Намын гишүүдийн чинь амьдрал хэцүү байна гэнэ, Д.Эрдэнэбат дарга аа
2014/09/15
АН засгийн эрхэнд байгаа ч ардчиллыг дэмжигчдийн амьдрал сайнгүй байна. Бүр зарим гишүүн нь бусдадаа ад үзэгдэж, элдвээр хэлүүлээд эхэлсэн гэнэ.
Энэ тухайгаа тэд УИХ дахь намын бүлгийн даргадаа ний нуугүй хэлж, уртаас урт захидал илгээжээ. Энэ бол “Шинэ ардчилал” клубийнхэн. Тэд өнгөрсөн долоо хоногт Д.Эрдэнэбат даргад хандан, хоёр хуудас захидал илгээсэн нь “АН-ын жирийн гишүүдийн амьдрал уруудан доройтохоос гадна АН-ыг дэмждэгийнхээ төлөө бусдадаа чичлүүлж, төр барьж чаддаггүй намд итгэсэндээ харамсч байна гэх үгийг байнга сонсох болсон” гэх агуулгатай байжээ. Тиймээс энэ бүхэн тэднийг ийнхүү намынхаа эрх бүхий даргад захидал илгээхэд хүргэсэн гэнэ. Энэ бол АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбатын сүүлийн өдрүүдэд авч байгаа хоёр дахь захидал. Агуулга нь түүнд амлалтыг нь сануулсан агуулгатай. Тодруулбал, тэрбээр “ЭЗЭН 100“ хөтөлбөр хэрэгжих эхлэхтэй зэрэгцэн “Энэ хөтөлбөрөөс эерэг үр дүн гарахгүй бол эрх баригчид өөрсдөө хариуцлагын асуудлыг оруулж ирэх болно” гэсэн ам өчигтэй нь холбоотой. Өнгөрсөн тавдугаар сарын 8-нд тэрбээр Төрийн ордонд ийнхүү олон нийтэд том ам гарсан ч өдгөө “ЭЗЭН 100” хөтөлбөр хэдийнэ дууссан. Гэтэл эерэг үр дүн гараагүйг амтай бүхэн хэлж байгаа. Энэ ч утгаараа “Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн ажил чинь үр дүнгүй боллоо, энэ хугацаанд эдийн засгийн гол үзүүлэлт бүгд доошилсон дүнтэй байгаагаас гадна иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг юань, ам.доллар гэх гадаад валютын ханш өмнө нь байгаагүйгээр өсч, тэнгэрт гарчихаад байгаагаас өмнө нь ярьсан хариуцлагын асуудлаа сэргээж, буруутай үйл ажиллагаа явуулж, бодлогын алдаа гаргасан зарим сайддаа хариуцлагаа тооцохыг сануулж байна” гэх сануулга долоо хоногийн дотор хоёр ч удаа Д.Эрдэнэбат даргад очиж байгаа нь энэ. Гэхдээ өмнө нь УИХ дахь МАН-ын бүлэг буюу сөрөг хүчнийхэн Д.Эрдэнэбат даргад амлалтыг нь сануулсан. Харин энэ удаад АН-ын жирийн гишүүд өөрсдийн бодит амьдралд тохилдоод байгаа асуудлаа нэгбүрчлэн тоочиж, намынхаа удирдлагад зовлонгоо учирлажээ. Уг захидлыг сийрүүлбэл, “Засгийн газраас сүр дуулиантай зарласан “Эзэн-100” хөтөлбөр хэрэгжсэнгүй, эх орны хөгжил сайжирсангүй, ард түмний амьдрал дээшилсэнгүй. Ардчилсан намд минь саналаа өгсөн иргэдийн итгэл алдрах цагаар бид Танд энэхүү захидлыг бичиж байна. Манай Засгийн газраас санаачилж, УИХ-аас баталсан “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгаа сэргээн босгоно гэж Засгийн газар амласан. Намын жирийн гишүүн бид ч 100 хоногийн хугацаанд эдийн засаг сайжирч, амьдрал дээшилнэ гэсэн хүлээлттэй байлаа. Харамсалтай нь, Ерөнхий сайдын амлалт хэрэгжсэнгүй, бидний хүлээсэн шиг сайхан өөрчлөлт гарсангүй. Сөрөг хүчин МАН “Эзэн-100”-ийн хүрээнд хийнэ гэсэн 70 ажлын аль нь ч 50 хувьдаа хүрээгүй, “Эзэн-100” хэрэгжих хугацаанд 17 