З.Энхболд: Ч.Сайханбилэгийг УИХ-аар дэмжсэн тохиолдолд кабинетаа байгуулах эрхийг өөрт нь өгнө
2014/11/17
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдтой ярилцлаа. Түүнийг өнгөрсөн бямба гаригт хуралдсан ҮЗХ-ны хурлаар Ардчилсан намын даргаар сонгосон. Ардчилсан намын даргын эхний ажил нь намын дүрэмд өөрчлөлт оруулах аж.
-Нийгмийн анхаарал АН-ын дотоод асуудал дээр төвлөрсөн үед ирэх жилийн төсвийг УИХ баталлаа. Төсөв ямар хэмжээнд батлагдав?
- Энэ жилийн төсөв онцгой цаг үед батлагдлаа. Ерөнхий сайдгүй, Сангийн сайдгүй хэрнээ УИХ дахь намууд хэл амаа ололцоод төсвийг хугацаанаас нь нэг хоногийн өмнө баталсан. Мэдээж шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа зохих өөрчлөлтүүдийг хийх байх. Орж ирсэн төсвийн урсгал зардлаас 118 тэрбум төгрөгийн хасалт хийлээ. Сүүлийн 10 жилд ингэж хасалт хийгээгүй. Засгийн газрын оруулж ирсэн төсвийн орлого, зарлагыг нэмээд баталчихдаг. Тэр нь хэрэгждэггүй. Мөнгөгүй байж, мөнгөтэй юм шиг аашилдаг байсныг анх удаа зассан нь энэ. Ер нь орлого орохоо байсан учраас зардлаа багасгая гэж үзсэн. Ерөнхий сайд, Сангийн сайдгүй үед УИХ-д суудалтай намууд ойлголцоод төсвөө батална гэдэг УИХ Үндсэн хуулиар олгогдсон төсөв мөнгөний, санхүүгийн бодлогоо барих үүргээ биелүүлж байна гэсэн үг. Он гаргаад цагаан сарын өмнө тодотгол хийхийг даалгасан. Ер нь сая дурдсан 118 тэрбум төгрөгийн хасалт юу ч биш. Хэрэггүй байгууллагууд байна. Хэрэггүй аж ахуйн нэгж, улсын үйлдвэрийн газрууд байна.Энэ болгоноосоо сал. Төсвийн хэмнэлтийг бодитойгоор, төсвийн зарлагын реформоо оруулж ир гэдэг үүргийг шинэ Засгийн газарт өгч байгаа. Он дуустал шинэ Засгийн газарт энэ бүх илүүдэл "өөхнөөсөө" салах боломж байна. Тэр нь өөрөө олон арван хуулийн өөрчлөлтийг шаардах учраас сая амжуулах техникийн боломж байсангүй.
-Иргэдийн халаасны мөнгө нэмэгдэх үү гэдэг хүлээлт мөнхөд байдаг?
-УИХ иргэдийн гар дээр очих мөнгийг мэдэхгүй. 180 мянган төрийн албан хаагч, 200 гаруй мянган тэтгэвэр авагчийнхаа асуудлыг мэднэ. Бусад нь хувийн хэвшлийн ажилтан. Төр мэддэг хүмүүсийнхээ цалин, тэтгэвэрт зориулж 500 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Засгийн газар ямар үе шаттайгаар, хэзээ хэнийх нь цалинг нэмэх вэ гэдгийг мэдэх учиртай.
-Ам.долларын ханш хамгийн тулгамдсан асуудал болчихоод байгаа. Энэ нь ч иргэдийн гар дээрх мөнгийг гадагш нь урсгаж байгаа нэг хэлбэр болж байна?
-Ам.доллар гэдэг зүйл Монгол Улсын импорт, экспортын зөрүүгээр тодорхойлогдоно. Бид гадаадад зарагддаг бараа үйлдвэрлэлийнхээ хэмжээг нь нэмтэл ханш сайжрахгүй. Таван толгойн нүүрсийг хуучнаасаа илүү ихээр гаргаж байгаа. Гэтэл ханш нь хоёр дахин унасан учраас орж ирдэг валютын урсгал багабайна. Тэгэхээр ган хайлуулах, зэс хайлуулах, гээд экспортын бараа үйлдвэрлэдэг үйлдвэрлэлүүдийг ашиглалтад оруулж тэр нь хийсэн бүтээгдэхүүнээ гадагш зарж валютын урсгалыг татахгүй бол ханш сайжрахгүй.
-Сүүлийн жилүүдэд төсвийн орлого тасардаг болчихлоо. Ирэх жил уул уурхай, бусад орлого ямар түвшинд байгаа юм бол?
-Манай эдийн засгийн гажуудал нь ганц салбараас буюу уул уурхайн боловсруулаагүй бүтээгдэхүүнээс хамаардаг болчихлоо. Тэгээд үнэ нь унахаар нь унаж, босохоор нь дагаад босдог. Ийм эмзэг эдийн засагтай байгаа болохоор үйлдвэрлэлүүдийн боловсруулалтын түвшинг өсгөх тусам энэ эмзэг байдлаас гарах болно.
-Эдийн засгийн энэ нөхцөл байдлыг дагаад улс төр хямарч байна. Засгийн газар нь огцорсон. УИХ нь намрын чуулган нээснээс хойш төсвөөс өөрийг хэлэлцэлгүй, Засгийн газрын өөрчлөлтөөс өөрийг яриагүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа?
-Төсөв хэлэлцдэг 45 хоногт өөр асуудлыг төдийлөн тавьдаггүй. Төсөвтөө бүх анхаарлаа хандуулдаг. Мөн Мөнгөний бодлого байна. Гаргах ёстой чухал асуудлууд нь энэ. Одоо төсөв батлагдсан учраас бусад асуудлууд руугаа орно.
-Улс төрийн хямралын тухайд?
-Засгийн газар огцорлоо. Намын дарга өргөдлөө өглөө. Шинэ сонголтууд тулгарч байна. Дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигч тодорлоо. Долоо хоногийн хугацаанд АН энэ бүх өөрчлөлтүүдийг хийх гэж байдаг хурдаараа ажилласан. Үүний төлөө 10-аад хоног зарцууллаа.
-Таны хувьд АН-ын дарга боллоо. Нам дээр ямар ямар ажлуудыг эхний ээлжинд хийхээр төлөвлөж байна?
-Эхний ажил бол дүрмийн өөрчлөлт хийх. Сүүлийн гурван жилийн турш АН-ын шинэ дүрэм хэлэлцүүлгийн шатанд явж байгаа.АН-ын шинэ дүрмээр нам дотроо эрх мэдлийн төлөө тэмцэлддэг явдлыг арилгахаар зорьсон. Их энгийн дүрэмтэй болохоор бүх шатандаа хэлэлцсэн гэсэн үг. Одоо арванхоёрдугаар сарын 8-нд үүнийг батлах төлөвлөгөөтэй байна.
-Дүрэмд юуг чухалчилж байгаа юм бол?
-Тухайлбал, АН-ын удирдах албанд оръё гэвэл сонгуульд өрсөлдөөд ялаад хүрээд ир. "Чи сумын АН-ын хорооны гишүүн болмоор байна уу. Тэгвэл сумын ИТХ-ын гишүүн бол. Эсвэл ядаж багийн Иргэдийн нийтийн хурлаар нэрээ дэвшүүлээд багийн Засаг дарга бол. Аймгийн АН-ын удирдлагад оръё гэвэл аймгийн ИТХ-ын гишүүн бол. Улсыг удирдъя гэвэл УИХ-ын гишүүн бол". Тэгэх юм бол бүх шатны байгууллагууд дөрвөн жилийн турш тогтвортой ажиллана. Учир нь УИХ, орон нутгийн сонгууль нэг өдөр явагддаг учраас ганцхан удаа АН сонгуулийн жилд дотооддоо сунгаа явуулна. Бүх шатны сонгуульд нэр дэвшигчээ тодруулах сунгааг АН-ын аппарат зохион байгуулж аль нэг фракцид тал тохой таталгүйгээрүүргээ биелүүлэх ёстой. Сонгуульд ялсан хүмүүс бүгд нийлээд АН-ын Их хурлын гишүүн байна. Одоогийн байдлаар гурван мянган хүн бий. Энэ гурван мянган хүнийг ирэх сарын 8-нд цуглуулж их хурлаа хийх бодолтой байгаа. Шууд хэлбэл АН-ын Их хурлын гишүүнийг сонгоно гээд сумандаа хоёр тал болчихоод үзээд байхгүй. АН-ын Их хурлын гишүүд гэдэг бол ард түмнээс мандатаа авсан хүмүүсийн цуглуулга байна. Ийм хялбар дүрэм батлах гэж байгаа учраас Дүрмийн хороо, Хяналтын хороо, "Казино" Л.Байгал гарч ирээд "Энэ нь зөв, энэ нь буруу" гэдэг утгагүй, намын доторх фракцийн зөрчил алга болох юм.
