6jbt40gqqpbagjp9plqefc1s9vУИХ-аар 2015 оны төсвийг батлахдаа аль болохоор хэмнэж, танах чиглэлийг өгсөн. Тийм ч учраас энэ оны төсөв хэмнэлтийн төсөв болоод байгаа билээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг л гэхэд төрийн албан хаагчдын тоог 1500-аар цомхотгоно гэдгээ мэдэгдсэн. Цаашлаад хүүхдийн 20 мянга болон оюутны 70 мянган төгрөгийг заагтай олгоно гэж буй. 

Тиймээс энэ оны Төсвийн тухай хуулиар нийслэлийн тамгын газар 186 хүнийг цомхотголд оруулах ёстой. Энэ дагуу Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл зургаан орлогчийнхоо дөрвийг нь явуулах ёстой юм. Гэтэл тэрбээр орлогч дарга нар болон зөвлөхүүдийнхээ хэнийг нь ч явуулахгүй. Харин тэднийгээ цалингүй ажиллуулна  гэдэг шийдвэрийг гаргасан.  Цаашлаад Э.Бат-Үүл УИХ-ын дээрх шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандахаар болжээ.

Ямартай ч Засгийн газрын орон тоо цомхотгох шийдвэр амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн тод жишээ энэ. Ерөнхий сайдын шийдвэрийг төрийн байгууллагууд хэрэгжүүлэхгүй гэдгээ улайм, цайм мэдэгдэж байна. Зүй нь төсөв бол хууль. Хуулиар Э.Бат-Үүл орлогч нараа цөөлөх ёстой. Гэтэл тэрбээр зургаан орлогчоо бүгдийг нь авч үлдээд цалингүй ажиллуулна гэж байна. Үүнийг нь дагаад хотын бүх дүүргийн Засаг дарга нар мөн орлогч, зөвлөхүүдээ авч үлдэнэ гэлээ. Мөн агентлагууд ч дээрхтэй адил шийдвэрийг гаргахаар болсон байна. 

Хэдийгээр тэд цалин авахгүй гэж хэлж байгаа ч ямар нэгэн байдлаар урсгал зардал нь татвар төлөгчдөөс гарна. Тэд унаа, хоолондоо мөнгө зарна. Компьютер, бичиг, цааснаас эхлээд урсгал зардал ихтэй хүмүүс. 

Нөгөөтэйгүүр ард түмнийхээ төлөө цалингүй ажиллая гэж хэлдэг ямар сайхан сэтгэлтэй хүмүүс вэ хэмээн иргэд тэднийг магтан, гайхаж байна.  Гэхдээ тэдэнд цалинтай  байх эсэх нь хамаагүй зөвхөн эрх, мэдэлтэйгээ үлдэх нь чухал байгаа юм. Учир нь түүнээс илүү том эрх ашиг албан тушаалынх нь ард байдаг гэдгийг нотлон харуулж байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, тендерийн ажлыг зохион байгуулахаас эхлээд хяналт тавих эрх нь тэдэнд бий. Бүр тодруулбал, нийслэлд барьж байгуулах, сургууль, цэцэрлэг, зам гүүрийн ажлын тендерийг шалгаруулах, зохион байгуулахад тэдний оролцоо өндөр.Тиймээс тэд төрөөс бус тендерээс цалинжих нь. Харин бусад зардлыг нь төр гаргана. Тэгэхээр ийм ашигтай ажилд  үлдэнэ гэж зүтгэх нь аргагүй юм. 

Харин Ерөнхий сайд Төсвийн хууль зөрчиж дураараа аашилж буй дарга нартаа шаардлага тавьж чадах уу гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. 

Тэрбээр өөрөө яамдын бүтцийг данхайлгах их ажлыг эхлүүлсэн учраас шаардлага тавьж чадахгүй ч байж мэдэх юм. Учир нь хэлж буй шигээ үнэхээр цомхон бүтэцтэй ажиллахыг хүсч байсан бол яамгүй гурван сайдаасаа эхлээд 17 дэд сайдтай байх шийдвэрийг гаргахгүй байсан биз. Тэгэхээр Ч.Хүрэлбаатар гишүүний хэлсэнчлэн “Цомхотгол явуулах гээд байгаа бол хоёр дэд сайдаасаа эхэл” гэдэг үгийг энд дурдмаар байна. 

2012 оноос өмнө Нийслэл болон  дүүргийн Засаг дарга ганцхан орлогчтой  байсан. Гэтэл АН засагт гарангуутаа Нийслэлийг л гэхэд зургаан орлогч даргатай болгож фракц бүрээс нэг хүнийг энэ албан тушаалд томилсон. Одоо үүнийгээ цэгцэлж чадахгүй үйлээ үзэж байна. Үүний хажуугаар МАН-ынхныг багтааж шингээх гэж бас зовож явна. Тухайлбал, яам, агентлагуудад МАН-аас 40 хувийн квотыг оруулахаар тохиролцсон байгаа. Харин хэлсэн амандаа хүрч МАН-ын хүмүүсийг  томилохгүй байгаа учраас нөгөөдүүл нь сөрсөн базаа хийж эхнээсээ сануулга өгөөд эхэлсэн. Ийнхүү засаг төр, дотооддоо нилээн хямралтай тэмцэлтэй болж эхэллээ. 

Т.Хулан