Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон дариудаа сайд нарын үүрэг гүйцэгчдээ цуглуулан анхны хуралдаанаа өнгөрсөн баасан гарагт хийсэн юм.

Энэ нь түүний “Танхим шуурхай ажиллах ёстой” гэсэн амлалтын нэг хэсэг байсан биз. Харин өмнөх Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар нь ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн хувьд эрх баригч хүчнийхээ шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэх, эдийн засгийн хямралтай нүүр тулж ажиллахаа амласан. Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа шинээр бүрдүүлэх сонголтын өмнө ирсэн. Учир нь Н.Алтанхуягийн томилсон сайд нар хямралтай нүүр тулж ажиллаж чадах уу гэдэг сонголт, хариулт хүлээж байгаа. Гэхдээ шинэ засагт орох гэсэн, үлдэх гэсэн АН-ын фракци хоорондын тэмцэл Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдсон дариуд эхэллээ. Уг нь Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийн хүн хэдий ч өөрийн гараар эдийн засгийн хямралыг арилгахад өмнөх бүтцээрээ туулна гэвэл бас л үгүй. Тэр өөрийнхөө хүмүүсийг оруулж ирэх ч тодорхой байх. Тиймээс Н.Алтанхуягийн танхимын сайдуудаас Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нар Ч.Сайханбилэгийг хоргоож суугаа гэх нь бий. Харин үлдсэн сайдуудыг хэрхэх нь түүний л асуудал. 

УИХ-ын дарга З.Энхболд танхимаа 14 хоногийн дотор бүрдүүлэх үүргийг шинэхэн Ерөнхий сайдад өгсөн. Тэгэхээр хэн, хэн шинэ танхимд орох вэ гэдэг тулаан өнөөдрөөс ширүүхэн өрнөж эхэллээ. Хамгийн гол нь “Шинэ Засгийн газар 1. Эдийн засаг. 2. Эдийн засаг. 3. Эдийн засаг гэсэн гурван чиглэлд гол ач холбогдол өгч ажиллана” хэмээн амласан шинэ Ерөнхий сайд танхимаа “дан дээл”-тэй, хариуцлагатай ажиллах сайд нараар бүрдүүлчихвэл ажил урагшлах нь ойлгомжтой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “давхар дээл”-тэй сайд нарын хариуцлагагүй үйлдлийг олонтаа ярьсан. Зарим нэг нь энэ үйлдлийг эсэргүүцэж, Х.Баттулга анхдагч болж сайдын суудлаа өгсөн. Тэгвэл энэ жишгийг Ч.Сайханбилэг давтахгүй ажиллах нь түүний тэргүүлэх засагт аврал болно. Шинэ Ерөнхий сайдын хувьд “Хямралаас бид зөвхөн олон жил хурсан хүнд асуудлуудыг шийдэж байж л гарна. Хүнд шийдвэрүүд гаргахад хүссэн хүсээгүй парламент дахь дийлэнх олонхид тулгуурлах учиртай. Бидний гарах шийдвэрийг хэзээ ч 100 хувь алга ташин хүлээж авахгүй нь ойлгомжтой. Гол нь шийдэл гаргах чадвар, зориг зүрх бүхий л шийдлийн Засгийн газар бий болох учиртай. Танхим шуурхай ажиллах ёстой. Эдийн засгийн чухал асуудлуудыг штабын маягийн зохион байгуулалт, хурдаар шийдэх хэрэгтэй. Шинэ Засгийн газарт цаг хугацааны “Аль болох хурдан” гэдэг ганцхан хэмжээс үйлчлэх болно. Ерөнхий сайдын зүгээс өдөр тутмын салбарын асуудлуудын эрх мэдлийг сайд нарт бүрэн шилжүүлж зөвхөн эдийн засгийн асуудлуудад гол анхаарлаа хандуулна. Иймд Сайд болгон салбартаа Ерөнхий сайд нь байх учиртай. Бид үүсээд байгаа хямралаа зөв оношлох хэрэгтэй бөгөөд энэ нь мэдээж гадаад хүчин зүйлтэй холбоотой эхэлсэн. Манай гол экспортлогч Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саармагжсан, нүүрс, төмрийн хүдрийн үнэ унасан, саяхнаас алтны үнийн огцом уналт байдлыг улам дордуулж байна. Гэхдээ энэ хямралын гол буруутан нь бид өөрсдөө” хэмээсэн. Тиймээс Ч.Сайханбилэг шийдлийн Засгийн газар бий болгоход өмнөх алдаагаа давтахгүйгээр сайд нараа томилох, яамдаа оновчтой бүтцээр явуулах сонголт үлдлээ. 
 

С.НАРАН