Барилга дээр ажиллаж байсан эрэгтэй хүчдэлд цохиулан нас барлаа
2014/10/02
Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 7 дугаар хороололд "Эн Эн Жи Юу" компанийн захиалгаар "Шинэ шилтгээн" компанийн барьж байсан барилгын 13 давхар, 216 айлын орон сууцны барилга дээр ажиллаж байсан эрэгтэй өндөр хүчдэлд цохиулан нас барсан хэрэг өчигдөр 18 цагийн орчимд гарлаа.
Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд санхүүгийн маргаан гарч барилгын ажил долоо хоног зогссон бөгөөд захиалагч компани хувь хүний барилгын бригадтай гэрээ байгуулж шавар, өрлөгийн ажил хийлгэж байхад энэхүү хэрэг гарсан байна. Тодруулбал барилгын гадна талын хамгаалалтын саравчийг тогтоосон төмөр өрлөг хийхэд саад болж байна гээд сугалж авах гэж байгаад үзүүрийг нь өндөр хүчдэлийн утсанд хүргээд газар дээрээ өндөр хүчдэлд цохиулан нас баржээ. Харин эх сурвалжууд барилгын цахилгааныг тасласан байсныг залгах гэж байгаад хүчдэлд цохиулан нас барсан гэх мэдээллийг өгч байгаа юм.
Тусгай зөвшөөрөлгүй, хувь хүний бригадаар барилгын ажил хийлгэсний улмаас энэхүү осол гарсан бөгөөд хэрэг дээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар болон Мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2014/10/03
энэ арай дэнднээ
Зочин · 2014/10/03
барилгын компаниуд томоохон ажил гүйцэтгэх ажиллах хүчин мөхөс байдаг нь үнэн ш дээ. Аргаа барахдаа хувь хүмүүсээр ажлаа гүйцэтгүүлж байхав дээ. Энэ чинь л манай барилгын компаниудын доголдол байхгүй юу. Мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх,сургалт явуулах,хөдөлмөр аюулгүй байдлын хичээл заах гээд л олон зүйл дутагдаж байгаа