УИХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох замаар төсөвт хэмнэлт хийхийг Засгийн газарт даалгасан. Энэ дагуу Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа яам, агентлагуудын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.

Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдлагын шат дамжлагыг цөөлөх, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, хувийн хэвшилд шилжүүлэх зарчим баримтлан Засгийн газрын 15 яам, 26 агентлаг, ЗГХЭГ-ын орон тоог 15 хувиар цөөрүүлэхээр тогтлоо.

Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтаан дээрх байгууллагуудын дотоод нэгжийг зохион байгуулахдаа мэргэшсэн төрийн албан хаагчдыг халж солихгүй байхаас гадна хэд хэдэн чиглэл баримтлахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Үүнд:

- Засгийн газрын үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах;

- яам, агентлагийн газар, хэлтэс орлогч даргагүй, бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг давхардалгүй, илүү шат дамжлагагүй байх;

- нэгтгэгдсэн, татан буугдсан яам, агентлагаас шилжиж ирсэн орон тоог мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулах;

- Засгийн газрын агентлаг 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга, эсхүл орлогч дарга нэгтэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх;

- агентлагийн газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, нэгжийн орон тоог 7-гоос багагүй, дунджаар 10 байх чиглэл баримтлах;

- агентлагийн дарга нь зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэх, дэд болон орлогч дарга, нэгжийн дарга нар албан ажлын автомашин хэрэглэхгүй байх.

Засгийн газар өөрөөсөө эхлэн хэмнэлт хийж, төсөвт үүссэн хүндрэлийг давахад чиглэсэн энэ бодлого цаашид төрийн албыг цомхон, чадварлаг мэргэжлийн болгоход дэмжлэг үзүүлнэ гэж Засгийн газар үзэж байна.