Тавантолгойн хэлэлцээ даваа гарагт эхэлнэ
2015/01/03
Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах компани, консорциумыг шалгаруулсан. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэддээ хувьцааны ашгийг өгөх, Чалкогийн өрийг дарах гэхчлэн олон ажлыг авч явах хөрөнгө оруулагчид бол Хятадын "Чайна Шэнхуа Энержи”, Японы "Сумитомо”, Монголын "Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан консорциум юм. Харамсалтай нь АНУ-ын "Пибоди Энержи” компани Монголын Засгийн газрын хатуу шаардлагыг биелүүлээгүй байсан учир сонгон шалгаруулалтад ялж чадаагүй юм. Дээрх консорциум Тавантолгойн нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалтыг нь хариуцаж ажиллахаас гадна Хятадын Чалко компанид тавьсан Монголын Засгийн газрын өрийн үлдэгдэл болох 110 сая ам.долларыг төлөх ёстой юм. Мөн иргэн бүрт үнэ төлбөргүй олгосон 1072 ширхэг хувьцааг олгох ажлыг хариуцахаар болжээ. Түүнчлэн Засгийн газраас шалгарсан компаниудад Баруун болон Зүүн цанхийн нүүрсийг боловсруулж экспортыг нь 30 сая тоннд хүргэх шаардлагыг тавихаар болсон байна. Тавантолгойд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр эхний байдлаар ярьж байгаа. Гэхдээ эцсийн санхүүжилт ямар байдлаар шийдэгдэхийг нэгдүгээр сарын 5-нд буюу ирэх даваа гарагт эхлэх Тавантолгойн хэлэлцээрийн үр дүн харуулах юм. Мөн цаашид Тавантолгойг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, ямар зарчмаар ажиллахыг тодорхой болгохоор хэлэлцээрийн ширээний ард сууна.