Олон нийтийн сүлжээ болох твиттерт өөрийн үзэл бодлоо илэрхийлэгчид цөөнгүй бий. Тэгвэл сүүлийн үед жиргээ нисгэсэнийхээ төлөө хоригдох болсон гэхэд хилсдэхгүй ээ. Хамгийн сүүлд гэхэд л инженер Ц.Батыг хүн гүтгэсэн гэх үндэслэлээр шүүх анх удаа жиргээнээс болж хүн баривчлах шийдвэр гаргасан. Түүнийг 100 хоног баривчлан саатуулах шийдвэр гаргасан нь олон жиргээчдийн дургүйцлийг хүргээд авсан. Тэр ч бүү хэл талбай дээр жагсаал хийсэн. 

Тодруулбал, Ц.Бат нь цахим сүлжээнд найман сарын хугацаанд шалгасан гэх бөгөөд түүнийг гурван сарын хугацаанд 5000 гаруй удаа А.Гансүхийг  нэр төрд халдаж жиргэсэн гэж үзсэн байх юм. Тухайлбал, "Билэгсайханыг МИАТ-с хөөж явуултал би Гансvx, Женко, АН-ыг баалсаар л байх болно", "МИАТ-г энэ тэнэгээр доромжлуулсаар байхыг зөвшөөрхгүй”, “АТГ өөрийгөө шалгуулсан бvxнийг буруугүй гээд явуулчихдаг юм байх даа. Тийм биш юм бол Билэгсайханыг шалгуулах дуран дээр нь шалз хуйхлаасай” хэмээн жиргэсэн байдаг. 

Тэгвэл саяхан хотын дарга Э.Бат-Үүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Жиргээчдийн үгийг үзэх зав байдаггүй ээ. Туслах маань хааяа надад харуулж л байдаг юм.  Тэгээд галзуурчихсан хүн бас байдаг юм байхдаа гэж бодоод  өнгөрдөг.  Лалын дайчид гээд нүүрээ нуучихсан  хүмүүс явдаг даа. Нүүрнийхээ халхавчны цаанаас юу дуртайгаа ярьж, хийж явдаг хүмүүс. Тэдэнтэй л адил юм уу даа.

Ер нь Баабараас гаралтай нэг буруу ойлголт байдаг юм. Интернэтэд дандаа боловсролтой хүмүүс суудаг гэж. Худлаа шүү дээ. Интернэт бол нийтийн хэрэглээ.  Хэн ч тийшээ орж болдог. Хэн нэгний ажил таалагдахгүй, санаа бодол нийлэхгүй бол тэрийгээ зүгээр хэлчихэж болдоггүй юм уу. Тэгээд интернэтээр баахан хараал урсгасны дараа таашаал авдаг бололтой юм. Тийм өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй.

Бат-үүл үхээсэй гэж өнөөдрийг хүртэл бодож,  залбирдаг хичнээн хүн бий гээч, цаана чинь. Надтай хүндрэл тохиолдоход хоорондоо хундага тулгадаг нөхдүүд байгаа. Тийм учраас би юунд ч доргихоо больчихсон. Ертөнцийн бүх хараалыг овоолоод байгаа хүмүүс чинь галзуу байж таарна биз дээ.

Монголчуудын нэр хүндийг унагаад яваа бүтэхгүй хүмүүсийг Баабар сүгсэлзүүр гэдэг юм. Бидний үед тэднийг лалрууд гэдэг байлаа" гэж ярилцлагадаа дурдсан нь мөн л олон жиргээчдийн уур бухимдлыг хүргэсэн.

Тэгвэл Ц.Батын адил шүүхэд Э.Бат-Үүл дарга дуудагджээ. Ингэхдээ хэн нэгэн сайдын гомдлоор бус жиргээ ашигладаг жирийн нэгэн иргэний гомдлоор шүүхийн ширээний ард суух бололтой.

Иргэн Т.Мөнх-Оргил гэх залуу Э.Бат-Үүлийг Зам тээврийн сайд А.Гансүхийн нэгэн адил “доромжилсон” гэдэг үндэслэлээр шүүхэд өгсөн байна.

Дүүргийн анхан шатын нэгдүгээр шүүхэд гаргасан Т. Мөнх-Оргилийн гомдлыг тодруулбал, “Миний бие нийслэл хотын иргэн бөгөөд интернэт орчинд твиттер хуудас буюу жиргээ ашигладаг болно. Энэ оны есдүгээр сарын 5-ны өдөр Өдрийн сонины 212 дугаарт Хотын дарга Э.Бат Үүл нь өгсөн ярилцлагадаа нэг хэсэг жиргээчдийг “Галзуучууд”, “Лалрууд” гэх мэт үгээр дайрч доромжлон гүтгэх өнгө аястай ярилцлага өгсөн байна. Энэ үйлдэл нь нийгмийн зүгээс жиргээчдийг галзуучууд, лалрууд гэх мэтээр доромж маягаар дүгнэхэд хүргээд байна. Тийм учраас Э.Бат-Үүл нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр нэг хэсэг иргэлийг доромжилсон гэж үзэж байна. Энэ хэсэг хүмүүст би өөрөө жиргээ ашигладаг учраас хамрагдаж байна. Иймд Э.Бат-Үүл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан жиргээчид болон бусад иргэдээс зохимжгүй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, албан ёсоор уучлал хүсэх ёстой гэж үзэж байна. Энэ тохиолдолд миний нэр төр ч мөн адил сэргээгдэнэ гэж үзэж байгаа тул эл хэргийг шийдвэрлэж өгнө үү” хэмээжээ.

Ийнхүү жиргээчид өөрсдийг нь нийтээр нь "доромжилсон" гэж үзжээ. Хууль адил тэгш үйлчлэх ёстой. Харин Э.Бат-Үүл даргыг хэрхэн шүүхийг нь харах л үлдлээ. Хэн нэгэн сайдын гомдлоор иргэнийг шүүж хорьсон юм чинь Дарга хүнийг иргэн хүн шүүхэд өгөхөд эл хэрэг яаж шийдвэрлэж, хууль эрх мэдэлтэн, иргэн хүнд адил тэгш үйлчилж байгаа эсэхийг эндээс харагдах биз ээ. 

Х.Даваа