-ҮЗХ-ны гишүүдээ яах юм. Ротац хийсэнгүй гээд хэл ам болоод байдаг?
-Өнөөдөр үйлчилж буй намын дүрэмд ротацын тухай заалт байхгүй. Ротацын оронд сунгаа гэдэг зүйл оруулж ирнэ. Гэхдээ тэр нь дөрвөн жилд нэг л удаа болно. Дөрвөн жилийн турш намын сонгогдсон удирдлагууд нь сумынхаа, аймгийнхаа, дүүргийн, хотын түвшинд, улсын түвшинд тогтвортой ажилладаг болж байгаа.
-Засгийн газраа унагасан гишүүдтэйгээ хариуцлага ярих уу. Шинэ дүрэмд асуудал яаж тусч байгаа бол?
-АН-ын дүрэмд туссан гишүүн хөөдөг заалт байх ёсгүй гэж бодож байгаа. Арванхоёрдугаар сарын 8-нд болох АН-ын Их хурлаар энэ заалтыг авч хаясан шинэ дүрэмтэй болно. Яагаад гэвэл Үндсэн хуульд УИХ-ын гишүүн санал өгөхдөө нийт ард түмний эрх ашгийн төлөө байна гэж заасан болохоос биш нэг намын төлөө ажиллах ёсгүй. Зөвхөн манай нам ч бус бүх намын дүрмэнд энэ заалт алга болох ёстой. Одоо бол хойдохоо мартаад урагшаа хурдан явах цаг үе ирж байгаа. Хэн, хаана кноп дарсан гээд байх юм бол дуусахгүй маргаан болно. Намаас хасахаас гадна дараагийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй гээд олон арга байдаг учраас ашиглах боломжтойг нь сонгоно.
-Намын дарга нь Ерөнхий сайд болно гэж АН-ын дүрэмд бий юу. Ийм маргаан байх шиг?
-Намын дарга Ерөнхий сайд байна гэж Улс төрийн намуудын тухай хуульд байдаг. Гэхдээ Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль болон Засгийн газрын тухай хуульбүгд олонхитой үед хийгдсэн байдаг. Нэг үгээр хэлбэл, УИХ-д олонхи, цөөнх байна гээд оруулчихсан. Олонхигүй үед буюу Үндсэн хуулийн 33.2 дахь заалт 2000 онд өөрчлөлтөөр орсон байгаа. Тэгэхээр манай бүх хуульд УИХ-д олонхи байна, цөөнх байна гэж тооцоолж хийсэн. Гэтэл олонхигүй парламент сүүлийн 24 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа гарсан. Өнөөдрийн энэ тохиолдолд Засгийн газарт улс төрийн намуудын дарга нь орохгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Засгийн газар бол гүйцэтгэх засаглалын шуурхай удирдлага хэрэгжүүлдэг байгууллага. Тэр дотор олон намын дарга орчихоод "Манай нам ингэж үзэж байгаа. Танай нам ингээд байх юм" гэдэг асуудал яригдаж болохгүй. Үндсэн хуулиар Засгийн газар нь тийм байгууллага биш. Тэгэхээр намуудын дарга засагт оролгүйгээр ирэх хоёр жилд туршилт хийе. Энэ нь Үндсэн хуулийн агуулга, үг үсэгт ч нийцэх юм байна гэж үзсэн.
-Засгийн газар кабинетаа бүрдүүлэхэд ямар бодлого барих юм бол оо?
