Агуу хүчирхэг арми ч алдарт жанжинаа алдаж болно.
Харин ядуу гуйлгачний хүсэл зоригийг хэн булаах билээ

Хятад ардын зүйр үг

 

Англи хатагтайн Монголоор аялсан тэмдэглэл

1920 оны өмнө Монголоор аялаж тэмдэглэлээ ном болгон хэвлүүлсэн Английн Битрикс Булстрод хэмээх язгууртан хатагтайн тэмдэглэлээс нийтлэж байна.

Тэр Монголчуудын зэрлэг бүдүүлэг ёс суртахуунгүй, заваан балиар, хүн гэхийн аргагүй амьтас болохыг үзэж эр зориг гарган зэрлэгүүдийн дунд аялаж, нийслэл хүрээнд тартагаа тулсан гуйлгачид, золбин нохдуудаас гадна муу ерийн заваан өвгөчүүлтэй, заль мэхний хөрөнгө лам нартай уулзаж, мөн шорон гяндангийн газраар орж, хүн цаазлаж байгаа байдлыг ажигласнаа ийн бичжээ.

Лам нар нь гэхэд баян хүмүүстээ үйлчилж ичгүүр сонжуургүй авгай хүүхэдтэй нь явалдаж, замбараагүйтэж байгаа болон нэр хүндгүй байгаа талаар бичжээ. Монголчууд ёс суртахуунгүй учраас халдварт өвчинд нэрвэгдэж буйг бичээд монгол багачууд сүм хийдэд суух хүртлээ аз жаргалтай өсөн торнидог юм байна гэжээ.

Өнөөдөр тэгвэл малчин хүүхдүүд сургуульд явах хүртлээ ямар аз жаргалтай байдаг билээ. Математик, геометр, гадаад хэл мэтийн албадлагийн хичээл үзэх хүртлээ ямар аз жаргалтай байдаг билээ. Монгол хүүхдийн төдийгүй, монголын ард түмний аз жаргалыг Англи тэргүүтэй хөрөнгөтөн орнууд массоны бузартай систем балласан гэдгийг нь эрх ямбатай сониуч хатагтай яаж бичих билээ.

Түүний номонд оршил бичсэн Бээжин дахь Таймс сэтгүүлийн сурвалжлагч Давид Фразер Монгол бол бидний анхаарлыг онцгой татаж байгаа орон юм...

Ирээдүйд эдийн засгийн ёрнүүн хөгжлийн талбар болно.

Монгол бол дан ганц хувь биш асар уудам хээр тал... асар боломжтой газар юм. Нүүрс алтны асар их нөөцтэй болох нь судлаагүй ч гэсэн тодорхой болсон тийм болохоор монгол бусдын сонирхолыг татдаг, эрх ашгийг нь хөнддөг тал нутгийнх нь ирээдүйг харийн хүмүүс хөндлөнгөөс харж шийдэж суудаг тийм газар юм.

Харийхан Төвдийг эзэлсэн явдал Монголчуудыг түгшүүрт байдалд хүргэж эрх чөлөө нүүдлийн мал аж ахуйгаа алдахвий гэж ихэд айж байгаагаас гадна гадаадын тагнуул, туршуулынхан Монголчуудын хүзүүнд цалам зүүснийг гадарлах болсон.

Нэн ялангуяа “Хятадад уусах’ аюул гэгчийг Оросууд зохиосон. Ийнхүү монголыг Орос, Хятад, Япон гэсэн гурван талаас идэх гэж байгаагаас Хятадад байгуулагдсан Банкны Консорциум гэгчийг дурдсан нь өнөөгийн бидний ойлголтоор дэлхийн колончлогчдийн гар хөл бололтой.

Мөн тэмээгээр аялсан англи хатагтай бичихдээ “Монголд өндөр настай болсон хөгшин хүмүүс хүндлүүлж асруулах бус харин төрсөн үр хүүхэд залуустаа гадуурхагдан орон гэрээсээ дайжиж навтас болсон эсгийний өөдөс, үмх хүнснээс өөр зүйлгүй, суурингийн захад шороо тоосонд даруулж хэвтэх буюу нас нөгчиж үхэж үрэгдэж буйг” тэмдэглэжээ.

