Хоригдсон сэжигтэн өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах боломжтой боллоо
2014/10/02
Баривчлагдсан, цагдан хоригдсон сэжигтэнг өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах эрхийг хангах зорилгоор 10 дугаар сарын 02-ны өдөр Монголын Хуульдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх, ШШГЕГ-ын Тэргүүн Дэд дарга, хурандаа Г.Туулхүү, Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн З.Сүхбаатар нар оролцлоо.
Энэ үеэр Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх “Цагдан хоригдож буй үйлчлүүлэгчтэйгээ өмгөөлөгч ганцаарчлан уулзах боломжгүй байсан. Иймд энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр өмгөөлөгч нар удаа дараа санал хүсэлтээ тавьж, Хүний эрхийн үндэсний комисст хүртэл хандаж байсан удаатай. Энэ бүхний үр дүнд өнөөдөр уг асуудлыг ШШГЕГ-аас нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэх алхамуудыг хийж байна. Өнөөдөр энэхүү санамж бичгийг байгуулснаар цагдан хорих байранд хоригдож байгаа иргэдийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг бодитоор хангах, өмгөөлөгчтэйгөө чөлөөтэй уулзах, харилцах боломжийг олгох ач холбогдолтой юм” гэв. Харин ШШГЕГ-ын Тэргүүн Дэд дарга, хурандаа Г.Туулхүү: Энэ үйл ажиллагаа бол эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж байгаа томоохон ажлын нэг гэдгийг онцоллоо.
Энэхүү санамж бичгийг үзэглэснээр хоригдсон этгээдийн өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах эрхийг бүх талаар, ямарваа хориг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх боломжтой болж буй юм. Санамж бичгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь өмгөөлөгчид үйлчлүүлэгчтэйгээ битүү хаалттай цонхны цаанаас утсаар холбогдон ярьж байгаа одоогийн нөхцөл байдлыг бүхэлд нь өөрчилж, өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ зохих хяналтанд шууд нүүр тулан уулзах нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.
Өмгөөлөгч нар сэжигтэн яллагдагчийг баривчлах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль, цагдан хорих байрны дотоод журмыг чанд сахиж харилцан хүндэтгэлтэй хандахаар тусгагдажээ. Мөн зөрчил гаргасан өмгөөлөгчийн зөрчлийг хуульчдын холбооны сахилгын хороонд хүргүүлж хариуцлага тооцох механизм бүрдсэн байна.