-Засгийн газрын бүрэлдэхүүнийг ярихад эрт байгаа. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрддэг. Тэгэхээр ирэх даваа гариг (өнөөдөр)-өөс эхлэн Ч.Сайханбилэг намуудтай зөвшилцөж Ерөнхий сайд болох ажил эхэлнэ. Түүний дараа хамтрах эсэхээ шийднэ. Үндсэн хуулийн 33.2-ын дагуу аль ч нам олонхи болоогүй учраас хамгийн олон суудал авсан нам буюу АН Ерөнхий сайдаа дэмжүүлэхээр бусад намын бүлгүүдтэй яриа хэлэлцээр хийнэ гэсэн үг. Ингээд мягмар гаригт Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар баталсны дараа ажлын хэсэг гарч нарийн асуудлаа ярих байх.
-АН-ын бүлгийн 27 гишүүн Ч.Сайханбилэг нэр дэвшигчийг дэмжээгүй. УИХ дээр дэмжлэг авч чадах юм уу?
-Бүлэг дэмжих үү, үгүй юу гэдэг асуулт зүй ёсоор гарах болов уу гэж бодож байна. Бүлэг Р.Амаржаргалыг ҮЗХ-нд нэр дэвшүүлж оруулж ирсэн. Харин одоо шинэ нөхцөл байдал үүсч байгаа. АН-ын бүлэг ҮЗХ-ныхоо шийдвэрийг харгалзан үзэх ёстой. ҮЗХ нь олуулаа болсон АН-ын дээд байгууллага нь учраас. Зөвхөн АН-ын бүлэг ч бус нөгөө намуудын бүлгээр оруулж хэлэлцүүлнэ. Яагаад гэвэл бид дангаараа Ерөнхий сайдаа томилох боломжгүй учраас бусад намуудын бүлгээр хэлэлцүүлнэ гэсэн үг. Тэгээд ч бүлэг дээр дэмжээгүй гэдэг нь Ч.Сайханбилэг хуралдаа ирж танилцуулгаа хийгээгүй. Дээр нь өөрийнхөө дэмжигчдийг хуралд суулгаагүйгээс болсон. Яг ҮЗХ дээр болсон шиг санал хураалт явагдсан бол үр дүн яаж гарахыг мэдэхгүй. Тийм техникийн талын асуудлууд байгаа юм.
-Мэргэжлийн Засгийн газар байх ёстой гэдгийг Ерөнхийлөгч хэлээд байгаа?
-Ерөнхийлөгч энэ үзэл санаагаа сүүлийн хоёр жил илэрхийлж байгаа.
Гэхдээ хуулиар бүх асуудал нээлттэй байгаа. Түрүүчийн Ерөнхий сайдыг ингэж ажилла, дан дээлтэй бай эсвэл энэ фракцийн хүнийг ажилд ав гэж шахсаар байгаад ажлыг нь нэг утгатай хийлгэж чадаагүй. Хуулиар гаднаас ч тэр дотроосоо ч кабинетаа бүрдүүлж болно. Аль болох гаднаас кабинетаа бүрдүүлж мэргэжлийн Засгийн газар байгуулбал сайн. АН-ын гишүүдэд бус, АН-ын даргад, Ерөнхийлөгчид ч бус Ерөнхий сайдад бүх эрх нь бий. Тэгэхээр бид хуульдаа нийцсэн байх ёстойгоос өөр шалгуур ярих нь утгагүй.
-Засгийн газрыг Алтангадас фракц удирдсан хэвээрээ байна. Өөрчлөлт болж чадаж байгаа юм уу?
-Ч.Сайханбилэг гишүүн бол Алтан гадас фракцийн хүн биш. Энэ хүн бол АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигч. Цаашид фракциа, намаа хойш тавьж улс орны төлөөх хариуцлагатай албан тушаалд очих гэж байгаа хүн. Тийм тохиолдолд фракц гэж жижиг зүйл ярилгүйгээр ажлаа бодох хэрэгтэй.
-Өчигдрийг хүртэл Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайд, таныг АН-ын дарга болох юм байна гэсэн ойлголт нийгэмд байсан. ҮЗХ өөр шийдвэр гаргалаа. Үүнээс болж АН доторх зөрчил хурцдах вий гэсэн болгоомжлол байх шиг?
