Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган шалгаж,  Төв аймгийн цагдан  хориход саатуулаад байгаа.   

Тэгвэл  Л.Гансүх  хорих ангийн удирдлагад албан ёсоор мэдэгдэн өлсгөлөн зарласан байна. Тэрбээр өөрийгөө гэм буруугүй хэмээн үзэж ийнхүү өлсгөлөн зарлаж байгаа юм.

Харин түүнтэй хамт шалгагдаж байгаа  М.Тулгын хоёр  хөл мэдээгүй болсны улмаас эмнэлэгт хүргэгдээд байгаа гэнэ.  Тодруулбал АТГ-ын комиссар  С.Тулгаас байцаалт авахдаа эрүүдэн шүүж, зодсны улмаас бие болон нуруундаа гэмтэл авсан байна. Улмаар эмчилгээ хийх шаардлагатай хэмээн  АТГ-ын комиссар н.Золжаргалд удаа дараа мэдэгдэхэд хүсэлтийг нь хүлээн аваагүй байна. АТГ-ын комиссар  н.Золжаргал  М.Тулгын биеийг тааруу байхад хүнээр дамжуулуулан  хоёр удаа байцаалт авсан байдаг. Үүгээр ч барахгүй М.Тулгын хөл мэдээгүй болоход ”баашилж” байна хэмээн хөлд нь төмөр зоосон байна.  Үүний улмаас М.Тулгын биеэр төмрийн хор гүйж, биеийн байдал нь хүндэрсэн ажээ. Тиймээс  М.Тулгын  өмгөөлөгч Ц.Баасандорж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчин эрүүдэн шүүсэн  хэмээн  холбогдох газарт  өргөдөл гаргаад байгаа юм байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа