Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Нийслэлчүүдийн ундны усны хэрэгцээг хангаж байгаа Туул гол бохирдолоороо хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт орсон гэдгийг өнгөрөгч есдүгээр сард мэдэгдсэн. 

Тэгвэл НМХГ-аас Туул голын усны бохирдлын түвшинг тогтоож, бохирдлын шалтгаан нөхцөлийг тодруулжээ. Туул голын ус нь дээд хэсгээр Гадаргын усны цэврийн ангиллын нормоор бага бохирдолттой. Харин хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус нийлүүлж буй Сонгинын гүүрнээс эхэлж, эрс бохирдож, тавдугаар зэргийн буюу их бохирдолттой ангилалд хамрагдаж байна. 

Энэ ангилалд хамрагдсан усыг унд, ахуй, үйлдвэрлэл гээд аль ч төрөлд ашиглах боломжгүй ажээ. Туул голын сав газар нь таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км.кв талбайг эзэлдэг юм.

Уг сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь хамрагддаг гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл Улаанбаатар хотын иргэдийг угааж, ундаалж урсаж буй энэ хэсэг хамгийн ихээр бохирдсон нь арьс ширний үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой байна. 

Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн технологийн хаягдал усанд мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шинжилгээний үзүүлэлтээр химийн хэрэгцээт хүчилтөрөгч стандартын үзүүлэлтээс 1.5 дахин их, жинлэгдэгч бодис 1.04 дахин их, усны орчин 1.32 дахин их үзүүлэлттэй гарчээ.

Энэ онд хийсэн шалгалтаар химийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.37 дахин их, усны орчин 1.1 дахин их ба бусад үзүүлэлтүүд стандартын түвшинд байгаа гэнэ. Харин ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн шинжилгээний дүнг стандарттай харьцуулж үзэхэд 2013 оны байдлаар химийн хэрэгцээт хүчилтөрөгч тогтоосон нормоос 8.5 дахин их, жинлэгдэгч бодис 23.9 дахин их, усны орчин 1.19 дахин их, сульфид 1.29 дахин их үзүүлэлттэй байсан бол 2014 оны шалгалтын дүнгээр химийн хэрэгцээт хүчилтөрөгч 11.9 дахин их, жинлэгдэгч бодис 5.03 дахин их, усны орчин 1.08 дахин их, сульфид 1.29 дахин их гарсан байна. Мөн энэ онд хийгдсэн хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, нэмэлт тодотгод хийгдээгүй болон менежментийн төлөвлөгөөгүй ажилласан арьс шир боловсруулах “Содон цуурай”, “Их асар”, “Буурал гол” үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

Түүнчлэн ноос ноолуур угаах “Уран нинж”, “Баянгонгор” үйлдвэрийн үйл ажиллагааг зөрлөө арилгах хүртэл улсын байцаагчийн актаар түр зогсоосон байна.

Х.Даваа