-Н.Алтанхуяг "Р.Амаржаргалыг ҮЗХ-ны хурал руу оруулахгүй. Яагаад гэвэл энэ хүн миний Засгийн газрыг унагасан учраас" гэж хэлээд Гүйцэтгэх зөвлөл түүнтэй нь санал нийлээгүй учраас өргөдлөө өгч байна. "Би зарчмаа бариад хэлэлцүүлэхээр оруулахгүй. Дараагийн дарга нь шийдээд яв" гээд өргөдлөө өгсөн. Үүний дагуу сонгууль явуулж, ҮЗХ-ны гишүүд шинэ намын даргыг сонгосон. Тиймээс би энэ зөрчлийг дэвэргэх бус харин ч эвлэрүүлэхийг бодож хоёр нэр дэвшигчийг хоёуланг нь нэр дэвшүүлж, олонхийн саналаар эдийн засгийн хямралтай тэмцэх Ерөнхий сайдаа сонго гэсэн. Хоёр нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулж, нэр дэвшигчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүний дараа ҮЗХ-ны гишүүд саналаа өгсөн. Одоо гомдолтой хүн үлдээгүй. Хоёр нэр дэвшигч хоёулаа ҮЗХ-ны гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэж хэлсэн. Тэгэхээр хоорондоо санал нийлэхгүй байгаа асуудлыг олонхийн саналаар шийдээд явахаас өөр аргыг хүн төрөлхтөн бодож олсонгүй. Гарсан шийдвэрээ бүгдээрээ дагадаг сахилга бат байх ёстой. Тэгээд ч хоёр нэр дэвшигчид өөрийгөө харуулах боломжийг олгож, тэд нэг асуултад өөр өөрийнхөөрөө хариулт өгч байсан. Гарсан дүн нь 12-хон хүнээр зөрж байна. Хоёр нэр дэвшигчийн асуултад хариулсан байдлаас улбаалж шийдвэрээ гаргалгүй хөвж байсан хэсэг сонголтоо хийсэн байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр зөрчлийг шийдэх аргыг олонхиороо шийдэх гэж үзсэн. Түүнээс биш АН-ыг Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулахыг УИХ удаан хугацаагаар хүлээж чадахгүй. Төрийн ажил хүлээгдэж байгаа учраас.
-Та АН-ын даргынхаа үүднээс Засгийн газрыг байгуулах үйл ажиллагаанд оролцоно. Яригдаж байгаагаар АН зургаа, МАН тав, Шударга ёс эвсэл гурван суудал авна. Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж Сангийн сайд болно гээд нэр устайгаа яригдаад эхэллээ?
-Ерөнхий сайд УИХ-аас дэмжигдээд гараад ирэх юм бол кабинетаа яаж байгуулах эрхийг нь өөрт нь өгөх ёстой гэж үзэж байгаа. Түрүүчийн Ерөнхий сайдыг "Чи энэ фракцийн сайдыг ч, тэрийг ч ав. Давхар дээлтэй байна, дан дээлтэй бол" хэмээн шахаж ажлаа хийх бололцоог нь бүрэн өгөөгүй гэдгийг УИХ бүрэн ухамсарлах ёстой. Мэдээж дан дээлтэй байвал сайн. УИХ-ын ирцээс эхлээд эерэг нөлөөлөл их. Ерөнхий сайд өөрөө энэ бүх асуудлаа шийдэг. УИХ-аас, намын бусад фракциудаас оролцох оролцоогоо хязгаарлая. Сонгуулийн дараа байгуулж байгаа Засгийн газар биш, нүүрлэсэн хямралаас монголчууд нийтээрээ хохирол багатай гарахын тулд байгуулж байгаа Засгийн газар. Улс төрөөс ангид байх ёстой. Энэ бол зарчмын асуудал.
-Гэхдээ л АН-ын фракциуд зоргоороо. Хорьж дийлэх үү?
-Тийм л дээ. Гэхдээ одоо ухамсарлах хэрэгтэй. Онцгой үед онцгой ажилладаг болохоос хуучин шигээ байж болохгүй. Л.Дашдоржийн нэр яригдаж байгааг би мэдэхгүй. Шинэ Ерөнхий сайдын мэдэх асуудал.
-Одоо байгуулагдах Засгийн газар хэврэг суурин дээр байгуулагдаж байгаа тухайд?
