С.Чинзориг: Төр иргэддээ тэгш, шударга хандах боломж бүрдэж байгаа юм
2015/01/05
Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд өөрчлөлт оруулах саналыг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Засгийн газрын энэ оны сүүлчийн хуралдаанд оруулж батлуулсан. Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн уг журамд чухам ямар өөрчлөлт орсныг С.Чинзориг сайдаас тодрууллаа.
-Төрийн албаныхан тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авдаг. Эмч, багш, төрийн захиргааныхан, тусгай алба хаагчид гээд хашиж байсан албаараа ялгаатай авдаг тэтгэмжийг өөрчлөх нь зүйтэй гэдэг саналыг та өмнө нь тавьж байсан. Энэ удаагийн өөрчлөлт төрийн албаныхнаас чухам хэнд хамаатай вэ?
-Төрийн албаны тухай хуулиар төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор заасан байдаг. Журмыг нь Засгийн газраас тогтоодог бөгөөд 2009 онд баталсан журамд өөрчлөлт оруулах тухай зарчмын саналыг өмнө нь хэд хэдэн удаа тавьж байсан. Энэ удаагийн өөрчлөлт Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаж байсан төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад олгох тэтгэмжтэй хамаатай.
-Чухам юуг нь яаж өөрчилснийг тайлбарлаж өгөөч?
-Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ буцалтгүй тусламжийг нийтэд нь 12 сараар тооцож тэгшитгэж олгож болох юм гэдэг санааг дэвшүүлсэн. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар ярилцаад төр иргэддээ шударга хандах ёстой, юм болгоныг тэгшитгэх байдлаар зохицуулах нь зохимжгүй юм гэдэг үүднээс төрийн албан хаагчдад олгож байгаа нэг удаагийн буцалтгүй тусламжийг тэр хүний төрийн албанд ажилласан жилтэй нь дүйцүүлэн олгох нь зөв юм гэдэг дээр ойлголцолд хүрсэн. Өөрөөр хэлбэл, төрийн албанд 20 жил ажилласан хүнд 20 сарынх нь цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно. 30 жил ажилласан хүнд 30 сарынх нь цалинтай тэнцэх хэмжээнийхийг олгох зарчмаар асуудлыг шийдсэн. Бүр тодорхой хэлбэл, төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан жилийн тоог нь хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасан.
-Тэтгэмжийн дээд хэмжээг тогтоосон уу. Магадгүй төрд 40 жил ажилласан хүн гарч ирвэл түүнд 40 сарынх нь цалинтай дүйцэх тэтгэмж олгох уу?
-Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын гурван жилийн үндсэн цалингийн дунджийг 36 дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтоосон. Мөн тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн жинхэнэ албанд сүүлийн таваас доошгүй жил ажилласан бол нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ гэдгийг тодотгосон байгаа.
-Өмнө нь мөрдөж байсан журмаар төрийн жинхэнэ алба хаагчийн цалинг тодорхой хувиар өсгөж тооцдог байсан. Үүнийг өөрчилсөн үү?
-Төрийн жинхэнэ албан хаагч төрийн үйлчилгээний албан хаагчдаас арай өөр. Үндсэн хуулиар олгогдсон зарим нэг эрх нь хязгаарлагдмал. Тухайлбал, аж ахуй эрхлэх, үзэл бодлоо нэгтгэх, улс төрийн үйл ажиллагаанд оролцох зэрэг нь тодорхой хэмжээгээр хязгаарлагддаг учраас тэтгэвэрт гарахад нь олгодог тэтгэмжийг 40 хувиар буюу 1.4 дахин нэмэгдүүлж тооцдог байсан. Гэхдээ энэ удаагийн журмаар төр алба хаагчиддаа тэгш хандах үүднээс төрийн захиргааныхны тэтгэмжийг бодох сарын үндсэн цалинг 1.4 дахин өсгөн тооцож байсныг өөрчилж сарын цалингаар нь тооцож байхаар болсон. Мөн төрийн захиргааны жинхэнэ албанд ажилласан жилд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байсан хугацааг оруулан тооцохыг болиулсан. Төрийн албанд ажиллагсад ажилласан жилтэйгээ дүйцсэн сарын тэтгэмж авах нөхцөл бүрдсэн нь төрийн албан хаагчдад шударга хандаж буй хэрэг юм.
-Эмч, багш нарын авдаг тэтгэмжийн журамд өөрчлөлт орох уу?
-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан энэ удаагийн өөрчлөлт төрийн тусгай албан хаагчдад хамаарахгүй. Мөн эмч, багш нарын тэтгэмжийн асуудлыг Эрүүл мэндийн болон Боловсролын тухай хуулиар зохицуулдаг учраас энэ удаа зөвхөн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад л хамаатай юм. Харин эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй хүмүүст олгодог тэтгэмжийг холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулан шинэчлэх бөгөөд ингэхдээ төрийн жинхэнэ алба хаагчдад олгохоор болсонтой адил зарчмаар шийдэхээр асуудлыг оруулж ирэхийг Засгийн газрын хуралдаанаас даалгасан. Бид энэ чиглэлд ажиллаж байна.