Намууд Б.Бат-Эрдэнийн дэмжихээр илэрхийлж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2013/05/22
Монголын Ногоон Нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нэгдсэн намын дарга нар өнөөдөр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжиж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийг байгуулсанаар Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нэгдсэн нам нь МАН-аас нэр дэвшигч Б.Бат-эрдэнийн Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дэмжин, сонгуулийн сурталчилгаанд хамтран оролцох юм. Энэхүү ёслолд МАН-ын генсек Г.Занданшатар намаа төлөөлж, Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат нар оролцлоо.
“Энэ нь МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нь ногоон хөгжил, байгаль орчныг хамгаалахын төлөө тэмцдэг эх оронч хүн болохыг нь баталж олон хүн үүнийг дэмжиж буйн нэг илэрхийлэл юм. Манай намаас нэр дэвшиж байгаа Б.Бат-Эрдэнэ бол ёс жудагтай, Монгол Улсын дархан аварга, төрд гурван удаа сонгогдсон төрийн түшээ хүн” хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар энэ үеэр онцолсон. Түүнчлэн “Монголын Ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нэгдсэн намуудтай сонгуулийн үеэр хамтран ажиллахаар боллоо. Зөвхөн сонгуулиар хязгаарлахгүй цаашид улс орон, ардчилал, тусгаар тогтнол, хүний эрх чөлөө, байгаль орчны төлөө хамтран ажиллана” гэдгээ мэдэгдсэн юм. Мөн хамтран ажиллах санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурсан намууд ч энэ үеэр байр сууриа илэрхийлсэн.
Тодруулбал, Ногоон намын дарга О.Бум-Ялагч “ногоон хөгжил, газар шороо, ус нутгаа хамгаалах эрхэм зорилготой энэ хүний ажил үйлс, зам мөр, зорилго чиглэл нь нийцдэг юм. Тиймээс бид энэ чиглэлээр хамтарч ажиллана” хэмээсэн бол Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх “Ардчилсан засаг эрх барьсан цагаас эхлэн хаана, хязгаарлана, цуцлана гэдэг нийгэм руу явж байна. Тиймээс хийнэ, бүтээнэ, эвлүүлнэ гэдэг нийгмийг эргүүлэн авчирч, энэ бүх хүний эрхийн зөрчлийг арилгана гэх чиглэлд явж буй нэр дэвшигчтэй бид хамран ажиллана” гэлээ. Ийнхүү намууд улс байгальд ээлтэй ногоон бодлого баримталж, газар шороо ус нутгаа хамгаална гэдгээ амласан.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх