”Амташсан хэрээ”-нүүд киногоор бизнес хийж, энэ урлагийг мөхөл рүү хөтөлж байна
2013/05/23
Урлаг хэмээх их айл хяналтгүй болоод удаж байна. Тэр дундаа Монголын кино урлаг хөгжөөд байна уу, мөхөөд байна уу гэдэг нь тодорхой бус боллоо.
1990-ээд онд хоосон цүнх үүрсэн монголчууд хоёр талынхаа хилээр өдөр шөнөгүй хөвж хэрэгтэй, хэрэггүй бараагаар тохиролцооны дэлгүүр нээж эхэлсэн. Кино хальс мэт тэрхүү дүр зураг санаанд тод үлджээ. Тэр үеэс л эрх чөлөөг мэдэрч өөрийхөө хүссэнийг хальсанд буулган кино гэх нийтлэг нэр өгч мөнгөний эрэлд хатсан хагас уран бүтээлчид олширсон. Цаг үе хэцүү болж, уран бүтээлчид мэргэжлийн төвшинд кино хийж чадахгүй боллоо хэмээн тухайн үеийн ахмад киночид шагширч эхэлсэн. Энэ нь кино урлагаа өмөөрсөн хүний хоосон үг биш байжээ. Учир нь 1990 оноос хойш 20 гаруй жилийн хугацаа өнгөрлөө.
Гэтэл кино урлаг уруудсаар л... Тиймээс манай сонин “Зохиолчгүй кино” цувралыг явуулахаар боллоо. Энэ дугаартаа “Помогите нам” гурван ангит уран сайхны киног сонголоо. Учир нь энэ кинонд зохиолч алга. Өрнөл бүхэн нь жүжигчдийн хэлж, ярьж буй текст гэж авах юм алга. Уг киног Zaya"sh студийн захирал Ш.Даваадорж бүтээсэн. Бүтээсэн гэдэг шалтгаан нь тэрбээр киноныхоо зохиолч, найруулагч, зураглаачаар ажилласан. Ингээд бодохоор Ш.Даваадорж цогц чадвартай нэгэн бололтой. Харамсалтай нь тэрбээр кино урлагийн сургуулийн зураглаачийн анги төгссөн боловсролтой нэгэн л дээ. Гэхдээ аливаа уран бүтээлд боловсрол хамаагүй гэж зарим хүн үздэг. Нөгөө талаараа төрийн шагналт, кино зураглаач Шаравдорж гуайн хүү. Тиймээс хүүхэд ахуй цагаасаа киноны уран бүтээлчдийн халуун тогоонд чанагдсан хүн. Ингэхээр бусад залуу уран бүтээлчдийг бодох юм бол Ш.Даваадоржид ааваасаа өвлөсөн эрдэм, мэдлэг байж болох юм. Гэхдээ л “Помогите нам”-ыг кино гэж хэлэхэд маш хэцүү санагдсаныг нуух юун. Хатуухан хэлэх юм бол зүгээр л хошин урлагийн жүжигчдийн нүүрээр хэд гурван төгрөг олох гэсэн богино хэмжээний дэл сул яриатай ведио бичлэг. Мөн кино болон хошин урлагийнхан цэвэр урлагийн төлөө бус мөнгөний төлөө явж хэн нэгнийхээ хийж буй аар саархан, халтар хултар бүтээлийг цаасан малгай өмсгөн хөөргөж рекламдах, магтан дуулахдаа ч гаргуун гэдгийг Монголын ард түмэн нийтээрээ мэднэ.
Жүжигчин Б. Батхуяг уг киноны талаар дараахь ярилцлагыг өгчээ.
-“Помогите нам” киноны нэгдүгээр анги нь үзэгчдээс ихээхэн өндөр үнэлгээ авсан. Харин “Wisdom fi lm” продакшн Zaya’sh студийн хамтын бүтээл болох хоёрдугаар анги нь тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Яг дотор нь ажилласан хүний хувьд киноныхоо талаар юу хэлэх вэ?
-Би өөрийгөө маш их азтай гэж боддог юм. Гол нь “Помогите нам” кино манай хошин урлагийн мэргэжлийн жүжигчид тоглосноороо бусад инээдмийн киноноос онцлог. Тэр дундаа түүх болж үлдэх хэмжээний кино болсон. Бид түүхээ бичиж үлдээдэг байсан бол одоо кино хийгээд үлдээдэг болсон юм уу даа гэсэн бодол төрүүлж байгаа хэрэг. Үүнийг дараа нь бидний хүүхдийн хүүхэд үзээд яг ийм амьдралыг бидний аав, ээж туулаад өнгөрсөн юм байна гэж ойлгохоор түүхийн нэгээхэн хэсгийг хоёрдугаар анги дээрээ бүр тодорхой тусгасан. Өнөөгийн нийгэмд байгаа улс төр, уул уурхай, бослого тэмцэл зэргийг дандаа ёгтлоод яг ийм юм болсон юм шүү гэдгийг тамгалаад гаргасан. Гэхдээ энэ бүхэн инээдэм. Аливаа зүйлийг заавал сайн хийж байж дараагийн алхам руу нь ордог. Тийм болохоор энэ киногоо хүмүүст маш сайн хүрнэ гэдгийг баттай хэлж чадна. Тэгээд дээрээс нь техникийн давуу талуудыг сайн харуулсан.
-Энэхүү кинонд хошин урлагийн олон хамтлаг продакшнууд нийлж тоглох ямар байв?
-Бид зовлонг нь үүрээд ирчихсэн болохоор өөр өөрсдийн цавуутай ирдэг. Тэгээд л тэр цавуугаараа наалдчихдаг. Тиймээс уран бүтээл хийхэд бүгд наалдаад яг нэг цөм болж чаддаг. Ер нь хүнд хэцүү нөхцөлд бид л тоглож үзэгчдийг инээлгэж байсан. Гэхдээ би зовлон ярих гээд байгаа юм биш л дээ. Хоёрдугаар анги дээр МУГЖ Д.Батсүх ах маань ирж тоглосон нь их давуу болгосон. Баачка ах маань бүр онгоцны нисгэгчийн дүрд тоглосон юм. Бид тэр хүний хажууд нь тоглож байхдаа үнэхээр биширч байсан. Кинонд тоглож байхдаа бие нь жаахан тааруухан байсан. Хүн ер нь дуртай зүйлээ хийхээр хүний өвчин зовлон холддог юм билээ. Тэгээд Батсүх ах “Зүгээр зүгээр, ах нь зүгээр” гээд л элсэн дээр дээшээ доошоо гүйгээд л байсан. Бид хэчнээн санаа зовж байсан ч дотроо зовж, харин нүдэн дээр нь үнэхээр их баярлаж байлаа. Мөн МУСТА Б.Лхагвасүрэн ах тоглосон. Лхагваа ах бид нар чинь нэгийгээ нэвт мэддэг төрсөн ах дүү шиг болсон улс. Тэгээд хуучин жүжигчид дээр Д.Батсүх ах, Лхагваа ах хоёроос гадна С.Өлзийхүү урилгаар ирж тоглосон. Гол дүрийн жүжигчид маш сайн тоглосон дээр нь хоёрдугаар анги нь тун сонирхолтой болсон учраас гуравдугаар ангийг нь хийнэ хэмээн ярьж болохоор сэтгэл хөдлөлийн байдалтай байгаа. Удахгүй ирэх долоо хоногт киногоо нээнэ. /Гуравдугаар анги гарахаас өмнө өгсөн яриа/
-Зураг авалтын явцад олон сонирхолтой зүйлүүд болсон байх. Заримаас нь дурдвал?
-Нэгдүгээр ангийн зураг авалтыг хийж байхад камер нь царцаж байсан бол хоёрдугаар ангийн зураг авалт дээр камер нь халаад улаан гэрэл асч зураг авч болохгүй гэсэн дохио өгч байсан. Тэгээд би үүнийг их сонин юм гэж гайхаж байлаа. Мөн хүнд хэцүү зураг авалтын үед тэр олон хүний хэн нь хэн бэ гэдгийг маш сайн мэдэж байгаа юм. Тэгээд тэр дундаас гээгдэх нь гээгдээд цааш явах нь үлдэж ёстой л шигшигдэж байгаа юм.
