Зураач М.Ган-Очир үзэсгэлэнгээ дэлгэнэ
2014/12/03
Залуу зураач М.Ган-Очир бие даасан хоёр дахь үзэсгэлэн болох “MASTERPIECE SOLUTION ART” үзэсгэлэнгээ маргааш “BEST art gallery”-д дэлгэх гэж байна. Ертөнц юмс үзэгдлийг өөрийнхөөрөө, өөрт төрсөн мэдрэмжээр ээ төсөөлнө гэдэг зураач хүн бүрийн хувьд нэгэн аз жаргал байдаг. Тэрхүү аз жаргалыг эдлэнхэн, уран бүтээлээ уг сэтгэлээсээ туурвин байгаа зураач М. Ган-Очирын одоо дэлгэж байгаа үзэсгэлэнгийн тухайд хүрээлэн буй орчноосоо юу харж, юу мэдэрснээ зураач бүсгүй өөрийн гэсэн арга илэрхийллээр дүрслэн харуулахыг зорин, бүтээлдээ тусгажээ. Залуу зураач М. Ган–Очир хорвоо ертөнцийг ер бусын өнцгөөс харж мэдэрснээ бүтээлдээ тусгасан нь үзэсгэлэнгийн бүтээлээс илэрхий харагдах ба түүний туршилт болгон нь ижилгүй төдийгүй сонирхолтой. Байгаль дэлхийгээс хүнд төрж болох тэр л мэдрэмжийг зураач бүсгүй дүрслэлийн бодит бус хийсвэрлэлийн аргаар илэрхийлсэн байна. Мөн түүнчлэн тэрээр байгалийн янз бүрийн түвшин дэхь ажиглалтаас үүдсэн сэтгэгдлээ бүтээл болгох тал дээр анхаарч төвлөрсөн нь ажил хэрэг болохын үндэс нь болсон байна. Хурд дундаас ажиглагдах байгаль түүний үзэгдэл, түүнээс төрөх мэдрэмж ихэнх бүтээлийнх нь сэдэл болсон байх жишээтэй. Байгалийг хараад хүмүүс уул ус, гол мөрөн зурдаг. Зураач, байгаль болоод цэцэг навчсаас авсан өөрийн мэдрэмжээ хийсвэрээр тусгаж бүтээлд сэдэл өгөх өчнөөн боломжийг бүтээлчээр ашигласан нь илүү сонирхолтой ажээ.