Өнөөдөр яг ийм болж хувирч байна. Бид хөгжих биш 1914 оны байдал уруу шилжиж байна. Төр засаг нь бурхан шашин номлож, түмэн олон нь сүсэглэн залбирч хутагт хувилгаад ринбүчий нарт өөрийгөө даатгах боллоо. Ингээд англи хатагтайн тэмдэглэлээс сонирхуулбал:


Өргөө хэмээх шорон гяндан буюу Хүрээ хэмээх цаазын газар
Яагаад Ховдыг чөлөөлөхөд гарамгай гавьяа байгуулсан Гэндэн жанжинг цэргүүд нь алах болов?


Өнгө алаглан оргилж даргисан Өргөөгийн амьдралд түнэр харанхуй аюумшиг ч бий. Өдөр бүр хажуугаар явж өнгөрдөг анхаарал татамгүй шургааган хашаанд сэтгэлд багтамгүй их зовлон тамлал агуулагддаг байсан юм билээ.

Их бага ямар нэг гэмт хэрэг өдүүлсэн монголчуудыг шүүх таслан шийтгэхээс ч өмнө тарчлаан шаналгадаг энэхүү аймшигт орчин тухайн нөхцөл байдал, эсвэл угийн харгис хэрцгий чанарын алинаас үүдэлтэйг хэлэхэд хэцүү.

Монголд эрх чөлөөг хасч чангалан хорьдог явдал орчин цагийн соёлтой улсуудын адил нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг шийтгэл боловч энэ байдал нь хоригдсон хүн хормын дотор оргож болох нүүдэлчдийн эсгий гэрээс ондоо хорих газаргүй байсан эрт баларын үеэс үүдэлтэй аж.

Оросуудыг эс тооцвол энэ байдлыг харсан европынхон тийм ч олон биш болов уу. Шоронгийн дотоод байдлыг үгээр дүрсэлж хэлэхэд нэн хэцүү. Орос танил маань албаны шугамаар ярьсны үр дүнд Монголын Засгийн газраас шоронгийн байдалтай танилцахыг бидэнд зөвшөөрсөн.

Биднийг яагаад тийн хүссэнийг эрх баригчид өчүүхэн ч тааварлаагүй учир зөвшөөрүүлэхийн тулд өрөвч сэтгэлтэй аялагч нар хоригдлуудад ойр зуурын зүйл оруулж өгөхийг хүссэн хэмээн танилцуулсан юм. Хоёр монгол түшмэл, гурван оросын хамт ноён Галл бид хоёр бүхий л газраар нөхцөл байдлыг харахад сэтгэл шаналахгүй байхын аргагүй.

Оройг нь шовхолж үзүүрлэсэн өндөр шургааган хашааны дотор тав зургаан шорон байна. Шоронгуудыг хооронд нь арван найман фут өндөр гурван давхар нарсан хашаагаар салгаж тусгаарласан байх бөгөөд тэдгээрт орохын тулд дангинатал түгжсэн хаалгануудыг онгойлгуулж нэвтрэх шаардлагатай.

Хаалга бүр нь хоёр давхараас гадна хоёрын зэрэг том цоожоор түгжсэн аж. Биднийг дотогш ороход хоригдлуудын зовлонгоор зоолсон байртай хуягууд хүнд ноцтой хэрэгтний харж буй мэт харсаар угтсан бөгөөд үүдний хавьд татсан. Гар хөлдөө хүнд гинжтэй тэд биднийг хараад өвдөг сөгдөн угтав.

Бид орохын урьд тус бүр гурван рубль нийлүүлж задгай зоос боолгуулаад нэг маань тэр дундуур боломжийн хэрээр түгээж явлаа. Тэгж явсаар дөрөв, дөрвөн фут хагасын урттай хоёр фут өргөн, төмрөөр бөгжилж хоер том цоож зүүсэн хүнд модон авдартай таарав. Зэрлэг амьтдыг гал тэргээр тээвэрлэхэд хэрэглэдэг баймаар тэр авдар дотор хүн байхыг хараад айдас төрсөн.

Амьд хүн шүү. Авдарын хажуу талын нүхээр тэр хүний хүлээстэй гар цухуйна. Тэр нүхээр орох агаараар амьсгалдаг гэнэ. Гэвч гяндан доторх хоригдолтой харьцуулахад ядаж л агаарт байх нь тэр золгүй хүнд арай дээр шиг санагдсан. Шоронд багтах зайгүй болоод зарим хоригдлыг гадаа байлгадаг гэж бидэнд тайлбарласан.

