Лу.Болд шинэчлэлийн Засгийн газарт Гадаад харилцааг 2 жил толгойлохдоо хийж бүтээсэн сайн зүйл цөөнгүй бий гэдгийг боловсрол мэдлэгтэй хэн бүхэн мэдэж байгаа.

Гэвч хүн л юм хойно сайны хажуугаар саар гэгч юм түүнд бас нилээд бий. Энэ тухай урьд нь хэвлэл мэдээллээр бишгүйдээ нэг гарч байсныг олон түмэн санаж байгаа байх.

Урдаас нь харахад “цагаан”, араас нь харахад “хар” өнгөтэй, албан тушаал зэрэг дэвээрээ түрий барьсан энэ цагийн  увайгүй  этгээдүүдийн нэг төлөөлөл бол яах аргагүй Лу.Болд мөнөөсөө мөн.

Тэрээр Батлан хамгаалахын сайд байхдаа Хойд Солонгост байлдааны олон онгоц зарах гэсэн дуулиант хэрэгт нэр нь холбогдоод түр намжсан.  Эрүүл ухаантай хэн ч бодсон энэ хэргийг сайдын шийдвэргүйгээр тэр Т.Дашдэлэг генерал ганцаараа дур мэдээд хийчих хялбар “ажил” биш гэдэг нь ойлгомжтой. Иймээс энэ хэрэг хожмын нэгэн өдөр, цаг нь болохоор, даравч дардайж булавч бултайж  дахин сөхөгдөж тавигдах нь тодорхой. 

Лу.Болд БХЯ-ны сайд байхдаа Цэргийн музейн хашаанд 230 айлын, арван давхар гурван орон сууц бариулахаар болж тендерт нь УИХ-ын гишүүн асан "молекул" Б.Батбаярын хүүгийн "Спейшл" корпорацийг шалгаруулж, суурийг  нь тавиагүй байхад сахүүжилтийг нь 100 хувь буюу 10.3 тэрбум төгрөгийг нэг мөсөн өгсөн боловч ажил нь дуусаагүй, одоо ч хэрүүл нь тасраагүй хэвээр байна.
Энэ мэтийн жишээг энд бичээд байвал барагдахгүй. Иймээс Лу.Болд гуайг сүүдэр мэт салахгүй дагаж байдаг хар зүйлүүдийн нэг буюу төрийн албыг төрөл, найз нөхдийн алба болгосон бодит жишээнүүдээс ганц хоёрыг иш татъя.
  
Анх сайдаар томилогдохдоо цэрэг армийн талаар “А” ч үгүй өөртэйгээ адилхан “аалз” хочит Ц.Ганболд, Ш.Сүхбаатар г.м хэдэн “мануухай” дагуулж ирээд цэргийнхэнд өөрсдийнхөө “номыг” зааж баруун солгойгүй бантагнуулсан. Түүнээс болж нэр бүхий хэд хэдэн оофицер “хар гэр”-т хоригдож чүзсэн.

Сүүлд ГХЯ-ыг толгойлохдоо Болд мөн л өөрийнхөө тойрон хүрээлэгч гадаад хэлний мэдлэггүй хэдэн “хиймэл дагуулаа” хөтлөж очоод тэднийгээ газрын захирал, гадаад улс орнуудад өндөр албан тушаалуудад тохоон томилж, ГХЯ-ны мэргэжлийн, туршлага дадлагатай   чадварлаг дипломатчдыг халж сольж баахан бужигнуулсан.

Сүүлийн ганц жишээг дурьдахад, Лу.Болд БХ-ын сайд байхдаа өөрийн найз, хөдөө аймагт ажиллаж байсан, боловсрол чадвар дорой хурандаа Ж.Цэрэнчимэд гэгчийг ОХУ-д дипломат албанд томилсон. Тэр нь тэнд ажиллах хугацаагаа аль хэдийн  2012 онд дуусгаад эх орондоо буцалгүй харийн оронд дур мэдэн үлдэснээр барахгүй төр улсын бодлогоор бэлтгэх ёстой ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийн хуваарийг Болдын дэмжлэгээр дундаас нь тэр өөртөө булааж цэргийнхний чихийг дэлдийлгэсэн. Үүгээр асуудал дууссангүй. Лу.Болд өнгөрсөн онд  тэрхүү найз Цэрэнчимэдийнхээ эхнэр, цэцэрлэгийн багшийг мөн л дипломат албан тушаалд томилж ОХУ-д суугаа манай ЭСЯ-ныхны гайхлыг төрүүлсэн.

Тэгээд ч бас зогссонгүй одоо Лу.Болд  БХЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэтэй үгсэн тохирч тэр найз Цэрэнчимэд гэгчийгээ ОХУ-д дипломат албанд дахин томилохоор болж байгаа нь цэргийнхний зэвүүцлийг төрүүлэхгүй байхын аргагүй байна шүү гэдгийг ЗГХЭГ-ын дарга, ГХ-ны сайдыг түр оролон гүйцэтгэгч эрхэмсэг сайд Ч.Сайханбилэг таны сонорт зориуд хүргэж, сэрэмжлүүлж байгаа минь энэ.

Таныг   Лу.Болдын хийж байсан зөв сайн зүйлсийг нь үргэлжлүүлж, буруу мууг нь хаяж явах байх гэдэгт найдаж бас харах л үлдэж байна даа.

                                                                                                                          Танд амжилт хүсье.        З.Баатар