УИХ-ын дэд дарга Л.Цог: Н.Энхбаярыг тахин шүтээд, долоочих гээд явбал юу болох вэ? гэдгийг ярих цаг боллоо
2014/11/23
2012 оны сонгуулийн өмнө МАХН гэдэг шударга ёсчингууд гарч ирсэн.
Н.Энхбаярыг шударга бус ёсны золиос гэж ард түмэнд харуулав. Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр "Шударга ёс" гэсэн сайхан нэртэй эвсэл байгуулав. Тэгээд л шударга ёсыг тунхаглаж эхэлсэн дээ. Монголоо шинэчлэх Шударга ёсны 5 хувьсгал гэж мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Шударга ёсон дээр тоглож УИХ-ын 11 суудлыг авав. Харамсалтай нь шударга ёсчингууд өнгөрсөн хугацаанд шударга байж чадсангүй. "Шударга ёс" эвсэл "Шударга бус" болон хувирч байна. "Шударга ёс"-ынхон дотроо хэрхэн шударга бус авирлах болсныг УИХ-ын дэд дарга Л.Цог нүдэнд харагдтал ярив.
МАХН-ыг "эзэн" Н.Энхбаяр нь хоёр хэсэг цуу татжээ. Тэрээр намын гишүүддээ байн байн "та бүхэн хэний хүчинд гарсанаа мартаагүй биз" гэж гүрэн дамжиж дарамталдаг гэсэн саарал ордны яриа үнэн болж таарч байна. Саяхан Н.Энхбаяр Монгол Улсад ирээд буцахдаа өөрийнхөө төлөө бүхий л зүйлээ зориулсан олон гишүүдээ хөндийрүүлсэн юм. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат "Д.Тэрбишдагва, Ч.Улаан бид гурав Н.Энхбаяр даргатай ам мурийсан" гэсэн утгатай яриа өгсөн. Үнэхээр ч Н.Энхбаярын төлөө хэн зүтгэсэн бэ? гэвэл дээрх гурван хүмүүсийг Монголын ард түмэн эхний ээлжинд нэрлэх нь гарцаагүй. Харамсалтай нь Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар Н.Энхбаярын хувьд үүргээ гүйцэтгэжээ.
Үүнээс гадна Н.Энхбаяр дарга Монголд ирээд буцахдаа УИХ-ын дэд дарга Л.Цогтой удаан уулзалт хийсэн гэж хэвлэлүүд мэдээлсэн. Уулзалтын мэдээлэл ч задарлаа. Энэ тухай УИХ-ын дэд дарга Л.Цог "Н.Энхбаяр дарга бид хоёрын хооронд хоёр чиглэлийн яриа болсон. Нэгд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг битгий огцоруулаач гэдгийг янз бүрийн аргаар ярьсан. Хоёрт намтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Намайг Н.Алтанхуягийг огцоруулах асуудалд гарын үсгээ зурсанаа буцаа гэж Н.Энхбаяр шахсан. Янз бүрийн аргаар л ярьсан. Намайг МАХН Орхон аймагт нэр дэвшүүлсэн нь үнэн. Гэхдээ мандатыг Орхон аймгийн ард түмэн өгсөн гэдгийг ямагт санаж ажиллаж ирлээ. Н.Энхбаяр дарга бид нарын хүчинд гарлаа гэдэг. Тэгвэл Шударга ёс эвсэлээс 76 хүнийг нэр дэвшүүлсэн. МАХН-аас Д.Тэрбишдагва бид хоёр л тойргоос гарсан. Ард түмэн сонгосон нь хоёр. МҮАН-аас Д.Батцогт, Г.Уянга хоёр гарсан. Бусад нь хаачив гэдгийг бодох ёстой. УИХ-ын гишүүдийг нам араас нь чангаадаг. Нам нь дэглэдэг байж болохгүй. Ингэх нь Үндсэн хуулийн эсрэг ажиллагаа. Үүнийг байранд нь тавих ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ. Л.Цог бол УИХ дахь хамгийн шударга гишүүдийн нэг л дээ. Ийм хүн ард түмний өмнө огцоруулах бичигт гарын үсэг зурчихаад Н.Энхбаярыг ирэхээр түүнээсээ буцвал онигоо л болно. Л.Цогоос өөр хүн байсан бол буцах л байсан байх. О.Баасанхүү Х.Тэмүүжинг огцоруулах бичиг өргөн бариад буцдаг шиг. Л.Цог О.Баасанхүү биш болохоороо буцсангүй.
Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын 10 жилийн гэрээг Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ын олон гишүүд эсэргүүцээд хүчингүй болгочихсон. МАХН дотор ч гэсэн энэ гэрээ хууль бус гэж үзсэн олон хүн байжээ. Түүний нэг нь УИХ-ын дэд дарга Л.Цог. Тэрээр ийм байр суурь баримталсныхаа төлөө УИХ-ын даргаа өг гэсэн сануулга хүлээн авчээ. Энэ талаараа Л.Цог "10 жилийн гэрээ олон сарын өмнөөс яригдсан. Би гэрээ байгуулахын эсрэг явсан. Нам төрийн дээр гарсан. УИХ-ын бүрэн эрхэд халдсан ийм байж болохгүй. Үндсэн хууль зөрчсөн гэрээ. АН илүү ардчилсан болж байна. Манай намд тийм юм алга. УИХ-ын дэд даргыг намын суудал мөн шүү гэж байна лээ. Намын суудал мөн нь үнэн. Гэхдээ намайг юуны төлөө огцоруулах гэж байгаагаа ойлгоорой гэсэн. УИХ-ын дарга, дэд даргыг дөрвөн жилийн хугацаатай сонгодог. Буцаагаад эргүүлэн татах асуудал УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Нам бол эргүүлэн татах субъект биш шүү гэдгийг хэлсэн. УИХ-ын дэд даргыг хуулийн дагуу огцоруулах ёстой. Хуулийн дагуу чөлөөлөх гурван төрлийн гарц бий. Нэгдүгээрт би өөрийнхөө хүсэлтээр, Хоёрдугаарт шүүхийн шийдвэрийн дагуу ял авсан бол, Гуравдугаарт эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй бол. Энэ гурван нөхцөл байдал үүссэн тохиолдолд асуудлыг ярина. Би Н.Энхбаярт ингэж хэлсэн. Ойлгосон эсэхийг мэдэхгүй. Үйл явдал, цаг хугацаа харуулна" гэж учирлав. Эндээс дүгнэж үзвэл Л.Цогийг МАХН-ынхан Н.Энхбаяртайгаа нийлээд ч огцоруулж чадахгүй нь. Учир нь түүнийг МАХН гэхээсээ илүү УИХ шийдэх болчихоод байна. Тэгээд ч МАХН-ын дарга Н.Энхбаяр Л.Цогийн асуудлыг УИХ-д орууллаа гэхэд МАН-ын 26 гишүүн хамгаална. Бас Г.Уянга хамгаалах магадлалтай. АН-ын шударга гишүүд хамгаална. Ингэж тооцвол Л.Цогийг огцоруулах асуудал бараг боломжгүй болж таарна.
Шударга үнэний төлөө явсан Л.Цогийг Н.Энхбаярын бодлогыг дагасангүй гээд УИХ-ын дэд даргаас нь мултлахаас гадна МАХН-аас хөөнө гэсэн ээлжит сануулгыг удаа дараа өгч эхэлжээ. Нэг эзэнтэй намд орсны Л.Цогын буруу л даа. Ийм сануулга ойр ойрхон хүлээн авах болсон Л.Цог "Манай намаас сонгогдсон Цолмон гэдэг нөхөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар намаас хөөнө л гэж яриад байгаа. Юмаа мэдэхгүй ярих юм. Намаас хөөх тухай асуудал манай намын дүрмэнд байдаггүй юм ш тэй. МАХН-ыг сэргээн байгуулах гэж хичнээн их зовлоо. Тэр үед үнэр нь байтугай салхи нь ч байхгүй хүмүүс өнөөдөр ирчихээд намайг хөөх тухай асуудал ярьж байгаад гайхаж байна. Монголчууд ярьдаг шүү дээ. Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэж. Ингэж болохгүй шүү гэдгийг элдэв юм яриад байгаа нөхдүүдэд хатуу хэлье. Н.Энхбаярын эсрэг явлаа гэж намаас хөөвөл яая гэхэв. Хүүхдийн хэллэгээр сонин л юм болж байна" гэж учирлав. Хэрэв МАХН Л.Цогийгоо хөөчихвөл "Шударга ёс" эвсэл задрахад ойрхон болно. Анх 11 гишүүнтэй байсан энэ эвсэлээс Д.Батцогт гараад АН-д орчихсон. Одоо Г.Уянга гарахаар бэлтгэж эхэлсэн гэх. Дээр нь Л.Цогийгоо хөөчихвөл яг 8 болно. Хэрэв наймаас доош болвол "Шударга ёс" бүлэглэл хуулиараа задарна.
МАХН дотроо хоёр хэсэг хуваагджээ. Н.Энхбаярт таалагдагсад. Н.Энхбаярт жийгдэгсэд. Эсвэл Н.Энхбаярын үгэнд орогсод Н.Энхбаярын үгэнд орохоо байгсад гэж тодорхойлмоор юмуу даа. Н.Энхбаярт олон хүн таалагдахаа байсан. Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан, Л.Цог гээд томоосоо цуварна. Одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАХН орвол эдгээр хүмүүсийн хэн нь ч ажилд томилогдохгүй. Учир нь Н.Энхбаяр хэлсэн болгоныг нь биелүүлдэг хэсэгээсээ л сонголт хийнэ. Энэ тухай Л.Цог "Манай Г.Шийлэгдамбад ямар ч толгой байхгүй. Утсаар цаашаагаа асуугаад хэлснийг нь хийдэг гэж өөрөө надад хэлж л байсан. Амьгүй албат шиг этгээд. Би МАХН-ын гишүүнээс гадна ард түмнээс сонгогдсон хүн гэдэгээ хэлээд байгаа. Ойлгох нь уу үгүй юу? Би МАХН-ыг сэргээн байгуулахын төлөө яаж явсанаа мартахгүй. Энхбаяр даргыг өмөөрч шоронгийн гадаа яаж явлаа. Талбай дээр өлсөглөн зарлаж явлаа. Ингэж явсан хүмүүс өнөөдөр эвгүй байдалд байна. Бидэнд эмээх зүйл байхгүй. Г.Шийлэгдамбад нэг удаа шударга ёсны төлөө явна гэдгээ хэлтэл цаашаагаа "намынхаа даргын эсрэг үхтэлээ явна" гэж дамжуулаад хэрүүл болсон шүү. Бид хоёрын хооронд яс хаяж байгаан. Ийм байж болохгүй" гэж учирлав. Эндээс МАХН-ын дотоод хэрүүл хэрхэн газар аван томорч байгааг ойлгож болох юм.
