М.Зоригт: МОАХ-нд сайдын суудал амласан ч бид сүлжээнд орохгүйн тулд татгалзсан
2014/10/15
АН-ын хэд хэдэн гишүүн өчигдөр Төрийн ордонд суулт зарлалаа. Энэ нь Н.Алтанхуяг сайд танхимдаа сэлгээж хийж, бүтцээ өөрчилснөөр шинэ сайд нарыг томилох болсонтой холбоотой.
Өөрөөр хэлбэл, засагт багтах сайд нарыг томилохдоо эрх баригчид сүлжээ маягаар ажиллаж, сайдын суудал наймаалцаж байгааг зарим гишүүн эсэргүүцсэн нь энэ. Тодруулбал, АН дахь МОАХ фракцийнхан өрөөндөө суулт зарлаж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ сайд нарыг томилох эсэх талаар хэлэлцэхэд оролцохгүй гэдгээ илэрхийлэв. Энэ талаар тус фракцийн гишүүн М.Зоригттой ярилцлаа.
-Засгийн газарт шинээр орох сайд нарын нэр тодорчихлоо. Бүлэг, фракцийн төлөөлөл бүрийг багтаасан эхийг нь эцээж, тугалыг нь тураахааргүй хувилбар гэж олон нийт дүгнэж байна. Харин таны байр суурь арай өөр байх шиг байна. Яагаад тэр вэ?
- Миний хувьд Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа. Та бүхний нэгэн адил мэдээлэлтэй байна. Хэнийг дэвшүүлж, хэнийг татаж байгааг хэвлэлээр л харж сууна. Өнөөдрийн хувьд /өчигдөр/ байнгын хороо болон чуулганы хуралдааныг 10.00 цагт зарласан. Гэтэл одоо хүртэл ямар ч хуралдаан эхлээгүй байхыг бодоход өнөөх сүлжээ нь сайн ажиллаж чадахгүй байгаа юм болов уу гэсэн таамагтай л сууна. Ингэж үндсэн ажилдаа орохгүй мөртлөө ирэх оны төсвийг өргөн барьснаас нь харахад үнэхээр уйлмаар. Н.Алтанхуягийн Засгийн газраас өргөн барьсан 2015 оны Монгол Улсын төсвийг харахад “Мөнгө, цаасгүй болсон учир бүсээ чангалж, орон тоогоо цомхотгоё. Бүтээн байгуулалт хийхгүй шүү” гэж байна. Жишээлбэл, сумдад нэг ч цэцэрлэг, сургууль шинээр барихгүй гэсэн төсөв байна. Өөрөөр хэлбэл, ямар ч ажил хийхгүй гэсэн үг. Үндсэндээ энэ Засгийн газар мухардалд оржээ. Ард түмний итгэл үнэмшлийг унагааж, бид юу ч хийж чадахгүй нь гэж байгаа Засгийн газрыг бид үтэр түргэн солих ёстой. Үүний дараагаар гаргалгаатай, шинэ санаачилгатай Засгийн газрыг байгуулах ёстой. Бид үнэндээ гол ажилдаа орохгүй өнгө будагтай ноцолдоод байна. Нөгөө эвгүй харагдаад эхэлсэн Засгийн газартаа хээ хуар тавьж, будаж шунхдахаас өөр юм гарахгүй байна шүү дээ.
-Гэхдээ ирэх оны төсвийг буцаагаад татчихсан шүү дээ?
-Ийм ичмээр төсөв өргөн барьсан ч “Эд нар өнөөх өнгө будгийг нь хийж өгөхгүй нь” гэж ойлгосон учраас татахаас өөр яах юм. Одоо ингэж бөөн юм болж байж сайд нараа томилно. Харин маргааш нь өнөөх төсвөө буцаагаад оруулаад ирнэ, харж л байгаарай. Яахав бүтэцтэйгээ холбогдуулаад жаахан өөрчлөлт хийх биз. Гэхдээ л буцаагаад өнөөх “Ажил хийхгүй” гэдэг төсвөө өргөн барина. Тэгэхээр бид тэр энэ нам гэлгүйгээр ард олныхоо сонголтыг хүндэтгээд томхон зорилго тавиад түүнийхээ төлөө нэгдэж чаддаг байх ёстой юм. Хийх ажлаа тодорхойлсны дараа Засгийн газрын бүтцийг яаж л бол яаж өөрчилж болно шүү дээ. Үнэхээр ажил хийх гэж байгаа бол 50 яамтай байсан ч яадаг юм. Үнэхээр гийгүүлэх гээд байгаа бол 200 сайдтай байсан ч болно шүү дээ. Үнэндээ их, багадаа биш, ажил хийхүү гэдэгт л гол нь байгаа юм. Тийм учраас ингэж гол ажил руугаа орохгүйгээр өнгө заслын юм хийгээд байгааг эсэргүүцэж байна.