-Бидэнд зөрчил байсангүй. Зөрчилтэй юм шиг харагдуулж байсан нэг хэсэг байсан байх. Ер нь фракциуд гэж бий. Гэхдээ рамандаа байх ёстой. Миний хувьд ч тэр "Шонхор" гэдэг фракц бусадтайгаа ижилхэн хэмжээнд очиж байгаа. Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөсөө ч татгалзаж байгаа. Тэгэхээр энэ олон фракц байгаа нь нам эрүүл байгааг харуулж байгаагаас бус зөрчлийн эх үүсвэр болох ёсгүй. Фракциудын дээр нам, намын дээр төр байна. Тэгэхээр төрийн ажлаа чухалчилж явах үүрэгтэй. Хэн нь хэнтэйгээ яаж тохирсныг яриад байх сэдэв биш. Ардчилсан нам анх удаа фракциа, намаа бодолгүйгээр төрийн ажлыг бодож, эдийн засгийн хямралтай тэмцэж чадах хүнээ гаргаж байгаа.
-Засгийн газрын тухай ярих гэхээр Ерөнхий сайд нь томилогдсоны дараа асуудал шийдэгдэнэ гэдэг хариултаар таглагдаж байгаа ч МАН засагт орж ирэх үү?
-МАН Засгийн газарт орох эсэхийг Ерөнхий сайдыг томилсны дараа хэлэлцээр хийж байгаад шийднэ гэдэг байр суурьтай байгаа юм билээ. Одооноос тааж ярихад хэцүү.
-Тэгвэл та хувь хүнийхээ үүднээс шинэ Засгийн газар ямар бүтэцтэй байх ёстой гэж үзэж байгаа бол. Ямар байвал ирэх хоёр жил балбуулалгүй, тэсч гарах бол?
-Балбуулах эсэх нь Засгийн газрын өөрийнх нь үйл ажиллагаанаас хамаарна. Гэхдээ манай Үндсэн хууль, УИХ, Засгийн газрын хууль, Улс төрийн намуудын тухай хууль хэн нэгэн олонхи болж нөгөө талд нь цөөнх байдаг сценариар бичигдсэн байна. Ямар сайндаа 2000 онд аль ч нам нь олонхи болоогүй бол гэдэг Үндсэн хуулийн 33.2-ын нэмэлт заалтыг оруулж байж "Олонхигүй парламент байх юм байна. Тэр тохиолдолд Засгийн газрыг хэрхэн байгуулах вэ" гэдгийг зааж өгсөн байх вэ дээ. Тэгсэн хэрнээ Үндсэн хуулиас цааш энэ өөрчлөлтийг хийгээгүй явчихаж. Энэ өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага байна гэдгийг харж байгаа. Яагаад гэвэл намын дарга нь Ерөнхий сайд байна, байхгүй гээд сүүлийн сар маргалаа шүү дээ. Гэтэл намын дарга Ерөнхий сайд байж болно гэдэг заалттай Улс төрийн намын тухай хуулиас эхлээд юуг тооцоогүй вэ гэвэл хэн нь ч олонхи болоогүй тохиолдолд яах вэ гэдэг асуудал. Сая олонхигүй Засгийн газар байгуулж Ардчилсан намын дарга Ерөнхий сайдаар нь ажиллаж үзлээ. Тэгсэн хэрнээ доороо МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвыг ажиллуулж байлаа. Гэтэл гүйцэтгэх засаглал Үндсэн хуулийн дагуу олонхи, цөөнхөөрөө ялгарах ёсгүй. "Би АН-ынх" гэж Н.Алтанхуяг үүрэг өгөөд нөгөөх нь "Би МАХН-ынх" гэж Д.Тэрбишдагва хэлж болохгүй босоо удирдлагатай. Ерөнхий сайдын хуулийн дагуу гаргасан шийдвэр А гэж гарсан л бол тэр чигээрээ сумын Засаг дарга дээр хүрч хэрэгждэг. Дундаа Б, В, Г гэж өөрчлөгддөггүй байхаар Үндсэн хууль бичигдсэн. Гэтэл 2008 оны Засгийн газарт бүх намуудын дарга нар орж ажиллана гээд орсон. Тэр нь Үндсэн хуулийг зөрчөөд байгаа юм. Засгийн газрын шуурхай удирдлага нь бүх улс даяар Монгол Улсын хууль нэгэн утгатай, хэлбэрэлтгүй хэрэгжих зарчмыг зөрчөөд эхэлж байгаа юм. "Би тийм намын дарга учраас ингэж бодож байна" гээд Ерөнхий сайдынхаа өдөөс үг хэлдэг сайд нартай байгаа тохиолдолд Засгийн газраа Үндсэн хуулийн дагуу байгуулаагүй байна гэсэн үг. Энэ удаагийн буюу Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас эхлээд зөвхөн Засгийн газар өдөр тутмынхаа хуулийг хэрэгжүүлдэг, УИХ-аас өгсөн үүргийг биелүүлдэг энэ функцтэйгээ ажиллая. Улстөржилтийг Засгийн газар руу оруулахаа больё. Намуудын дарга нь Засгийн газарт байхаа больё. Яагаад гэвэл олонхи болоогүй учраас. Олонхи болсон тохиолдолд Үндсэн хууль, бусад хуулийнхаа дагуу явна. Тэгэхээр одоо УИХ-ын тухай, Засгийн газрын тухай хуульд "Аль нэг нам олонхи болоогүй бол" гэдэг Үндсэн хуулийн 33.2-ын үргэлжлэлийг хийж өгөх ёстой юм байна.
