Шинэчлэлийн Засгийн газар хэмээх айл гал голомтоо бадраагаад гурван намартайгаа золгож байна. Хүүхдээр бол хэл, хөлд ороод аав, ээжийнхээ гараас гарчихсан байх учиртай.

Гэтэл хормой хотноос нь зууралдсан, хөл дээрээ ч тогтож чадахгүй яваа гэлцэх нь бий. Арга ч үгүй биз дээ. Тэд хүүхдээ өнгөтэй, өөдтэй явуулах асуудлыг бодолгүй толгойд нь баахан шинэчлэл гэдэг үг чихэж өгснөөр өнөөдрийн арчаагүй байдалд хүрчихсэн гэдэг. Үүнээс ялгаагүй мөнгөний бараа чимээ сураг алдрахаар “ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжүүлж, мундаг гэгч нь болгоно гэж сайрхсанаар өөрсдийнхөө хөлийг ороох зүйл хийсэн юм. Үүнээсээ болж хөл дээрээ тогтож чадахгүй болоод байгааг монголчууд бултаараа харж байгаа. Мөн гадаадынхан ОХУ, Хятадын төрийн тэргүүнүүд айлчлаад юу л болоод байна гэж соргогоор гэгч нь харж суугаа. 
  

Харин эрх баригч хүчинд Монголын эдийн засагт улаан гэрэл аслаа гэдгийг УИХ дахь МАН-ын бүлэг сануулснаар “ЭЗЭН-100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Харин 100 хоногийн тоолуур явж эхлээд хэдийнэ дуусгавар болсон ч эрх баригчид хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхгүй, айлчлалаар түрий барьж хойшуулаад байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт засаг “ЭЗЭН-100” зорилтот ажлын тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Тиймээс энэ долоо хоногт УИХ-ын гишүүд, намын бүлгүүдэд хүргүүлэхээр болжээ. Гэхдээ “ЭЗЭН-100” хөтөлбөр үнэхээр хэрэгжиж чадсан уу гэдэг эргэлзээтэй. Тиймээс эрх баригч хүчнийхээ далайлт, магадгүй бусдын амаар юу ч гэж хэлүүлж болдгийнхоо жишгээр цаасан дээр сайхан амлалт бичсэн нь тодорхой биз. Магадгүй намуудаас дүн гуйж байгааг ч үгүйсгэхгүй. 
 

Б.БӨРТЭ