикийг нягт уялдуулж чадаагүйгээс чадварлаг боловсон хүчин бүрдүүлж чадахгүй байна гэж шүүмжлэлд өртдөг хэвээр. Их, дээд сургуульд номын дуу сонссон төгсөгчид ажлын байран дээр гарахад туршлагагүй гэж гологддог, нөгөө талдаа ажил олгогч шинэ боловсон хүчнийг заавал дадлагажуулах шаардлага гардаг. Анагаах ухааны салбар хүний эрүүл мэндийн манаанд зогсч, маш их хариуцлага хүлээдэг учраас дээрх асуудал хурцаар тавигдсаар ирсэн.
Тэгвэл энэ салбарт хүчин зүтгэх эмч, эмнэлгийн ажилтанг шууд дэргэдээ бэлтгэх, дадлагажуулах их сургуулийн гэсэн статустай эмнэлэгтэй болох нь. Энэхүү том ажлыг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэх болсон талаар (АШУҮИС)-ийн захирал Г.Батбаатар дуулгалаа. Их сургуулийн эмнэлэг байгуулах төслийг "JICA" олон улсын байгууллагатай хамтран боловсруулж, 2015 оноос хэрэгжүүлж эхлэн 2017 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн байна. Энэ нь гуравдугаар шатлалын эмнэлэг бөгөөд ашиглалтанд орсноор эмнэлзүйн хичээлийн чанар эрс дээшилж, эрүүл мэндийн салбарт шинэ оношлогоо, эмчилгээний технологи нэвтрэх боломжтой болох аж.
Одоогоор эмнэлэг барих өртгийг тодорхойлох боломжгүй байгаа ч шаардлагатай санхүүжилтийг дээр хэлсэнчлэн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийх юм. Баянзүрх дүүрэгт барих энэ эмнэлэг ашиглалтад орсноор 200 хүнийг ажлын байраар хангах боломж бүрдэнэ. Ийнхүү анагаахын оюутнууд харьяаны эмнэлэгтэй болж, хамгийн гол нь судалгаа, шинжилгээг орчин үеийн техник, технологийн шаардлага хангасан орчинд хийх нь.
Х.Даваа