“Арилжааны банкуудын санхүүжилт дууссан учир орон сууцны найман хувийн зээлийг олгохгүй байгаа” гэсэн мэдээлэл гарах болсон. Тиймээс энэ талаар Монголын ипотекийн корпорацийн Актив хариуцсан албаны дарга А.Маргад-Эрдэнэтэй ярилцлаа.

 

-Орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгодог арилжааны банкуудын зарим нь санхүүжилт дууссан гэсэн шалтгаанаар зээл олгохгүй байгаа гэх юм. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-Найман хувийн зээлийн санхүүжилтийг Монгол банк наас олгодог. Харин манай байгууллага иргэдийн зээлийг худалдан авч үнэт цаас болгодог. Түүнийгээ арилжааны банкуудад худалдаалдаг. Үүний дараа арилжааны банкууд арван хувийг нь өөрсдөө авч, 90 хувийг нь Монгол банк руу худалдаалдаг. Ерөнхийдөө ийм зарчимтай. Орон сууцны ипотекийн зээлийн журмыг 2013 онд баталсан. Энэ журмыг хангасан чанартай зээлийг иргэдэд банкууд олгосон эсэхийг бид нэг бүрчлэн судалдаг. Анх хөтөлбөр эхэлж байхад 11 банк гэрээнд гарын үсэг зурсан. Одоогоор Хас, Хаан, Голомт, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг зах зээл дээр үйл ажиллагаа нь нэлээд өргөжсөн томоохон банкны санхүүжилт дуусаагүй. Иргэд эдгээр банкнаас зээл авч байна. Харин үндэсний хөрөнгө оруулалтын банк болох харьцангуй жижиг Капитрон, Чингис хаан зэрэг банкны санхүүжилт дууссан байх. Ариг банк, Улаанбаатар хотын банк, Капитал банк тодорхой зааглагдсан хэмжээний санхүүжилттэй. Санхүүжилт нь багасч байгаа учир зээлийнхээ шалгуурыг өндөр болгож байна.

 

-Танайх арилжааны банкуудаас найман хувийн хүүтэй зээлийг багцлан авч бонд гаргадаг. Одоо гурав дахь удаагаа бонд гаргах гэж байгаа гэсэн. Бондын хүүд өөрчлөлт орох уу?

 

-Ипотекийн найман хувийн зээл. Энэ бол хүү нь тодорхой. “Инфляцийн төвшнөөс шалтгаа-лаад нэг хувиар хэлбэлзэж болно” гэсэн заалттай. Тиймээс бидний худалдан авч буй бүтээгдэхүүн найман хувийн хүүтэй болохоор манайхаас гаргаж байгаа бонд хувьсаад байх боломжгүй. Бид найман хувийн хүүтэй зээл худалдан авч үнэт цаас болгож хоёр хэсэгтэйгээр арилжааны банкуудад зарж байна. Тухайлбал, арван хувь нь эрсдэл ихтэй, өндөр хүүтэй. Үүний бондын хүү 10.5 хувь. Үлдсэн 90 хувь нь эрсдэл багатай, бага хүүтэй. Бондын хүү нь 4.5 хувьтай байдаг. Тиймээс шинээр гаргаж буй бондын хүүд цаашид өөрчлөлт орохгүй. Харин найман хувийн зээлд инфляцийн төвшнөөс шалтгаалж өөрчлөлт орвол бондын хүүг дахин тооцно. Гурав дахь удаагийн бонд гаргах зөвшөөрлөө Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. Өнгөрсөн сарын 31-ний байдлаар зээл дэгчдийн үлдэгдлийг худал-даж авсан. Энэ сарын 7-нд гүйлгээ хийнэ. Одоогоор дөрөв дэхь ээл жийн бонд гаргах бэлт-гэлээ хийж байна. Багцынхаа хэмжээг тодорхойлсон. Ер нь энэ онд багтааж гаргах төлөвлөгөөтэй байна.

