Галд түлэгдэж харахаас ч аймаар, элэг эмтэрмээр зургууд сүүлийн үед цахим хуудаснаа тавигдаж байсан билээ. Тодруулбал Булган овогтой Билгүүдэй хэмээх хоёр настай хүү 2014 оны 10-р сарын сүүлээр  цахилгааны улмаас үүссэн осолд өртөн шатны улайссан төмрөнд хоёр хөл, гар, хэвлий, нуруу бөгсөн хэсэг болон бусад хэсэгтээ түлэгдэж гэмтсэн.  Тэрбээр  түлэгдэлтийн 4-р зэрэгтэй, шагайн бүдүүн яс болон өргөн шөрмөс түлэгдэн ил гарч тасарсан, ходоодны шарх үүссэн байна.  Б.Билгүүдэй хүү түлэгдэж  Монголд нэг сар эмчилгээ хийлгээд Бээжин рүү 11-р сарын 12-нд явсан. Хүүд хандив цуглуулах зорилгоор мэдээллийн шилдэг хөтөч сайт www.Dorgio.mn, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид, мисс, загвар өмсөгч, жүжигчид, зохиолчид хамтран туслах аянг өрнүүлж ажилласан.

Үүний үр дүнд Б.Билгүүдэй хүүд шаардлагатай байсан  60 сая төгрөг цугласан байна. Одоо Б.Билгүүдэйн биеийн байдлаас эмчилгээний зардал  нэмэгдэх эсэх нь тодорхой болох юм.  Хэдийгээр 60 сая төгрөг цугласан ч сайхан сэтгэлт хүмүүс Б.Билгүүдтэй хүүгийн эмчилгээнд зориулан мөнгө шилжүүлсээр байгаа юм. Учир нь хүүгийн эмчилгээний зардал нэмэгдэх магадлалтай ажээ.

Б.Билгүүдэйн хувьд  төлөвлөгөөт дөрвөн хагалгаа байгаа.  Эхний хагалгаагаа энэ сарын 19-ны өдөр хийлгэсэн.  Хоёр дахь хагалгааг нөгөөдөр хийх юм.  Улмаар биеийн байдлаас нь шалтгаалан  дараа дараагийн хагалгаа хийгдэх эсэхийг нь шийдэх ажээ.  

Архидан согтууран  орцонд гал алдсан орцны жижүүрүүдийг саатуулсан бөгөөд өдгөө хэргийг  БЗД-ийн цагдаагийн газар  шалгаж байгаа юм.  

Б.Билгүүдэй хүүгийн эмчлгээнд зориулан хандив өгсөн болон энэхүү мэдээллийг хүргэхэд тусалсан, сэтгэл зүтгэл гаргасан бүх хүнд БАЯРЛАЛАА гэж  гэр бүлийнхэн нь хэлсэнг мэдээллийн шилдэг хөтөч сайт  www.Dorgio.mn уламжилж байна.  Б.Билгүүдэй хүүг эдгэрч эх орондоо ирэх үед гэр бүлийнхэн нь албан ёсоор баярласнаа иэлрхийлж, мэдээлэл хийх юм байна.