МАН-аас гаргасан Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлүүд
2014/11/04
УИХ-ын 28 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төсөлд тусгасан үндэслэлийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулав. Үндэслэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Шинэчлэлийн гэх Засгийн газрын бодлогын алдааны улмаас хоёрхон жилийн өмнө 17,5 хувь байсан эдийн засгийн өсөлт жил дараалан буурч, энэ оны эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6,3 хувь болж байна.
Засгийн газар Улсын Их Хурлын хяналтгүйгээр, нэгдсэн төсвөөс гадуур 7 их наяд орчим төгрөгийг зарцуулсан ч эдийн засаг өсөх бус улам доройтсон. Үүнийг Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банк зэрэг олон улсын хөндлөнгийн байгууллагуудын дүгнэлт баталлаа.
Монгол Улсын өрийн хэмжээ 17,7 их наяд төгрөгт хүрч, жилийн ДНБ-ээс давлаа. Улс орон өрийн дарамтад бодитойгоор орлоо. Гэтэл энэ их өрийг Ерөнхий сайд Норовын Алтанхуяг ямар эх үүсвэрээр хэзээ, хэрхэн, яаж төлөх талаар өчүүхэн ч санаачилга гаргаж, санаа зовохгүйгээр “бидний үр хүүхэд төлөөд явчихна” гэж ард түмэнд хандаж албан ёсоор байр сууриа илэрхийлэв.
Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг үргээн хөөсөн учир “Стандарт энд Пүүрс” болон “Мүүдиз” зэрэг олон улсын агентлагууд Монгол Улсад зээл өгөх, хөрөнгө оруулалт хийх бол “эрсдэлтэй шүү” гэж дэлхий нийтэд сонордуулан зарлах болоод удлаа.
Эдийн засгийн энэ хямралын нөлөөллөөр хугацаа хэтэрсэн зээл 4 дахин, чанаргүй зээл 2 дахин нэмэгдэж, банк, санхүүгийн систем бүхэлдээ эрсдэлтэй байдалд шилжлээ.
Баялаг бүтээгч, татвар төлөгчдийн тоо эрс буурч, ажилгүйдэл түүнээс үүдэлтэй ядуурлын түвшин эрс нэмэгдлээ. Энэ оны төсвийн татварын орлого бараг нэг их наяд төгрөгөөр тасарч улсын данс хоосрох түгшүүрийн харанга дэлдэж байна.
Засгийн газрын алдаатай бодлогын уршгаар валютын ханш 40 орчим хувь, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 30-80 хувиар өссөнөөр цалин, тэтгэвэр, тэтгэмжээр амь зогоож байгаа ард түмний худалдан авах чадвар эрс муудлаа. Энэ байдал нь тун удахгүй Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх нь бүү хэл хугацаанд нь тавьж чадахгүйд хүрч, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой нөлөө үзүүлэхээр байгааг онцгойлон анхааруулья.
Эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийж, нийгэм эдийн засгийн бодит хямрал, тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т заасныг тус тус баримтлан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын гишүүд бид Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг дараах үндэслэлүүдээр гаргаж байна.
НЭГ. ЭДИЙН ЗАСАГ БА ХУУЛИЙН ХҮРЭЭНД
Н.Алтанхуягийн Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3 дахь заалтыг байгуулагдсан цагаасаа эхлэн зөрчиж, өрийн хэмжээг хуульд зааснаас хэтрүүлсэн. Улсын Их Хуралд өргөн бариад байгаа Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд Монгол Улсын өрийн хязгаарыг бүр 90 хувьд хүргэхээр тусгасан нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээх үндэслэл болно.
Өнөөдөр Монгол Улс улсын нэгдсэн төсөв, “Үнийг тогтворжуулах” хөтөлбөр, “Чингис” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны гэсэн 5 төсөвтэй болж, ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй, хууль бусаар зарцуулагдаж байна. Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3, 6.3.4, 49 дүгээр зүйлийн 49.3-ыг ноцтой зөрчиж байна.
Хоёр жил дараалан төсвийн орлого, зарлага 1 их наяд гаруй төгрөгөөр тасарлаа. 2013 оны төсвийн хуулиар Төсвийн ерөнхийлөн захирагчдад хүлээлгэсэн үндсэн чиг үүрэгт хамаарах 101 хөтөлбөрийн 304 арга хэмжээнээс 110 нь огт хэрэгжээгүй буюу дутуу хэрэгжсэн байна. Энэ нь “Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.12, 11.1.13, 11.1.15, Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.5 дахь хэсэгт заасан төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн бодлого чиглэлээ энэ Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байна” гэж шууд дүгнэхэд хүргэж байна. Бүх шатанд эрх зүйт төрийн үндсэн зарчим болох хууль дээдлэх ёсыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг биечлэн оройлж хөсөрдүүллээ.
ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ БА УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ХҮРЭЭНД
Улсын Их Хурлаас баталсан “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолын дагуу Засгийн газар хийх ажлын 62,6 хувь нь хэрэгжсэнгүй. 100 хоногийн ажлын гол үр дүн болж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ энэ хугацаанд 20-60 хувиар өслөө.
Улсын Их Хурлаас өгсөн үүргийн дагуу Засгийн газар 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төсөвт байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулах, бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт байгууллагын дэд дарга, яам, агентлагийн газрын орлогч дарга, даргын туслах, төсвөөс цалинждаг зөвлөх зэрэг орон тоог цөөлөх, цомхотгох, төрийн албаны гэрээт ажилтны орон тоог 50 хувиар бууруулах гэх мэт олон зорилтыг дэвшүүлсэн "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 30 дугаар тогтоолын төслийг баталсан ч огт хэрэгжүүлсэнгүй.
ГУРАВ. ЭДИЙН ЗАСАГ БА ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД
Н.Алтанхуягийн “давхар дээлтэй” Засгийн газар төрөл бүрийн аргаар боомилон боогдуулж төрийн эрх барих дээд байгууллага - УИХ-ын үйл ажиллагааг үндсэнд нь зогсонги байдалд орууллаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль дээдэлж, хариуцлага, ёс зүй, хөгжил нэхсэн нийгмийн хатуу шаардлагыг үл тоож байгаагаа бүлэг фракцын төлөөлөл болсон, ажил мэргэжил, ёс зүйн шаардлага хангахгүй хүмүүсийг сайдаар дахин томилуулах гэсэн оролдлогоороо харуулав.
Улсын Их Хурлын гишүүд бид ажлаа хийж чадахгүй сайд нартаа хариуцлага тооцох, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал, жуулчлалын яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам зэрэг зарим яамдын сайд нарыг өөрчлөх талаар Улсын Их Хурал болоод Ерөнхий сайдад хандаж ирсэн. Харамсалтай нь бүтцийн өөрчлөлт нэртэй хариуцлагаас зугтсан өнгөц заслыг засагтаа хийж, улс орныг хөгжүүлэх биш сайд нараа хэсэгчлэн авч үлдэх гэсэн үйлдэл нь Монголын төрд байж боломгүй жишиг тогтоолоо.
ДӨРӨВ. ЭРХ АШГИЙН ЭРЭМБЭ БА ЁС ЗҮЙ, ХУУЛИЙН ХҮРЭЭНД
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрийн албанд шургалуулсан ах дүү, хамаатан садангийн сүлжээ, зөвлөх, туслах, ажлын албаараа дамжуулан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон олон ноцтой мэдээллийг эрх бүхий хуулийн байгууллагууд олон нийтэд мэдээлж байгаа. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулж, эхний ээлжид дараах хэргүүдийг нэг бүрчлэн шалгуулах ёстой гэж үзэж байна.
Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа хувийн ашиг сонирхлоор төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн гэрээг зогсоосноор Монгол Улс 8,2 сая долларын торгууль хүлээлээ. Энэхүү түр зогсолтын хугацаанд Ерөнхий сайдын хүргэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга болж, тус компанийн 17 тэрбум төгрөгийн тендерт эхнэрийнхээ нэр дээрх "Говь Повер" ХХК-ийг ялуулсан. Гэтэл тендерийг хүчингүй болгосны дараа тэд шүүхэд хандаж, төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 4 тэрбум 688,5 сая төгрөгийг мөнөөх “Говь Повер” компанид өгсөн байна.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх, туслах, хүргэн, охин нарынхолбогдсон "Нүүрс" хөтөлбөр,"Цэвэр агаар сан", баруун аймгуудын битүү захын болонТҮЦ машины тендертэй холбоотой 9,7,3,6,2,2 тэрбум төгрөгийн хохирол бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг Авлигатай тэмцэх газар, холбогдох байгууллагууд хянан шалгаж тогтоосон.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн зэрэгцээ дээр дурдсан төсвийн хууль, тогтоомжийг удаа дараа зөрчин, Засгийн газрын ажлыг зангидан зохион байгуулах, хууль хэрэгжүүлэх, үүргээ туйлын хангалтгүй биелүүлж, ноцтой алдаа дутагдлуудыг гаргаж байгаа Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай бидний саналыг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ үү.