 

-Танайхаас өмнө нь гаргаж байсан бондууд хаалттай байсан. Хэзээнээс зах зээл дээр нээлттэй бонд гаргах вэ. Ийм боломж бий юү?

 

-Бондыг нээлттэй гаргаж болно. Гэхдээ анхнаасаа тусгай схемийн дагуу бонд гаргасан. Өөрөөр хэлбэл, Монгол банкнаас арилжааны банкуудад санхүүжилт өгч, арилжааны банкууд иргэдэд зээл олгодог. Үүний дараа иргэдэд олгосон зээлийг манайх худалдан авч үнэт цаас болгодог. Үүнийгээ буцаагаад арилжааны банкуудад худалдаалдаг. Ийм схемийн дагуу явдаг. Тиймээс зах зээл дээр нээлттэй гаргах боломжгүй.

 

-Орон сууцны найман хувийн зээлийн хөтөлбөр хэрэгжээд жил гаруй болж байна. Одоогоор хэчнээн иргэн энэ төрлийн зээл авсан байна вэ?

 

-Хөтөлбөр эхэлснээс хойш энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар 1.8 их наяд төгрөгийг нийт 40537 зээлдэгч авсан байна гэсэн тооцоог Монгол банкнаас гаргасан. Үүнээс хойш нэг сар өнгөрсөн байна. Өдөрт 40-60 зээлдэгч шинээр нэмэгддэг. Тийм болохоор одоогоор 42 мянгад хүрсэн байх. Хүйтэрч байгаа учир энэ үед орон сууцны зах зээл буудаг. Хоёрдугаарт эдийн засаг нэлээд хүндрэлтэй байна. Үүнээс шалтгаалж иргэд найман хувийн зээлд хамрагдах нь бага зэрэг буурсан.

 

-Найман хувийн хүүтэй зээл авахад иргэдэд тавьдаг шаардлага, шалгуурт нэмж өөрчлөлт орсон уу?

 

-Өөрчлөлт ороогүй. Монгол банкнаас гаргасан орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам, Засгийн газраас гаргасан ерөнхий журам хоёрыг баримталж байна. Иргэд найман хувийн зээлийг хэдэн ч удаа авч болно. Хамгийн гол нь өөрсдийн орлогоор зээлээ төлдөг. Тийм болохоор авч буй зээл нь өрхийн орлогын 45 хувиас хэтрэхгүй байх ёстой. Найман хувийн зээлтэй байгаа үед зээлээ хаасны дараа, дараагийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Зөвхөн үүгээр л хязгаарлаж байна. Үүнээс гадна арил жааны банкууд үйл ажиллагаа, эрсдэл зэргээс шалтгаалж бага зэргийн өөрчлөлт оруулсан. Жишээлбэл, Хаан банкнаас зээл авах гэж буй иргэ дийн хувьд тухайн банкны картаар цалингаа авдаг байх ёстой.

 

-Иргэд арилжааны банкуудын шалгуурыг хангадаг ч зарим тохиолдолд МИК-аас шалгаж тухайн зээлийг цуцалдаг гэсэн гомдол гардаг. Энэ тал дээр тайлбар өгнө үү?

 

-Бид зөвхөн журмаа л баримталдаг. Журмыг арилжааны банкууд арай өөр өнцгөөс харах, ойлгомжгүй байдалд хүрэх зэргээс шалтгаалан ийм зүйл гардаг. Жишээлбэл, арилжааны банкаас зээлдэгчдэд журмаа буруу тайлбарлаж, чанарын шаардлага хангаагүй зээл олгодог. Эсвэл банк өөрөө бичиг баримтаа буруу үйлдэх зэрэг зөрчил гардаг. Энэ тохиолдолд манайх зээлийг худалдаж авах боломжгүй. Гэхдээ зөрчлөө арилгаж, журмын шаардлага хангасан тохиолдолд тухайн иргэний зээлийг худалдаж авахад бэлэн. Орон даяар хэрэгжиж буй хөтөлбөр учир зарим иргэд мэдээлэл хомс байх шиг байна. Тиймээс үүнд арилжааны банкуудын эдийн засагч анхааралтай ажиллах хэрэгтэй.

