ef21ae127e4f2bfb71385332cde05faca37fbad8

Бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн сууц бол монгол гэр минь билээ. Монгол гэртэй хамт бидний түүх соёл, зан заншил явж байдаг.

Монгол гэрийн тэргүүн болсон тоононоос эхлээд хүндлэн биширч, тахин шүтэхгүй зүйл гэж үгүй. Босгоор нь алхаж орохдоо л тодорхой ёс жаягийн дагуу ордог шүү дээ. Гэтэл бидний өв соёл одоо нэг л алдагдаад байх шиг санагдах юм. Эхэндээ гадны жуулчид бидний өв соёлтой танилцаж, дэлхийд бахархдаг монгол гэрийг маань харахаар ирдэг байсан билээ. Удалгүй гаднын орнуудад ч монгол гэрийг урлах болж, уламжлалт сууц маань дэлхийд гайхагдаж эхэлсэн. Одоо монгол гэрийг дэлхийн өнцөг булан бүрт мэдэх болжээ. Энэ нь сайн хэдий ч сүүлийн үед гаднынхан бидний өв соёлыг хэтэрхий доромжлоод байна уу даа гэмээр харагдах боллоо.

Учир юу вэ гэвэл гаднынхан тэр дундаа европчууд монгол гэрийг барьж, зөөвөрлөхөд хялбарыг нь бодож хаа сайгүй ашиглах болжээ. Саяхан л гэхэд Украины эсэргүүцэл илэрхийлэн жагсагчид монгол гэр барин тэмцлээ үргэлжлүүлж байгаа харагдсан. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө Оросын телевизийн “Монголчуудын уламжлалт сууц европчуудын хувьд энгийн зүйл болжээ” хэмээх тодотголтой нэгэн нэвтрүүлэгт монгол гэрээр бизнес хийдэг литва эр оролцож байх юм. Антанас Прошка гэгч тэр эр 200 хонь тэжээж, өсгөж үржүүлдэг аж. Тэрбээр монголд гэр хийхийг хүсдэг байсан ч аргаа олохгүй хэсэг явсан тухайгаа ярих аж. Түүнд монгол гэрт шаардлагатай хамгийн чухал зүйл болох цэвэр эсгий олдолгүй ихэд уджээ. Гэнэт түүний санаанд хониныхоо ноосоор эсгий хийх бодол төрж, тэрбээр монгол гэр урлах болсон байна. Литва эр хийсэн бүтээлдээ бүр патент хүртэл авсан байх юм. Бизнесмений бүтээсэн сууц үйлчлүүлэгчдийнх нь дунд ч эрэлттэй болж, хүмүүс, жуулчны газрууд зуны сууц болгон захиалж хийлгэх болсноор түүний бизнес цэцэглэсэн бололтой юм.

Монгол гэрийг АНУ, Швейцарь, Болгар, Испани, Франц, Литва, Чех болон бусад Европын орнуудад өргөнөөр хэрэглэдэг болсон төдийгүй цэцэрлэгүүд нь хүртэл монгол гэр барьж хичээллэдэг болсон аж. Чехийн нэгэн эрдэмтэн “Монгол гэр хүний сэтгэхүйд дугуй хэлбэрээрэ төдийгүй дээрээс тусах нарны гэрэл, салхины чимээ сонсогддог зэргээрээ таатай нөлөө үзүүлдэг. Жинхэнэ сэтгэлзүйн эм дээ” гэж ярьж байсан хэмээн тус улсад амьдарч байгаад ирсэн багш маань ярьж байж билээ. Түүнчлэн аль ч улиралд хааш нь ч ачаад явахад хялбар тул гаднынхан монгол гэрийг кафений зориулалтаар ашиглаж, элдэв шоуны зургаа хүртэл гэрт авах болж. 

За энэ ч яахав гээд бодоход гадны сайтуудаар яваа монгол гэр дотор, хээ угалз бүхий орон дээр шалдан шахуу инээмсэглэн суух европ хүүхнүүдийн зураг тун таагүй харагдах. Тус мэдээний дор монголчууд маань “Өвөг дээдсээс минь уламжлагдан ирсэн монгол гэрийг дуурайлгаж бүтээчихээд тэр литва эр яагаад патент авах ёстой гэж”, “Монгол гэр дэлхийд гайхшруулж байгаа нь сайн хэрэг ч яагаад гэрээр зөвшөөрөлгүй бизнес хийж байна, бүр кафений зориулалтаар ашигладаг болоо юу даа”, “Монгол гэртэй хамт бидний уламжлал ёс заншил явж байдаг юм шүү дээ, европчууд биднийг доромжилж байна”, “Шалдан хүүхэн орон дээр суучихсан байгаа нь тун муухай харагдаж байна” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлсэн байлаа. Тэдний ч зөв юм. Бидний өвөг дээдэс гэртээ шалдлан суух нь битгий хэл, гал голомт болсон зуух руугаа бөгсөө харуулах, хоймор залсан бурхныхаа дэргэд нүцгэлж шалдлахыг цээрлэдэг улс.

Эдгээрийг харахаар монгол гэр дэлхийд гайхагдаад байна уу, доромжлогдоод байна уу гэж эргэлзэх юм.Гэхдээ бид өөрсдөө тийм ариун хүмүүс үү гээд бодохоор үгүй юм шиг. Аливаа зөрчил, тэмцэл хийж, өлсгөлөн зарлахаараа монгол гэрээ бариад хэвтчихнэ. Найр наадмын үеэр хуушуурны гэр гээд л мөнөөх уламжлалт сууцаа дутуу хагас барьсан болоод бизнес хийнэ. Энэ мэтээр бид соёл, ёс заншлаа хүндлэхгүй байх аваас гаднынхан бидний уламжлалыг хүндэтгэнэ гэж үү. 

О. Чанцалдулам