Нэгэн анд маань цахим хуудастаа бичсэн байж билээ. “Хятадад цахим хуудсаар дүүрэн эдийн засгийн өссөн үзүүлэлтүүд.

Монголынхоо сайтууд руу орохоор хар бараан голдууд мэдээлэл байх юм” Нээрээ тийм. Харин нэгэн гэгээтэй мэдээлэл уншлаа. “Бахархмаар гавьяа байгуулсан ч өөрийгөө дөвийлгөхгүй эгэл даруухан ажлаа амжуулж яваа нэгэн цагдаатай уулзлаа. Түүнийг А.Алтангэрэл гэдэг. Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсийн хэв журмын цагдаа. Түүнээс олон хүний амь хэрхэн аварсныг нь сонирхлоо. А.Алтангэрэл тун дуу цөөтэй. Хажуугийн нөхөд нь  л өмнөөс нь ярих шинжтэй. Жирийн цагдаа А.Алтангэрэл живэх дөхсөн хүмүүсийг  уснаас гаргаж амийг нь аварчээ. Туул гол руу шумбаж, туучин зугаацаж яваад унаж осолдох дөхсөн хүнийг уснаас гаргасан нь зүгээр түүнй ажил гээд тэр тоохгүй. Гэвч Дүүргийн хэв журмын хэлтсийнхнээс түүн шиг 39 хүний амь аварсан хүн алга. Аварсан хүн нь өндөр настан, хүүхэд, голдуу залуус. А.Алтангэрэл Говь-Алтай аймгийнх. Усгүй газрынх. Гэвч усанд яагаад сайн болсныг асуувал өмнө нь Онцгой байдлын газар ажиллаж байхдаа ус, галаас хүн аврах дасгал сугууль хийдэг байжээ. Тиймээс цагдаагийн газар ирээд Баянзүрх дүүргийн хэв журмын хэлтэст ажиллахдаа Туул голын дагуу эргүүл хийж, дуудлага авахдаа   голын усанд эндэх дөхсөн 39 хүний амь аварчээ”. Бас 27 хүний цогцос уснаас гаргасан юм билээ. Бодлоо. Эгэл жирийн энэ залууг ядаж байгууллага нь шагнасан болов уу. Үүргээ биелүүлсэн гэж үзээд орхилгүй  цалин дээр нь тав, арван төгрөг  нэмж өгөө болов уу. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Ч.Улаан Ерөө голоос хүний амь аварч нийгэмд шуугиан тарив. Гэхдээ цагдаа А.Алтангэрэл шиг 39 хүн биш л дээ. Гэвч нийгмээрээ л Ч.Улаан гишүүний сайхан сэтгэлийг  биширч шуугиад байсан юм. 39 хүний амь насыг аварсан цагдаа А.Алтангэрэлийг “Шударга журам” медалиар ядаж шагнаасай билээ. “Түүгээр яах юм бэ. Ямар идэх биш” гэх хүн гарах л байх. Миний ажлыг төр үнэлсэн  юм шүү  гэсэн бахархал сэтгэлд нь хадгалагдана шүү дээ.