Н.Энхбаярын үгэнд ороогүй бүхэн нам дотроо нуман тулгуурт оржээ. Тэдний ихэнх нь МАН-аас гарсан. Одоо буцаад МАН-даа ирэлтэй нь биш эвгүй л байгаа бололтой. Тиймээс нам дотроо тэмцэлдээд учраа олох төлөвлөгөөтэй байгаа аж. Ингэж байхаар МАН-даа буцаад орсон нь арай дээр дээ. Д.Арвин шиг ямар АН-д орж байгаа биш. Ямар ч байсан МАХН дотор эрүүл хэсэг нь нэг блок болж байна. Тийм учраас Л.Цог "Биднийг сонсдог, биднийг дагах шударга хүмүүс байгаа ш тэй" хэмээн урьдчилан сануулга өгч байна.
МАХН-ын дотроо хагаралтайгаас гадна айдастай байна. БНСУ-д суугаа Н.Энхбаяр даргаасаа үнхэлцэгээ хагартал айцгаадаг аж. Тиймээс "Түүхэнд гүйцэтгэх нэг хүний үүрэг гэж том зүйл байдаг. Н.Энхбаярын түүхэн үүргийн талаар маргахгүй. Харин ганцхан энэ хүнийг тахин шүтээд, долоочих гээд тойрон хүрээлээд явбал юу болох вэ? гэдгийг ярих цаг болсоон. Энэ бүхнийг айгаад ярьж чадахгүй байгаа нь сонин байна. Үүнийг яриад явах аавын хүү олдох байлгүй дээ. Бид ардчилал, шударга ёс их ярьдаг. Хүн хүнээсээ айна. Хүн хүнийхээ өмнө бөхөлзөнө гэж юу гэсэн үг вэ? Харин хүн өөрийнхөө жудгийг зөрчих вий, хууль зөрчих вий, ёс суртахуунаа зөрчих вий гэдгээс л айх ёстой" гэж УИХ-ын дэд дарга Л.Цог нөхөддөө сануулж байна. Түүн шиг шударга ёсыг алдах вий гэдэгээс айж байгаа хүн МАХН-д алга. Харин Н.Энхбаяртаа таалагдахаа байх вий гэдэгээс л айцгаах нь олон болжээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр шоронд байхдаа өөрийнх нь төлөө зүтгэж явсан зарим хүмүүсийг "долоогчид" гэж тодорхойлсон. Тэгвэл МАХН дотор тийм хүмүүс олон болчихоод байгааг УИХ-ын дэд дарга Л.Цог хүлээн зөвшөөрлөө. Хэрэв МАХН хэрүүлийнхээ учрыг олохгүй бол "долоогчид" гэсэн шинэ имижтэй болж, түүнийгээ хэвшүүлж магадгүй байна. Угаасаа МАХН-ынхан улс орны хөгжлийн төлөө бодлого ярихаасаа илүү ганцхан Н.Энхбаярын асуудлыг ярихаа чухалчилдаг. Тэгэхээр л "долоогчид" гэж олон нийт хардаг болоод удлаа.
МАХН-ын шийдвэрийг Монголд биш БНСУ-д гаргадаг болов. МАХН-ын бодлого Улаанбаатарт биш Сөүлд гардаг болоод удсан. Энэ байдлыг гярхай харсан УИХ-ын дэд дарга Л.Цог "МАХН өнөөдөр нам шинжээ алдаж байна. Баахан яриулж яриулж байгаад ганцхан хүн шийдчихдэг байх ямар хэрэг байнаа" хэмээн шогширч байна. Үнэхээр нам дотроо ардчилалтай мэт гишүүд дундаа баахан маргаан өрнүүлчихээд эцсийн шийдвэрийг "эзэн" ганцаараа гаргаад байх нь зохимжгүй. Ингэж эзэд нь ганцаараа шийдвэр гаргадаг улс төрийн хүчнийг ямар хувь заяа угтдагийг "Эрэл"-ийн, "Буян"-гийн гэх тодотголтой намууд харуулсан. Тэдний түүхийг МАХН давтаж байна. Ийм улс төрийн хүчнүүд хэсэг хугцааны дараа нам шинжээ алддаг. МАХН нам шинжээ аль хэдийн алдаад эхэлчихжээ.