 

-Найман хувийн хүүтэй зээл иргэдийн амьдралд нэлээд ойр байдаг. Тиймээс арилжааны банкны санхүүжилт, валютын ханшийн өсөлт, эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалан зээлийг иргэдэд олгохоо болихвий гэсэн таамаглал байна. Цаашид уг хөтөлбөр үргэлжлэх үү?

 

-Монгол банк хөтөлбөрийг санаа чилж, санхүүжилдэг. Уг газраас хөтөлбөр цаашид үргэлжилнэ гэдгийг бидэнд мэдэгдсэн. Тиймээс бид ч гэсэн ялгаагүй хийх ёстой ажлаа хийнэ. Зээл авах боломжтой иргэдийн 70 орчим хувь нь одоогоор зээлээ авсан байна.

 

-Найман хувийн зээлд хамрагдахад орон сууцныхаа урьдчилгаа 30 хувийг төлсөн байх ёстой байдаг. Энэ хэмжээг бууруулах боломж бий юу?

 

-Энэ бол олон улсын стандарт хэмжээ. Манай гаргаж буй үнэт цаас арилжааны банкаар дамжаад Монгол банк руу худалдагддаг. Эндээс олон улсын зах зээлд гарсан тохиолдолд стандарт шаард даг. Тиймээс урьдчилгаа нь аль болох өндөр байна төдий хэрээр тухайн зээл баталгаатай, найдвартай гэж олон улсад үздэг. Гадны хөрөнгийн зах зээлээс орон сууцны зах зээлдээ хөрөнгө оруулалт татахаар болвол урьдчилгаа хувийг аль болох багасгахгүй байх хэрэгтэй.

 

-Сүүлийн үед арилжааны банкуудын зээлийн шалгуур яагаад өндөр болоод байна вэ?

 

-Арилжааны банкуудад байгаа санхүүгийн эх үүсвэрийн хэмжээ буурсан тохиолдолд илүү чанартай зээлдэгчдэд зээл олгох гэж шалгуураа өндөрсгөж байна. Энэ тал дээр бидний зүгээс ямар нэгэн хориг тавихгүй. Хамгийн гол нь бидний худалдан авч буй зээл чанартай л байх ёстой.

 

-Ямар нэгэн хөтөлбөрт хөдөө орон нутгийн иргэд оролцох нь хязгаарлагдмал байдаг. Тэгвэл уг хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна. Үүнд хөдөө орон нутгийн иргэд хэр зэрэг хамрагдаж байна вэ?

 

-Орон сууцны найман хувийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн 70 хувь нь нийслэлийн иргэд. Үлдсэн 30 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна. Өөрөөр хэлбэл, манайхаас үзэж, шалгасан 18000 зээлийн14 мянгыг нийслэлийн иргэд, дөрвөн мянгыг орон нутгийн иргэд эзэлж байна.

 

-Долларын болон өндөр хүүтэй зээлтэй иргэд найман хувийн зээл рүү шилжих боломж хэвээрээ юү. Энэ тал дээр бэрхшээлтэй зүйл гарч байна уу?

 

-Ийм боломж нээлттэй хэвээрээ. Хөтөлбөр эхэлсэн цагаас дахин санхүүжилт хийж өндөр хүүтэй болон ам.долларын зээлийг найман хувь руу шилжүүлсэн долларын зээлийн хувьд бага зэрэг хүндрэл гардаг. Тухайн үед ам.долларын ханш бага байсан. Одоо харин ам.долларын ханш өссөн үзүүлэлттэй байна. Заавал өнөөдрийн өндөр ханшаар зээлийн үнэлгээний харьцааг бодохгүйгээр тухайн худалдан авч байсан үеийн ханшаар бодох жишээтэй. Ийм байдлаар зохицуулахгүй бол зээлийн үнэлгээний харьцаа 70 хувиас хэтрэхгүй байх гэсэн шаардлагыг хангахад хэцүү болдог.

 

С.Юмсүрэн