Нүд хальтирам энэ байдлын талаар ярилцах зуур хуяг хаалганы том цоожийг нээж биднийг эхний гяндангийн дотор оруулж үзүүлэв. Хорь гучин авс (мөглөн ред) хураасан тэр дотор үмхий үнэртэнэ. Надад ердөө ч аятай санагдаагүй, хоёр монгол түшмэл тэр үнэрт дассан боловч урт нударгаа ам, хамраа тагласан дүр үзүүлнэ.

Авснуудын доорхийг цэвэрлэх шаардлагатай ч хоригдлуудыг ховорхон сулладаг, ихэнх нь насаараа хоригдох ялтай тул цаазлахаар авч явахаас бусад тохиолдол гаргадаггүй нь хамгийн хэцүү санагдсан. Харанхуйд нүд дасч хаалга нээгдэхэд туссан бүдэг гэрэлд тэдгээр авсны хажуугийн дугираг нүхээр хүмүүсийн толгой цухуйлж үзэгдэв.

Өөрийн эрхгүй зог тусан дэргэдэх авс руу тонгойвол нэг хүний нүүр морь унахдаа өмсдөг цувны маань хормойг шүргэх шахам ойр харагдлаа. Хажууд нь цус тунасан нэг авсан дотор муу ёрын нэгэн байж ханиасаар уушгаа барж байгаа гэнэ. Монгол хэлтэй орос офицер тэдэнтэй ганц хоёр үг сольсон боловч цаадуул нь ойлгож байгаа шинж алга.

Давчуу авдарт цоожлуулж бие нь хөшсөн тэдний ухаан санаа нь элийрсэн бололтой. Газраас доош дөрөв таван фут суусан гяндангуудын завсар дахь жаахан зайд цэвэр агаар амьсгалсны дараа дараачийн давхар хаалгаар хоёр дахь гянданд орвол мөн л төдий тооны хятадыг авдарт хийж цоожилсон байна.

Наймаачны бяцхан сүмийг дэргэдэх жаахан байрандаг биднийг цайгаар дайлсан номхон даруу зантай, соёлтой хятад иргэний ихэнх нь Шаньси мужаас ирсэн найз нөхөд, хөрш ч энд хоригдож байж мэднэ гэж бодохоор гунигтай санагдсан. Төмөрлөсөн мөглөнд бүх насаа өнгөрүүлэх ял заагаад хэдийд ч ямар шалтгаанаар гарах боломжгүй, гар хөл нь уяатай төдийгүй мөглөнд гинжлэгдсэн тэднийг цөөн хором наранд гаргадаг, мөнөөх нүхээр хоногт хоёр удаа хооллож ундалдаг аж.

Давжаа жижиг биетэй тэд мөглөнгийн хажуугийн нүхээр толгойгоо цухуйлгадгаар монголчуудаас давуу талтай. Том биетэй монголчуудын толгой нь тэр нүхээр багтдаггүй аж.

Хэрцгий царайтай хуягийн зөвшөөрснөөр ноён Галл тэр хятад хүнтэй ярилцахад аяумшиг нөхцөлд удаан тэсч байгаа түүний эр зоригийг би өөрийн эрхгүй бахдсан. Хятад хүний ярьснаар Монголчууд тусгаар тогтнолоо зарлах үед Бүгд Найрамдах Хятад Улсыг талархаж дэмжсэн гэж сэжиглэгдсэн хүмүүс тэнд хоригдож байгаа гэнэ.

Хэргийг нь шүүхээр ч оруулаагүй тэдний оргох өчүүхэн ч боломжгүй аюумшигт нөхцөлд хорьж байв. Өөрсдийн нь хэлээр цөөн боловч үг сольсонд тэд ихрэд баярлах шиг санагдсан. Тэнд байсан таван гяндангаар бид орсон.

Бүдэг гэрэлд чухам хэдэн хүн тэнд хоригдож байгааг тоолох боломжгүй тул бид өөр өөр тоотой гарсан. Mиний санахад нэг зуун тавь орчим хүн хоригдож байсан. Оросууд гадна хашаанд байсан хоригдлуудыг зургийг дархад нэг нь чүүрээ гараараа таглахыг завдсан ч хэрцгий царайт хуяг түүний гарыг дарав.

Хүмүүсийг тэгж доромжлох ёсгүй, гэмт хэрэг үйлдсэн ч тэднийг өрөвдөх хэрэгтэй гэдэг бодолд дарагдан өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрж, харсан зүйлдээ сэтгэл шаналсан бид сарны гэрэлд Наймаачин хотын зүг буцсан. Аюумшигт тэр шоронг мартуулах зүйл надад хожим хойно ч тохиосонгүй. Өргөө дэх шоронгийн байдалтай танилцсан маань дараа тохиолдсон нэгэн үйл явдлыг ойлгоход дөхөм үзүүлсэн.