-Н.Алтанхуягийн Засгийн газрын цэнэг дуусч байна гэж та хэлэх гээд байна аа даа?
-Ер нь эд нар цаашдаа оршин тогтнох боломжгүй болж байх шиг байна. Үнэхээр эх орноо гэсэн, юм хийж бүтээх хүсэлтэй хүмүүсийн цаг ирчихэж дээ гэж харж сууна. Товчхондоо энэ Засгийн газар сүүлийн өдрүүдээ барж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрж байгаа. МОАХ фракци анх есүүлээ байсан. УИХ-ын олонхи дотор хамгийн олон гишүүнтэй нь манай МОАХ фракци байсан. Бид зарим нэг хүнээс болоод сүйрсэн нь үнэн. Гэхдээ өнөөдөр зургуулаа под гэсэн мундаг фракци сууж л байна шүү дээ. “Алтангадас”, “Шонхор” тус бүртээ долоон гишүүнтэй, бид тэднээс дутахгүй. Тийм учраас сүлжээ байдлаар ажиллаж байгаа заваан зүйлд нь МОАХ оролцохгүй ээ. Харин энэ заваан байдлыг бүрэн шинэчлэх, бүгдийг эргүүлэхийн төлөө л бид ажиллана.
-Л.Пүрэвсүрэн зөвлөхийг МОАХ- ны төлөөлөл гээд байгаа. Тэгэхээр танай фракци энэ хүнээ дэмжсэн юм уу?
-Дахиад хэлье. МОАХ-ныхон сүлжээний Засгийн газрын үйл ажиллагаанд огт оролцохгүй. МОАХ-г төлөөлж гурван яамны сайд байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Одоо бүгд байхгүй болж байна. Гэхдээ бидэнд сайдын суудал өгөх байсан уу гэвэл тийм. Бид нарыг ингэж яриулахгүйн төлөө суудал амласан уу гэвэл бас л тийм. Гэхдээ энэ сүлжээнд орж болохгүй юм гэдгийг ойлгосон учраас ороогүй. Тийм учраас энэ Засгийн газарт МОАХ-г төлөөлж хэн нэгэн сайд байхгүй. Харин нэг зүйлийг хэлэхэд Ерөнхийлөгч гадаад харилцааны чиглэлд маш эрчимтэй бөгөөд зөв алхмыг хийж байгаа. Нэн ялангуяа хоёр хөршийн харилцааг ямар төвшинд авчирсныг хэн бүхэн харж байна. Тийм учраас гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамыг Ерөнхийлөгчийн хүнээр тавих нь зүйтэй гэдгийг би зөв гэж үзэж байгаа.
-Тэгвэл Л.Пүрэвсүрэн зөвлөхийг Ерөнхийлөгч санал болгосон. Ингэснээр МОАХ Засагт төлөөлөлгүй хоцорч, Засгийн ажлыг үзэгчийн байр сууринаас харж сууна гэсэн үг үү?
-Яг тийм. Л.Пүрэвсүрэн зөвлөхийг Ерөн- хийлөгч санал болгосон. Энэ хүнийг томилох нь зүйтэй гэж би хувьдаа үзэж байгаа. МОАХ ард олныхоо хүсэл эрмэлзлийг унтраалгүй, улс орондоо хэрэгтэй, шаардлагатай ажил хийхийг л хүсч байна. Үүний тулд сүлжээнд орсон Засагт бидэнд хийх ажил байхгүй. Харин УИХ дотроо бид илүү идэвхтэй ажиллах болно.
