Салгасан яамдыг нэгтгэх үү
2014/09/11
Таамаглал үргэлжилж байна. Шинэчлэлийн Засгийн газрын 19 сайдаас хэн хэнийг өөрчл өх тухай хэвлэлээр өрнөж буй таамаглалууд үндсэндээ нэгдэж байна.
Үүнээс гадна Ерөнхий сайд Н.Алтанхуяг танхимынхаа бүтцийг хэрхэн өөрчлөх бол гэсэн хүлээлт бий. 2008-2012 оны Засгийн газар 11 яам, 15 сайдтай байсан. Одоогийн Засгийн газар 16 яам, 19 сайдтай. Түүхэндээ хамгийн данхар бүтэцтэй гүйцэтгэх засаглал. Тэгвэл илүү эрч хүчтэй, сайн ажиллахын тулд Н.Алтанхуяг данхар бүтцээ ядаж 30-40 хувиар цомхтгох болов уу гэж олон нийт харж байна. Хэнийг сольж, аль яамыг яаж нэгтгэн цөөлөх тухай Ерөнхий сайд одоохондоо ам алдахгүй байгаа. Тэр олон толгойтой фракцуудынхаа эхийг эцээж, тугалыг тураахгүй байх “дундаж” хувилбар бодон толгойгоо гашилгаж суугаа нь мэдээж. Гэхдээ өмнөх Засгийн газруудын бүтэц, иргэдийн шүүмжлэл, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал гэх мэт олон хувилбарыг тунгаах учиртай. Юутай ч үнэнд илүү дөхөх хувилбаруудыг таамаглах гээд үзье.
2008 оны бүтцийг хоёр салгаж данхайлгасан алдаагаа Ерөнхий сайд юуны өмнө эргэн харах болов уу. Өнг өрс өн хоёр жилийн турш салбарт нь ахиц гараагүй, олон нийтээс дэмжлэг хүлээж чадаагүй, хамгийн их шүүмжлүүлсэн, огцруулах эсэхийг нь УИХ-аар хэлэлцээд амжсан сайд нар голдуу “хуваасан” яамыг тэргүүлж буй нь анхаарал татна. Нэг ёсондоо фракцууддаа “бялуу” хуваах зарчмаар бий болгосон данхар бүтэц өгөөжөө өгөхгүйг харуулж буй юм. Тэгэхээр цомхтголд зүй ёсоор өртөх эхний яам нь Эдийн засгийн хөгжлийн яам. МҮДН фракцын төлөөлөл, насаараа Сангийн сайд болохыг мөрөөдс өн гишүүн Н.Батбаярт нам нь Эдийн засгийн хөгжлийн яам байгуулан өгч, “эрхлүүлсэн”. Мөрөөдлийг нь биелүүлж өгсний хариуд тэр харин сайн ажиллаж чадсангүй. Эдийн засгийн нөхцөл байдал муудсаны хариуцлагыг үүрэх ёстой хүний нэг нь тэр. Тиймээс явах сайд нарын жагсаалтын тэргүүнд байгаа юм. Нэгэнт улс орны санхүүг хариуцсан, үндсэн чиг үүргийн Сангийн яам байсаар атал ижил үүрэгтэй өөр нэг ерөнхий чиг үүргийн яамны хэрэг үгүй. Үүнийг анхнаас нь шүүмжилж байсан учраас Эдийн засгийн хөгжлийн яам Н.Батбаяртайгаа хамт түүхэнд бичигдэх биз. ЭЗХЯ-ыг Сангийн яамтай нэгтгэнэ гэсэн үг. Улсын төсвийн орлогын гол хувийг бүрдүүлдэг эрдэс баялгийн салбарыг хариуцсан Д.Ганхуяг сайд ч бас хангалттай ажиллахгүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч, эдийн засаг сөхөрсөн нь Уул уурхайн сайдад ч хамаатай л асуудал. Эдийн засагт жин дардаг чухал салбарыг олигтойхон удирдаж чадахгүй байгаа, гишүүн байхдаа Оюутолгойн гэрээг шүүмжилдэг байсан, үүнийг өөрчилж чадахгүй юм бол огцорно хэмээн сайд болсныхоо дараахан мэдэгдэж явсан нэгэн. Гэхдээ тэр гэрээг өөрчилж чадаагүй, энэ салбарт хөрөнгө оруулалт улам хумигдаж буй учраас “явах” сайд нарын нэг болоод байна. Нэгэнт Уул уурхайн яам гэж тусад нь байгуулаад үр дүн гараагүй учраас хуучнаар нь Эрчим хүчний яамтай нэгтгэж болох юм.
Намын удирдлагуудтайгаа “харшил”- тай МоАХ фракцын тэргүүн Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албыг сайн дураар хүлээлгэн өгч, “дан дээлтэй” үлдсэн. Засгийн газар байгуулахад МоАХ фракцад сайдын хоёр суудал хуваарилсны нөгөөх нь Зам, тээврийн яам. Төмөр зам барих ажил удааширснаас эхлээд энэ салбарын сайд А.Гансүхэд олон өө бий. Тиймээс түүнийг Х.Баттулгын араас явуулна гэх мэдээлэл байгаа. Нэгэнт сайдыг нь цомхтголд оруулж буй учраас яам нь ч хуучин хувилбараараа үлдэх биз. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд ч бас олны дэмжлэг тааруу байгаа. Ажилласан хоёр жилийнхээ бараг талаас илүү хувийг “Батаар”-т зориулсан түүнийг “Т-Батаар сайд” гэж хочлох болсон. Спорт, урлагийн салбараа мэддэггүй гэсэн шүүмжлэл түүнийг байнга дагадаг. Аялал жуулчлалын асуудал спорттой гэхээсээ байгаль орчинтой илүү уялдаатай. Тэгэхээр зарим яамны харьяалах асуудлыг өөр тийш нь шилжүүлэх өөрчлөлт ч бас гарч мэдэх юм. Яамдаа нэгтгэхдээ нэрийг нь яаж өөрчлөхийг одоо таах боломжгүй. Зургаан яамыг гурав болгож, шинээр байгуулснаа татан буулгавал 12 яам үлдэж байна. Үүнийг дагаад дэд сайд нарын тоо ч цөөрнө. Талын нэг тараасан олон яаманд зарцуулж байсан төсвийн зардлыг ч хэмнэнэ. Олон яам, агентлаг шинээр байгуулснаар төрийн албан хаагчийн тоог 30 орчим мянгаар нэмсэн гэх мэдээллийг сөрөг хүчний зүгээс өгдөг. Тэднийг бүгдийг биш юм гэхэд яамд, сайд, дэд сайд, тэдгээрт ажиллаж байсан хүмүүсийн орон тоог цэгцэлбэл багагүй зардал хэмнэх нь мэдээж.
Өөрчлөлт хийж, данхар бүтцээ цөөлөх ёстойгоо ухаарч, түрүүлж алхам хийсэн нь Ерөнхий сайдын зөв байлаа. Бүтцээ цомхтгосныхоо дараа шинэ сайдыг нөхөн томилохдоо УИХ-ын гишүүн бус хүн тавих юм бол Н.Алтанхуягийн нэр хүнд бүр ч өснө. Тэрбээр аль болох УИХ-ын гишүүн бус, “дан дээл”-тэй эрхмүүдийг томилохыг хичээж буй ч өнөөх л эрх ашгийн хуваарилалтдаа ороогдож мэднэ. Гэхдээ энэ бол дараагийн асуудал. Цомхон бүтэцтэй танхим үлдсэн жилүүддээ эрч хүчтэй ажиллаж чадна гэж хүлээе.
С.ТУУЛ