Би сониучдаа ч биш хүнд ялтай, цуутай гурван монгол эрийг цаазлахад гэрчээр байлцсан. Цэргийн жанжин Гэндэн гүний амийг хөнөөсний учир тэд зургаан сарын турш мөнөөх аюумшигт мөглөнд хоригдсон юм билээ.

Долдугаар сарын тунгалаг нартай нэгэн өглөө Өргөө хотын зүүн хойгуур үргэлжлэх уудам хөндийгөөр морьтой аялсан маань чухам юунд очихоор явааг түр боловч мартагнуулсан юм.

Дөрвөн зуун цэрэг удирдан дөрвөн мянган хятад цэргийн эсрэг тулалдан Ховдын хэрмийг чөлөөлөхөд эрэлхэг зоригтой оролцсон учир цол хэргэм хүртсэн жанжныхаа эсрэг үгсэн хуйвалдаж амийг нь хөнөөсөн гурван цэрэг өршөөл үзхээргүй, үнэхээрийн хүнд хэрэг үйлдсэн аж.

Тэд цас мөсөнд хучигдсан нэгдүгээр сарын тэр нэг өглөө үүр хаяарахын хэрд жанжныхаа амийг хөнөөхөөр маузер буугаар хорь гаруй буудсан байгаа юм. Гайхалтай эрэлхэг жанжин нь зузаан гуяараа шархадсан ч тэднээс зугатаажээ.

Суманд оногдсон боловч унаагүй түүнийг хараад цэргүүд сандарч балмагдах зуур өрөөсөн хөл дээрээ доголсон боловч шаламгай түргэн хөдөлж нэг бээр хэрийн зайд байсан тосгонд хүрч очсон аж. Хэрэг явдлын учрыг ойлгож туслахыг завдсан тосгоны оршин суугчдыг тэр өөрөөс нь хол байхыг захиаж, эс тэгвээс хамтдаа амиа алдахад хүрнэ гэж анхааруулаад замд таарсан жаахан хүүхдээс холуур тойрч өнгөрсөн нь түүний хатуу чанд шаардлагатай хэр нь өр зөөлөн байсныг харуулна.

Тэр зугатаж явсаар нэгэн байшинд ортол араас нь нэхсэн цэргүүд гүйцэж ирэхэд “Намайг шалавхан алаад орхи. Хойд төрөлдөө бушуухан очих минь" гэж хэлээд тархиндаа буудуулсан гэнэ.

Бид уулын бэлд сууж хоёр цаг хүлээх зуур морьд шимтэй өвсийг амтархан идээшилэнэ. Монголчууд цаг барьдаг улс биш шүү дээ. Тэгтэл морьтой хүмүүс хочр гурваараа жижиг толгойг ороон ирж харагдана. Тэрхүү жижиг толгой бол бүхний хараа булаадаг ариун дагшин Богд уулаас бурханы таалалд үл нийцэх цуст гэсгээлтийг халхалдаг болой.

Жижиг толгойг ороон аажимхан алхуулах морьтой хүмүүсийн араас буутай хуягуудаар харгалзуулсан үхэр тэрэг толгойн зүүн хажуугаар гарч ирэв. Тэдэнд яарч тэвдэх зүйлгүй бололтой. Аюумшигт гянданд тарчилсан гурван цэрэг үхэхийг илүүд үзэх нь тодорхой.

Жар дал орчим хятад бидний хажууд ирж чанга дуугаар хөгжилдөн ярилцах нь нам гүм орчинд нэн сонин агаад даан ч үл зохилдоно. Тэд биднээс тусдаа зайдуу очиж сууцгаав. Тулалдаж байгаа талууд хэзээнээс өөр хоорондоо найрсаг бус. Монголчууд хийгээд өөрсдийгөө ертөнцийн төв хэмээдэг тэдний хөршийн харилцаа мөдхөн өөрч-лөгдөнө гэж найдах үлдэж байна.

