Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос гаргасан байна. Энэ талаар МҮЭХ-ны Хөдөлмөр, нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Баатарцогттой ярилцлаа.

 

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг УИХ-д мэдүүлсэн. Хэзээнээс эхэлж нэмэх вэ?

 

-Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос/МҮЭХ/ цалин тэтгэмжийг нэмэгдүүүлэх асуудлыг өнгөрсөн долдугаар сарын 29-нд Засгийн газарт албан тоотоор хүргүүлсэн. МҮЭХ-ноос 2015 онд улсын төсөвт санал оруулсан. Үүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх санал өгсөн байгаа. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг үндэсний хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг болсон. Хуулийнхаа заалтаар 2015 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох ёстой. Үүнийг хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо шийднэ.

 

-Цалин тэтгэвэр нэмэхэд 800 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Тэгэхээр 60 хувиар нэмэгдүүлэх боломжгүй юм биш үү?

 

-МҮЭХ-ноос цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 60 хувь нэмэгдүүлэхэд 800 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн. Бодит тооцоо, судалгаан дээр үндэслэж гаргасан.

 

-Цалин тэтгэврийг нэмэхээр дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон инфляц өсдөг. Мөн цалин нэмэхээр төсөвт хүнд ачаа болно гэх нь ч бий. Үүнийг хэрхэн тооцож байгаа вэ?

 

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа шинэчлэн тогтоож байгаа. Шинэчлэн тогтоохдоо иргэдийн амьжиргаа, худалдан авах чадвар, инфляц, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг харьцуулж, харгалзан үзээд хэдэн хувиар нэмэх үү гэдгээ зөвшилцдөг. МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэх шаардлагатай гэсэн саналыг тооцоо судалгаан дээр үндэслэж хийсэн. 2013 оны судалгаагаар нэг сая гаруй ажилчны дөрөв орчим мянга нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин авч байсан. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, гадны хөрөнгө оруулалттай болон солонгос эзэдтэй компаниуд хуулийг ашиглан монгол ажилчдыг мөлжиж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид манайд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ ажилчдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг. Энэ байдлыг МҮЭХ өөрчлөхөөр ажиллаж байна. Улсын дундаж цалин 786700 төгрөг болчихсон. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дундаж цалингийнхаа 25 хувьд хүрч байна. Дундаж цалин ийм өндөр байхад 192 мянган төгрөгийн цалин авч байгаа ажилчид хохиролтой байна. Цалин тэтгэврийг нэмээгүй байсан ч инфляц, бараа бүтээгдэхүүний үнэ жилээс жилд өсч л байдаг. Гэтэл цалингаа нэмэхгүй яваад байвал дундаж болон доод давхаргын нэн ядуу бүлэг улам л нэмэгдэнэ. Тиймээс МҮЭХ худалдан авах чадвар, иргэдийн бодит орлогыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. 2013 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхдээ 2011, 2012 оны эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, 36.7 хувиар нэмсэн. Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт доройтож байна.

 

-Дахин нэмлээ гэхэд төрийн байгууллагад ажиллагсдын цалинг нэмдэг. Гэтэл хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа цалинг нэмдэггүй. МҮЭХ-ноос энэ тал дээр хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

 

-Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа ажилчдын цалинг нэмэгдүүлэх гарц нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх юм. Ер нь бол хувийн байгууллага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгож байна. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмбэл хувийн хэвшлийн ажилчдын цалин ч бас нэмэгдэнэ гэсэн үг. МҮЭХ-ноос 10 гаруй мэргэжлийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон байгаа. Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос барилга 358, геологи уул уурхайн салбарт 384, эрүүл мэндийн салбарт 249 мянган төгрөгийн цалинтай байхаар талуудтай зөвшилцөөд нэмэгдүүлсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон цалингаа нэмээгүй албан байгууллагад хөдөлмөрийн хуулийнхаа дагуу хариуцлага тооцдог. Хамгийн гол нь иргэд бидэнд хандаж санал ирүүлэх хэрэгтэй. Иргэдийн гомдол саналыг хүлээж авдаг 1800-1292 тусгай дугаарт хандах боломжтой.

 

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэдэн жилийн давтамжтай нэмдэг вэ?

 

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнө нь Засгийн газар тогтоодог байсан. 2011 оноос Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо тогтоож байна. Үндэсний хороонд Засгийн газрын болоод Ажил олгогч эздийн холбооны, МҮЭХ-ны төлөөлөл багтдаг. Гурван талаасаа ярилцаж байгаад цалин тэтгэврийг нэмдэг болсноор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бодитоор нэмж байгаа. 2011 онд 140400, 2013 онд 192 мянган төгрөг болсон байгаа. Хуулийнхаа хугацаанд хоёр жилд нэг удаа нэмдэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй хүмүүсийн орлого нэмэгдэхэд том хөшүүрэг болно.

 

-Цалин нэмэх тухай мэдээллийг олон нийтэд хүргэхгүйгээр нэмэхээр болсон. Энэ зарчмаа баримталж байгаа юу?

 

-2014 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийтдээ 235 тэрбум төгрөгийг зарцуулсан. Аль салбарт хэдэн хувиар нэмэгдүүлсэн бэ гэдгээ нийтэд зарлахгүйгээр нэмэгдүүлнэ гэсэн заалтаа мөрдөөд явж байна. Тухайлбал, энэ зарчмыг мөрдсөнөөс хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжийг дагаад бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгддөг гэсэн ойлголтыг багасгасан. Энэ бол эхний алхам. Үүнийг дараагийнхаа хэлэлцээрээр баталгаажуулна.

 

С.Ичинхорлоо