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 5.3 болж буурч, бүтээн байгуулалтын ажлууд зогсч, улсын өр түүхэн дээд амжилт тогтоон, олон мянган аж ахуйн нэгж дампуурч, иргэдийн амьдрал ч уруудан доройтлоо гэж дүгнэлээ. Ардчилсан намын жирийн гишүүд бидний амьдралд ч гэсэн энэ 100 хоногт сайхан өөрчлөлт нэг ч гарсангүй. Харин ч “Атар” талх, “Алтан тариа”-н гурил, цагаан будаа, элсэн чихэр, хүүхдийн сургалтын төлбөр нэмэгдэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр “Ард түмний нуруу тэнийсэнгүй”. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хувьд Та “Эдийн засагт эерэг дүн гарахгүй бол олонхи өөрсдөө бид Засгийн газартаа хариуцлага тооцно” хэмээн 2014 оны тавдугаар сарын 13-нд хэвлэлийн бага хурал хийхдээ хэлсэн. Бас манай намын залуу гишүүн Б.Болор 2014 оны долдугаар сарын 24-ны өдөр “Эдийн засаг намар гэхэд ямар ч өөрчлөлт гараагүй цаашлаад УИХ-аас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт муу байгаа тохиолдолд бид Засгийн газартай хариуцлагын асуудлыг ярихаас өөр аргагүй” хэмээн яриа өгсөн байна. Эдийн засаг сайжрах биш муудлаа, УИХ-аас өгсөн үүрэг даалгавар биелсэнгүй. Тиймээс Та бүхэн маань ядаж хэлсэн ярьсандаа эзэн болж “Эзэн-100”-г хэрэгжүүлэгчидтэй хариуцлага тооцож өгнө үү” гэжээ. Ингэснээр Д.Эрдэнэбат ойрын өдрүүдэд хоёр ч захидалд хариу илгээх хэрэгтэй болж байна. Гэхдээ гүйцэтгэх засаглалын тэргүүн өнгөрөгч долоо хоногийн эхээр иргэддээ хандаж хэлсэн үгэндээ “Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг намрын чуулганаар өөрийн биеэр оруулж ирнэ” гэж мэдэгдсэн нь араасаа олон асуулт дагуулж байгаа. Ямар ч байсан эхний ээлжид дээр дурдсанчлан бүлгийн даргад хандсан “ЭЗЭН 100” хөтөлбөртэй холбоотой асуултад Н.Алтанхуяг сайд эхний байдлаар хариулт өгчихөөд байгаа. Харин хариуцлагын асуудлыг ярина гэсэн бүлгийн дарга Д.Эрдэнэбатын мэдэгдэл хариуцлагатай байсан эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ. Ямар ч байсан МАН-ыг сөрөхийн тулд сөрж, “ЭЗЭН 100”-аас үр дүн гарсангүй гэж шүүмжилж байсан бол энэ удаад АН-ын гишүүд ч амьдрал хэцүү байгааг захидлаар дамжуулан илэрхийллээ. Тиймээс таны гаргах шийдвэрийг хэн бүхэн харж сууна, Д.Эрдэнэбат дарга аа.
Ц. Оюунтунгалаг
Зочин · 2014/09/17
erdenebet dargaa ta aliin bolgon bidnii amiig barij daranguilagch baih be ta bidend yu gej bailaa bid tanii tuluu zvtgesen vgend cnin orj duugai bsan odoo tebchihgvi
Зочин · 2014/09/17
AN DABAR. BUH YAMAHD L DEERELHEJ BGAA CHUU DEE. HUURS HUTULBURT AJILLAJ BGAA HUMUUS NI AN-HAN BAIDAG. JIRIIN IRGEN HIIE GEHEER ABDAGGUI YAM BILEE. IIM BAIJ YAN AMIDRAL MUU GEJ... ICHMEER YAMAA... NCHIJ AMIDRAACH AN-AA ?????????
Зочин · 2014/09/17
AN DABAR. BUH YAMAHD L DEERELHEJ BGAA CHUU DEE. HUURS HUTULBURT AJILLAJ BGAA HUMUUS NI AN-HAN BAIDAG. JIRIIN IRGEN HIIE GEHEER ABDAGGUI YAM BILEE. IIM BAIJ YAN AMIDRAL MUU GEJ... ICHMEER YAMAA... NCHIJ AMIDRAACH AN-AA ?????????