Тэртээ хөндийд хэсэг морьтон айсуй үзэгдсэн нь Өвөрлөгч цэргүүд, Түргэн дөхөж ирэх цэргүүдийн өмссөн хувцасны хөх өнгө алсад цайвартан дуниартах уулсын цайвар ногоон өнгөтэй зохицсон мэт. Хэрэгтнүүдийг харгалзан яваа тэдний дунд тогосны өд бүхий отго жинстэй хар хилэн малгайтай албаны түшмэд яваа харагдана.

Хоёр үхэр тэрэг дээр гар нь ардаа хүлээстэй, сэгсийж даахирсан үс, сахалтай хэрэгтэн суугаа харагдана. Тэдэнд Монголын шоронд хоригдохоос үхэх нь дээр гэдэг тодорхой. Зургаан сар хоригдсон хэр нь тэдний нэг эрч хүчтэй хэвээрээ төдийгүй тэднийг хүлэх шонгийн ойролцоо майханд цугларсан албаны түшмэдийг өдсөн янзтай.

“Та нар юу хийгээд байна. Майханд битгий бүгээд байцгаа. Наашаа ирээд бидний яаж үхэхийг хар” хэмээн хашгична. Ял гүйцэтгэхийн өмнө хэрэгтнүүдийг хооллов. Гар хүлээтэй тэдний аманд хуяг аяга ойртуулж барина.

Мөнөөх хэрэгтэн ус, замбай төдийхөн бус, махтай, цай өгөхийг шаардаж сонсогдоно. Хооллож гүйцмэгц тэднийг сөхрүүлэн суулгасан хэвээр нь шонд сайтар бөхлөн хүлэв.

Зөрүүд эр нүдийг нь боож байгаад дургүйцэн “Яагаад харж болдоггүй юм бэ. Цэрэг хүн шиг үхэж болохгүй юу?” гэж эсэргүүцнэ. Сөгдөж суух нь тэдний ёс заншилд нийцтэй бус бололтой. Түүний хэлснийг хүлээж авсангүй, тэр ч үргэлжлүүлж эсэргүүцсэнгүй. Гуутай бурхан өмнө барьсан лам хэрэгтнүүдийн өмнө очиход тэдний яриа сайн дуулдаагүй боловч нэг нь хойд төрөлдөө цэрэг хэвээрээ төрөхийг хүснэ гэж хариулжээ.

Гурван хэрэгтэн бурханы хөрөг өөд бишрэл дүүрэн харцаар ширтэх нь магадгүй хойд насандаа илүү сайн төрөлд олж төрөхөөр сэтгэл шулуудсан болов уу гэлтэй. Ламтныг явсан даруй хөх дээлтэй гурван цэрэг тэдэнд ойртон хамгийн их гэхэд л таван метрийн зайнаас пад пад хийлгэн буудахад цаад талын довцогт гурван хэсэг газар шороо пурхийж үзэгдэв.

Хоёр хэрэгтний толгой хүзүүгээрээ мушгиран арагш унжилаа. Сум хэдийнээ хэргээ гаргажээ. Нийтлэг журмын дагуу хоёр, гурав дахь удаа бууддаг боловч голд байсан хэрэгтэн амьд үлдснийг, хамгийн аюумшигтай нь түүнийг биднээс өөр хэн ч анзаарсангүй. Норвеги эр толгойн уруу бууж очоод монголчуудын анхаарлыг тэр золгүй хэрэгтэн рүү хандуулав.

Мориндоо хэдийнээ мордон Өргөө зүгт ергүүлэн довтолгож эхэлсэн цэргүүдээс нэг нь эргэж иртэл лавтай таван хором өнгөрсөн боловч бүтэн цаг шиг санагдсан. Цэрэг эр мориноос бууж өвдөг дээрээ сууж шагайж бай-гаад буудлаа. Энэ удаа тэр байгаа алдалгүй онож үйлтэй тэр хэрэгтэн амьсгал хураав. Бидний цөөн хэдэн хүн дуу шуугүй хөндийг уруудан гэрийн зүг явлаа.

Бидний дөнгөж сая хөдөлсөн газрыг тойрч элээ эргэлдэн хүмүүс тарж явахыг хүлээнэ. Хэрэгтнүүдийн өмсч явсан хиртэй бохир хувцсыг тайлж орхихыг захиж цөөн хэдэн копейк өгсөн тул яс баригчид үйлт тэр ажлаа хийхийн тул сүүлчийн хүн хөдлөхийг харзнана. Үхэгсдийг цогцсоор хооллодог Өргөөний золбин ноход цогцсыг зулгаахаар элээ шуувуудтай булаалдах болно.

 "Хөх толбо" сонин