Америк эрийн хулгайлсан монгол хүүхдүүд хаана яваа бол?
2014/10/30
Олон улсын "Maplecroft" фирмээс хүүхдийн хөдөлмөрийг хамгийн ихээр мөлжиж байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ.
Нийт 197 оронд энэ судалгааг явуулсан бөгөөд жил бүр хүнд хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо нэмэгдсээр байгааг мэдээлсэн байна. 2012 онд дэлхий даяар хүнд хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо 85 сая байсан бол энэ жил 115 сая болж өсчээ.
Судлаачид хүүхдийн хөдөлмөрийг хамгийн их мөлждөг орноор Эритрея улсыг нэрлэжээ. Үүний дараа Сомали, Конго, Мяньмар, Судан, Афганистан, Пакистан, Зимбабве, Иемен, Бурунди, Нигериа зэрэг улсууд багтсан байна. Харин манай хөрш Хятад улс эдгээрийн дараа хамгийн эрсдэлтэй оронд тооцогдсон байна. Учир нь Хятад өнгөрсөн жил 53 дугаарт бичигдэж байсан бол жилийн дараа 20-р байрт оржээ. Албан бус мэдээллээр Хятадад орон нутгийн үйлдвэрт 100 мянган насанд хүрээгүй хүүхэд ажилладаг гэсэн тоо байдаг гэнэ. Гэхдээ манай улс энэ жагсаалтад багтаагүй ч эрсдэлтэй жагсаалтад орсон БНХАУ-д бяцхан үсрээ хөдөлмөрийн мөлжлөгт өртүүлэх нь хэвээр байна. Багачуудыг хөдөлмөрийн мөлжлөгт өртүүлсэн зарим жишээг дугаарлахад ийм гарлаа.
- 2013 онд Эрүүгийн цагдаагийн албан хаагчид нэгэн асрамжийн газрын удирдлагууд насанд хүрээгүй бүтэн болон хагас өнчин 14 хүүхдүүдийг хил давуулан авч явсан болохыг тогтоож байлаа. Тэд хүүхдүүдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод сургах нэрээр 2012 оны наймдугаар сарын 31-нд хил давуулахдаа холбогдох байгууллагаас зөвшөөрлийг нь аваагүй байсан юм. Хүүхдүүдийг Хөх хотоос хоёр цаг гаруйн хугацаанд зорчиж очдог нэгэн газарт амраах нэрээр малын чүжээ, газар тариалан зэрэгт хоол, ундгүйгээр ажиллуулж байсан нь тогтоогдсон юм.
- “БНТУ, БНСУ-д ардын урлагийн тоглолтонд явуулна” хэмээн уран нугаралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургууль, дугуйлангийн багш нартай хуурамч гэрээ байгуулж хил давуулсан хэрэг мөн адил гарсан. Тэд Сингапур улсад хүүхдүүдийг аваачин гудамжинд тоглуулан, “гуйланчилал”-д оруулах байдлаар хөдөлмөрийн мөлжлөгт өртүүлж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Мөрдөгчдийн мэдээлснээр нэр бүхий хүмүүс нь 2009 оноос хойш 9-16 насны 17 хүүхдийг долоон удаагийн үйлдлээр хуурамч гэрээ ашиглан Сингапур улс руу хил давуулан хөдөлмөрийн мөлжлөгт өртүүлсэн байна.
- “Австрали улсын иргэн Ди Ди буюу Габрел Мери Давлинг гэгч эмэгтэй нь 1995 оноос хойш Монгол Улсад Lotus буюу “Бадамлянхуа” асран хүмүүжүүлэх төвийг үүсгэн байгуулсан байдаг. Ингэхдээ хүүхдүүдийг гуйланчлалд оруулдаг, асрамжийн төвийн хөрөнгийг хувьдаа завшдаг гэх мэдээлэл цагдаагийнханд иржээ. Шалгалтын явцад 2010 оны гуравдугаар сард сард Тайланд улс руу асрамжийн төвийнхөө таван хүүхдийг хил давуулахыг завдсан болох нь тогтоогдсон юм байна. Түүнчлэн хүүхдүүдэд махан хоол идүүлдэггүй, хүчээр цагаан хоолтон болгодог. Асрамжийн хүүхдүүдийн ерөнхий биеийн хөгжил тааруу, давжаа биетэй, өвчлөмтгий, сэтгэн бодох чадвар муу, уургын дутагдалтай байсныг эмч нарын үзлэгээр тодорхой болсон юм. Угтаа Стандарчлал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн баталсан тогтоолоор “Хүүхдийн асрамж хамгааллыг тухайн байгууллагын удирдлага нь Монгол улсын иргэн байна” гэсэн үндсэн шаардлага байдаг. Гэвч “Бадамлянхуа” асрамжийн төвийг гадаадын иргэн ажиллуулж байсан юм.
- 2013 онд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй циркийн дугуйлан уран нугаралтын үзүүлбэр үзүүлэх нэрээр хүүхдүүдийг Энэтхэг руу хууль бусаар хил давуулсан хэрэг бас л гарав. Энэтхэг улсын хувийн байгууллагатай интернэт ашиглан холбоо тогтоож, ямар нөхцөл байдалд ажиллах талаар мэдээлэл атлаа багачуудыг явуулснаас бол очсон багачууд нь хоол ундгүй хэсэг хугацаанд “хоригдсон”. Хожим Гадаад харилцааны яамнаас эдгээр хүүхдийг эх оронд нь авчирсан бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага өдгөө шалгаж байгаа юм байна.
- Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн нэр бүхий удирдлага АНУ-ын иргэн Ч гэгчтэй хамтран 2004 онд төвийнхөө гурван хүүхдийг “худалдсан” гэх хэрэг гарчээ. АНУ-руу хууль бусаар хил давуулчихаад үрчлүүлэх гэж хөөцөлдөж явсан юм байх. Гэвч холбогдох байгууллагуудын хүүхэд үрчлэн авах шаардлага хангаагүй учраас багачуудыг жуулчны визээр АНУ-д аваачсан сураг байна. Энэ хүүхдүүдийг хууль бусаар хил давуулсан 2004 оноос хойш тэд эргэж ирээгүй байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгасаар байгаа ч тодорхой үр дүн гарахгүй байгааг эх сурвалж мэдээллээ.
Зууны мэдээ сонин
Bd · 2014/10/31
Ene bvgd etseg exchvvdiinl buruushdee etseg exchvvd xvvxdee sain xarj xandaj xamgaalax ystoi
Зочин · 2014/10/31
арай ч дээ даана ч дээ
Зочин · 2014/10/31
Зочин · 2014/10/31
Ochij ochij yu ch medehgui huuhduudiig hunii naimaand ashigladag iim humuus yer ni hun mun uu?