-Уг нь Ерөнхийлөгч “Давхар дээл”-ээ тайлах санал гаргасан. Гэтэл өөрийнхөө хүнийг зөрүүлээд оруулаад ирлээ гэх шүүмжлэл гарч болох юм?
-“Давхар дээл” шиг хэрэггүй юм байхгүй гэдгийг бид ойлгосон. Цаашлаад ямар их балаг тарьдгийг монголчууд яс махаараа мэдэрчихлээ шүү дээ. Гэхдээ л энэ “Давхар дээл”-нээс салж чадахгүй юм шиг байна. Ард олны биш УИХ дотор тоглолт явдаг учраас “Давхар дээлтэн”-үүдийг төрүүлж байж л энэ засгаа бүрэн авч үлдэх, өшөө хэд хонуулах зорилгоо л харж байгаа юм. Нэг ч гэсэн гишүүнд “Давхар дээл” өмсгөж байж энэ Засгийн газар чинь цаашаа хэд алхах гээд байна шүү дээ. Үндсэндээ эд нар чинь хийх ажлаа биш, хэдэн хоног сараар энэ суудалдаа суух вэ гэдэг талаас нь асуудалд хандаж байгаа учраас яах аргагүй “Давхар дээл” өмсгөөд байна. Нэг ёсондоо, дээлээ давхарлах хүсэл сонирхолтой хүмүүсийг урхидан татаад байгаа байхгүй юу.
-Гишүүн ээ, өчигдрийн /уржигдар/ танай бүлгийн хуралдаан ер нь ямар уур амьсгалтай болсон юм бэ. Шинээр дэвшүүлсэн сайд нарыг зуун хувь дэмжсэн гэх мэдээлэл гарсан. Гэтэл танай фракцийн байр суурь өөр байгаа юм байна?
-Нөгөө сүлжээ чинь ажиллаад эхэлчихсэн учраас оруулж ирсэн хүмүүсээ дэмжээд явах нь ойлгомжтой. Тийм балай сүлжээний хуралдаанд бид юу гэж орох юм. Манай фракцийнхан бүгд суугаагүй. Цаашид ч байнгын хороо, чуулганы хуралдаанаар сайд нарын асуудлыг хэлэлцэхэд орохгүй. Манай фракцийнхан энэ заваан сүлжээнд оролцохгүй гэдгээ тохирсон.
-Засаг тогтворгүй байдалд орсноор олон нийт хохирно гэдэг шүү дээ?
-Монголын төр өнгөрсөн 20 жилийн хугацаанд тогтвортой явж ирсэн. Хэзээ ч Үндсэн хуулийн бус аргаар Ерөнхийлөгчийг огцруулж, УИХ-ыг тарааж байсангүй. Харин засаг солих юу юм бэ. Ажил хий гэж томилсон хүмүүс муу байвал сольдог л зарчим. Засаг солих бол тогтвортой байдалтай ямар нэгэн байдлаар холбоотой биш. Ер нь УИХ, Ерөнхийлөгч нь байгаа үед төр тогтвортой л байна. Төрийн бодлого, ноён нуруу хэвээрээ байна. Харин гүйцэтгэдэг Засгийн газар нь муу байна л гэсэн үг. -
-Товчхондоо, та Засгийн газрыг бүрэлдэхүүнээрээ огцор гээд байгаа юм уу?
-Би хэн нэгний нэрийг зааж хэлэхгүй. Гагцхүү Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2015 оны төсвийн төслөөс бүх юм шууд харагдаж байна. Энэ засаг гаргалгаагүй болчихож. Монгол орноо цааш нь аваад явах, бүтээн байгуулалт хийгээд явах шатахуун нь дуусчихаж. Ирэх оны төсөв бол “Бид юу ч хийхгүй, хөнжлөө нөмрөөд сайдынхаа суудалд нам жим сууж байя” гэсэн л төсөв байна шүү дээ. Тийм учраас гаргалгаагүй болчихсон Засгийн газар одоо хэрэггүй болчихжээ л гэж би хэлэх гээд байгаа юм. Ер нь бүрэн хэмжээний реформ хэрэгтэй байна.