-Намын генсек солигдох уу?
-Солигдохгүй.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт ямар нэгэн ажил албан тушаал амлах болов уу?
-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гишүүнээрээ нэг хэсэгтээ ажиллах бодолтой байгаа.
-Р.Амаржаргал гишүүн шинэ засагт орж ажиллах боломж хэр вэ?
-Энэ бол Ерөнхий сайдын асуудал.
-Олон фракцтай намд байнгын зөрчил байдаг. Намын эв нэгдлийг та яаж хангаж ажиллах вэ?
-1990 онд бид ухамсартай сонголт хийж улс төрийн нам нь төр засгийнхаа дээр байдгаас татгалзсан. Тэгэхээр нам бол төрийг бүрдүүлж өгдөг байгууллагынхаа хувьд, төрийг бүрдүүлснийхээ дараа өдөр тутмынх нь ажилд орж, зааж зааварлаад явж болохгүй. Төрийн ажил тусдаа, намын ажил тусдаа. Намын доторх эв нэгдэлгүй байдал нь төрд нөлөөлж болохгүй. Тиймээс нам Үндсэн хуульд заагдсан боловч төрийн бус байгууллага л юм. Олон хүмүүсийг нэгтгэж бодлогоо гаргадаг, бодлогоо олон түмнээрээ дэмжүүлдэг. Тэр нь сонгууль гэж нэрлэгддэг. Хэрвээ дэмжигдсэн бол эрхээ аваад бодлогоо хэрэгжүүлдэг тусгай статустай төрийн бус байгууллага л даа. Тийм болохоор нам, төрийнхөө заагийг үргэлж ойлгомжтой байлгахгүй бол 1990 оноос өмнөх шигээ "УИХ-ын чуулган дээр эсрэг кноп дарсан учраас гишүүнийг намаас хаслаа" гэдэг байж болохгүй.
-Тэгэхээр ирэх хоёр жилд УИХ-д цөөнх байх шаардлагатай юу. Эсвэл бүгд засагтаа хамтраад УИХ дээрээ ч нэгдмэл байх ёстой юм уу?
-УИХ дээр олонхи, цөөнх байх ёстой. Энэ бол сонгуулийн дүн. Гэхдээ олонхи цөөнх болдог энэ маргаанаа УИХ-ын хүрээнээс гаргахгүй байя. Гүйцэтгэх засаглал бол УИХ-аас өгсөн үүргийг нэг л утгаар биелүүлдэг нэг байгууллага. Тэнд олонхи цөөнх болж, санал хурааж шийдвэр гардаггүйг хүмүүс мэдэх байх. Ерөнхий сайд, салбарын сайд хоёр санал нэгдлээ бусад нь эсэргүүцсэн ч шийдвэр нь гараад л явна. Парламент дээр олонхи цөөнхөөрөө асуудлаа тал талаас нь хэлэлцэж, олонхийнхоо гаргасан шийдвэрийг дагадаг. Тэгэхээр бид Засгийн газраа олон жил чадваргүй болгож явсан байна.
Л.МӨНХТӨР