-Та бүхэн киног мөнгө олох өнцгөөс нь харав уу, эсвэл үнэхээрийн 70,80-аад оны кино шиг хүний сэтгэлд хоногшсон чанартай уран бүтээл гаргая гэсэн зорилготой ханцуй шамлан оров уу?
-Мөнгө олно гээд хийхээр чинь л цаг хугацааны кино болчихож байгаа юм. Юун хүний сэтгэлд хоногших. Өнөөдөр аль нь мөнгө олох хэмжээний кино вэ, аль нь хязгааргүй цаг хугацааг туулан үзэгчдийн хүртээл болсоор байх вэ гэдгийг үзэгчид маань үзээд л мэддэг болчихжээ. Бид өөрсдийнхөө бүтээлийг чанартай хийгээд үлдээчихвэл дараа нь энэ эргээд мөнгө болно. Бид уран бүтээлээр дамжуулаад хүнээс сонсож чадаагүй зүйлийг сонсгож, хүнд хэлж чадаагүй зүйлийг нь хэлчихвэл тэр хүнд мөнгөнөөс илүү юм өгчих болов уу гэж бодоод байгаа юм. Мөн манай киног кино шүүмжлэгчид ирж үзээсэй гэж хүсч байна. Бид тэдэнд урилга өгөөд үзүүлье гэж бодож байгаа. Тэгээд тэднээс үг сонсвол бидэнд маш их хэрэгтэй. Яагаад гэвэл дараа дараагийн уран бүтээлд хэрэгтэй шүү дээ. Харин ингэвэл мөнгө олно гээд кино хийчихвэл амархан, маш хурдан хийнэ. Гэхдээ хоёр гурван жилийн дараа энэ олон киноны аль нь мөнгөнийх вэ гэдэг нь гараад ирнэ. Өчигдөр л гэхэд би “Тунгалаг тамир”-ыг үзэхэд тийм уран гоё жүжиглэлт, амттай текстийг сонсоогүй л явж.
АМБИЙГИЙН АЛДАА
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан жүжигчин хүн ийнхүү ярьжээ. Арга ч үгүй байх. Тэрбээр өөрөө уг киноны гол дүрийн нэг. Нөгөө талаараа зургийн даргын үүрэг гүйцэтгэсэн хүн өөрийнхөө уран бүтээлийг яаж муу хэлэх билээ. Уг киноны нэгдүгээр ангийн үйл явдал галт тэргэнд өрнөдөг. Хүнд өгөх өгөөж талаасаа уран бүтээл болж чадаагүй нь даанч харамсмаар. Гэтэл хоёрдугаар анги дээрээ өнөө хэдэн нөхөр онгоцноос амьд үлдэж буй дүр зураг. Яг яах гээд байгаа, юуг харуулахыг зориод байгаа нь тодорхой бус. Жүжигчин Амбийгийн яриагаар бол бидний түүхийг хойч үед үлдээж буй хамгийн сайн бүтээл гэнэ. Арай ч дээ. Монголын ирээдүй энэ цаг үеийг ийм дүр, дүрслэлээр ойлгож, төсөөлнө гэвэл харамсаад ч барахгүй юм болно биз дээ. Ингээд бид аз муутай хэдэн нөхрийн устай зуурсан гурил шиг үйл явдлаар хойч үедээ баримт болон үлдэж байгаа бололтой. Ийнхүү гурван жил шил дараалан гарсан гурван ангит цуврал киноны сүүлчийн ангийг 3D-гээр үзлээ. Хөвсгөл нууранд гэх хэдий ч зүгээр нэг голын захын хайрган дээр зураг авалт нь болсон мэт санагдсаныг нуух юун. Энэ ангид нь хошин шогийн мастер МУГЖ Б.Батзаяа, “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал С.Лхагвасүрэн болон жүжигчин Б.Нямхүү, Б.Навчаа, М.Саранцэцэг, Р.Адъяа, Чапи, DZ-Man буюу Б.Дашзэвэг нар тогложээ. Гэхдээ тухайн киноны үйл явдалд эрүүл хүн нэг ч гарсангүй. Бүгд л ямар нэгэн сэтгэцийн өвчтэй мэт үйл хөдлөл хийж, сөөнгө, бүдүүн гээд хачин сонин өнгөтэй аялгуугаар хоорондоо ярих нь хүүхэд айлгамаар байлаа. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртсэн дуучин Т.Баясгалан ерөнхий продюсероор ажиллажээ. Энэ бол кино урлагийг гутааж буй хамгийн том доромжлол ч байж болох юм. Учир нь Т.Баясгалан кинонд хөрөнгө оруулж болохоос бус жүжиглэх, найруулах тал дээр шууд эрх эдэлж болмооргүй санагдана.