-Таны хүсээд байгаа тэр реформ юу юм бэ?
-Өнөөдрийн эдийн засгийн болон засаглалын хямрал бол хаа нэгтэйгээс шидсэн чулуу биш шүү. Зарим нэг хүн “Гаднаас шидсэн чулуу” л гэдэг. Эдийн засгийн хямралыг “Дэлхийн эдийн засаг хямарчихлаа” л гэдэг. Гэтэл энэ бүхэн үгүй юм аа. Энэ бол цэвэр бидний өөрсдийн унхиагүй байдал. Өнөөдөр бидэнд “Чингис” бондоор босгосон байтугай хэд дахин нугалахаар бүтээн байгуулалтыг хийх боломж байна уу гэвэл байна. Өнөөдөр үүнд хүрэхийн тулд УИХ-ын гуравны хоёроос дээш зөвшилцлийг л хийж чаддаг байх ёстой. УИХ-ын гуравны хоёроос дээшхи гишүүд нь нэг санаа бодолтой байх ёстой. Ингэсэн цагт бид өчнөөн хэмжээний ажлыг хийж чадна. Над шиг ингээд өрөөндөө бухимдаад суух биш. 76-уулаа суугаад асуудлыг ярьдаг болмоор байна. Гэтэл үнэндээ биднийг манлайлж байгаа хүмүүс, удирдлагууд ажил хийхгүй байна шүү дээ. Үндсэндээ яаж энэ суудалдаа үлдэх вэ гэсэн л тэмцэл яваад байна. Гэтэл нөгөө талд нь энэ завшааныг ашиглаад яаж сайд болчих вэ гэсэн тоглолтууд өрнөж байна. Асуудлыг томоор харахгүй байна.
-Намын төвшинд ҮЗГ-гоо хуралдуулах шаардлага гараад байгаа. Үүнийг санаачлаад хийж болдоггүй юм уу?
-Манай АН-ын дүрэм маш хүнд. Ер нь засаг барьж байгаа намд ҮЗХ-ны хуралдаан хийхэд хэцүү байдаг юм уу мэдэхгүй юм. Миний хувьд УИХ-ын гишүүн болсноосоо хойш намын хуралд суусангүй. Угаасаа ч болоогүй. ҮЗХ-ны хурлыг хийх эсэхийг намын дарга шийддэг. Тийм учраас нэг хүнээс шууд хамааралтай болчихоод байна л даа. Харин бидэнд ямар эрх байна гэхээр олон түмнээс авсан итгэлээр УИХ-ын гишүүн болсон. Энэ эрхээрээ ядаж л ажиллая гэж байгаа юм.
М.ӨНӨРЖАРГАЛ
Зочин · 2014/10/17
MoAH g nam bolgoh heregtei Ingesen tsagt l altan gafasiinhan oilgono doo
Зочин · 2014/10/17
Zob
Зочин · 2014/10/16
ene gishuuniig gaj donton gej oilgoloo iim hun tur barih gej dee es surthuungui hun bna
Bbb · 2014/10/16
MoAX фракц зов шийдвэр. Ард тумэн та. нарыг дэмжнэ
Зочин · 2014/10/16
МОАх фракцын нэр дээр сайдын суудал аваад өөр фракцид урвасан Оюунгэрэл, Түвдэндорж, Хууль зүйн байнгын хорооны дарга гээд чихэр гүлхчихсэн юм шиг Ганбат гээд нөхдүүдийг албан ту******лаас зайлуулаад хэн ч биш болгох хэрэгтэй.
lkjg · 2014/10/16
moah tu***a garaad namaa baiguulaach.Urba****diin gashuun turshlaga zunduu l bna.Enhsaihan,Erdenebat geh met
Зочин · 2014/10/16
зоригт яг үнэнийг л хэлж . үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж...........шударга байх хэрэгтэй. МоАХ -г дэмжиж байна.
zochin · 2014/10/16
Mash zov, amjilt.
Зочин · 2014/10/16
ийм тэнэг сайдтай болчихоогүй нь яамай,тэнгэр заяа минь түшиж дээ