Төрийн албыг төрлийн алба болгож, хууль зөрчсөн томилгоог хамгийн их хийсэн хүнээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэг биш удаа тодорсон.

Тиймдээ ч хоёр жил Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаандаа зургаан удаа Үндсэн хуулийн Цэцэд дуудагдаж, рекорд амжилт тогтоогоод байгаа биз.

Хамгийн сүүлийн жишээг дурдахад Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд саатуулагдаж буй ахлах зөвлөх Л.Гансүхээ эргэсэн хууль бус үйлдэл олон нийтэд илчлэгдсэн. Төрсөн охин нь ч уг хэрэгт холбогдчихоод байхад хоёр сэжмээр ашиг сонирхлын зөрчилтэй хэрнээ сэжигтэн Л.Гансүхийг АТГ-ын зөвшөөрөлгүйгээр эргэсэн буруутай үйлдлийнх нь төлөө “Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Гэтэл Цэцээс “Гомдлоо ирж ав. Цэц алдаатай үйл явдалд бус алдаатай шийдвэрийг хэлэлцдэг” гэсэн хариу өгсөн байна. Товчхондоо “Ашгүй, чиний буруу боллоо. Зөв байсан бол яаж хэлэлцэнэ ээ” гэсэн мэт айдас агуулсан энэ хариу Х.Бат-Ялалттай санал нэг байсан, илтэд буруу хэрэг боллоо гэж үзсэн нийт ард иргэдэд хамт очсон юм. Ийнхүү Үндсэн хуулийн Цэцийн үл дийлэх нэг л хүн байгаа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг болчихоод байх мэт илт алдаатай үйлдэлд буруутгасан шийдвэр гаргахгүй, ямар нэг байдлаар саад, хаалт тавьсаар байна.

Мөн өнгөрсөн хугацаанд тэрбээр сонгуулиар намын сурталчилгаанд ажиллаж байсан, төрийн албанд тэнцэхгүй хүмүүсийг албан тушаалд хууль бусаар томилсон олон жишээ бий. Тодруулбал аймгийн Засаг дарга нарыг хууль бусаар томилж, түр орлон гүйцэтгэгч гэх хууль бус томилгоог хийсээр ирсэн. Түүний томилгоо жил дамжин, хууль хяналтын байгууллагуудад шалгагдсаар өнөөдөртэй золголоо. Тухайлбал Төв аймаг, Хөвсгөл, Баянхонгор, Дорнод, Говьсүмбэр гэх мэт аймгуудын Засаг даргыг томилохдоо хууль зөрчсөн байдаг.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 9-ний 158 дугаар тогтоолоороо Л.Одсэрийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилсон. Гэвч энэ томилгоо хууль бус байсан гэдэг. Учир нь Говьсүмбэр аймгийн ИТХ 17 гишүүнтэй бөгөөд хуульд зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхтэй гишүүдийн илүү нь хуралдаанд байлцсанаар шийдвэр хүчин төгөлдөр болох учиртай.

Гэтэл Говьсүмбэр аймгийн ИТХ-ын хуралдаан АН-ын есөн гишүүнтэйгээр хуралдаж, Засаг даргаа томилж, энэ томилгоог нь Ерөнхий сайд шууд батламжилсан байдаг. Л.Одсэрийг томилох тогтоолыг гаргасан хуралдааны ирц хуульд зааснаас дутуу байснаас гадна хуралдаанд оролцсон гэх есөн төлөөлөгчийн гурав нь ИТХ-ын төлөөлөгчөөр хууль бусаар сонгогдсон байсныг Улсын дээд шүүх тогтоон хүчингүйд тооцчихсон.

Өөрөөр хэлбэл Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор дээрх гурван хүн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон нь хууль зөрчсөн үйлдэл аж. Нэг ёсондоо хүчингүйд тооцогдсон эрх зүйн чадамжгүй этгээдүүд буюу хурлын төлөөлөгч биш хөндлөнгийн этгээдүүд ирц бүрдүүлэн оролцсон хүчин төгөлдөр бус хуралдааны тогтоолыг Н.Алтанхуяг батламжилсан гэсэн үг. Ингэснээр түүний захирамж хууль зүйн хувьд Үндсэн хуулийн70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, …төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, …үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг зөрчиж байгаа аж.

Энэ мэт аймгийн Засаг дарга нартай  холбоотой маргаан бүхий хавтаст хэргүүд хууль, шүүхийн байгууллагын ширээн дээр тоос даран хэвтэж он цагийг элээсээр.  Хэзээ, ямар тушаалаар баримт материалыг сөхөх эсэх нь  одоогоор тодорхойгүй.  Үндсэн хуулийн Цэц бол Монгол Улсын Үндсэн хуулийн шүүх юм. Ардчилсан эрх зүйт төртэй улс орнуудад төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний үйл ажиллагааны хууль ёсны байдалд хяналт тавих, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөний баталгааны хэрэгжилтэд Үндсэн хуулийн замаар хяналт тавьдаг тусгай шүүх ажилладаг бөгөөд Монголд энэхүү чиг үүргийг Үндсэн хуулийн Цэц гүйцэтгэдэг.

Гэвч өнөө цагт Үндсэн хуулийн Цэцийн дээр Хөх тэнгэр бус Ерөнхий сайд Н.Алтанхуяг л оршиж буй бололтой. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт холбогдох дээрх гомдлуудаас түүнийг буруутгасан эрх зүйн чадамжтай баримт бичиг гарч чадахгүй байгаа нь Цэц Ерөнхий сайдаас хараат болчихов уу гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.

М.Нандин