КИНО УРЛАГ УУ ЭСВЭЛ ЭРХ ЧӨЛӨӨ ЮУ
Ер нь хүн төрлөхтөн кино гэж юуг хэлдэг, яах гэж кино бүтээдгийг манай киночид анхаарах цаг болжээ. Сайн зохиол нь чанартай киноны гол тулгуур, сайн найруулагч мөнхийн бүтээлийн амин сүнс, сайн зураглаач хүн төрлөхтний амьд түүх гэсэн яриа байдаг. Мөн киног үзэх үзэгч мэдлэг мэдээлэл, ухаарал, эрч хүч, таашаал, цэнгэл амсах гэж сонгодог. Гэтэл манайд хийж буй кино бүхэн мэргэжлийнхний нүдэнд бүү хэл кино үзэгчийн сэтгэхүйн хэмжээнд хүрч чадахгүй байгаа нь эмгэнэлтэй санагдана. Уг нь уран сайхны кино уран сэтгэмжид тулгуурлаж бүтээгдэх ёстойсон. Харин энэ кинонд тийм зүйл нэгээхэн ч ажиглагдсангүй. Зүгээр л “Помогите нам” киноныхоо үргэлжлэл болгож, хэдэн жүжигчнээ хаана төөрүүлэх вэ л гэсэн өчүүхэн бодолдоо баригдаж хийсэн мэт. Энэ мэт өгөөж муутайхан кинонууд шил шилээ даран төрж кино театруудад гарч байна. Харамсалтай нь үзэгчдэд сэтгэл ханамж төрүүлэхгүй байгаа нь ямар төвшний кино вэ гэдэг нь илхэн. Яахав хүүхэд хөгшидгүй таван төгрөгөө барьж очоод л үзэж байгаа. Түүнийг нь чанаргүй уран бүтээл туурвигчид инээж байгаад л хуваагаад авч байгаа нь кино урлаг бизнес болсны илэрхийлэл. Ам ташсан хэрээ арван гурав дахина гэдгийн адилаар ахиад сул киноныхоо үргэлжлэлийг хийж эхэлнэ. Энэ мэт орчин цагийн Монголын уран сайхны киног мэргэжлийн шалгалтын дэнсэн дээр тавьбал тэнцэх кино хэд байгаа бол. Юутай ч муу уран бүтээл хийснээс том цүнх үүрээд ганзагын наймаанд явсан уран бүтээлчийн нэр цэвэр үлдэх цаг ирсэн бололтой. Зарим ахмад уран бүтээлчид монголчууд кинонд дуртай, киночид нь уран бүтээл туурвих хүсэл эрмэлзэлтэй байна. Гэвч төр засаг, салбарын яам нь тусалж дэмжихгүй болохоор арга тасран амь тээх гэж кино биш “кинонцор” хийгээд байна гэж ярихыг хэд хэдэн удаа сонсч байсан юм байна. Ямартаа ч Монголд “Помогите нам” нэртэй гурван цуврал кино гарсныг хүн бүхэн мэдэж буй. Бас өөр өөрийнхөөрөө аль эрт дүгнэлт хийсэн байх. Гэхдээ кино урлаг бол сэтгэл хийгээд мэдрэмжийн толь гэдгийг хэлэхэд илүүдэхгүй буй за.
С.Сарантуяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин