МАН-ыг шахамдуулж, АН-ыг догдлуулах өндөр тааз
2015/01/18
Өрийн таазыг 70 болгож чаддаггүй юм бол 60 хувь болгохоор эрх баригчид сэтгэл шулуудав. Хуульд заасан дээд хэмжээ 40.
Гэвч бодит байдал дээр 55.2 хувьд хүрчихсэн. Хууль зөрчиж, таазаа өндөрлөсөн эрхмүүдэд улс төрийн хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл л бий. Түүнээс биш эрүүдэн шүүж, эрх чөлөөг нь хязгаарлах эрх зүйн орчин байхгүй. Иймээс шинэчлэлийн Засгийн газар огцорсон тул хариуцлага тооцогдсон гэж үзэж болох гэнэ. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн эрхмүүдтэй эргэн тооцоо бодох асуудал хөндөгдөхгүй.
Өмнөх Засгийн газрын тансаглал хэрээс хэтэрсэн тухай өнгөрсөн хугацаанд хангалттай яригдсан. Гарах үр дагавар нь эрсдэл дагуулахыг хүний, өөрийн намынхан сануулсан ч тоогоогүй. Эцэст нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн баян Засгийн газар эдийн засгийн хямралд өртөв. Ямартаа л өрийн таазыг өндөрлөх хуулийн төсөл өргөн барьж, сөрөг хүчнийхэнд баалуулсан. Шийдлийн Засгийн газрыг байгуулахын тулд МАН-д ам тангараг өгч, таазаа өндөрлөхгүй байхаар тохиролцсон нь ч бий. Харамсалтай нь, Засгийн газар урагшаа харсан бодлого хэрэгжүүлэхийн тулд өрийн таазыг хөдөлгөхөөс өөр аргагүй хэмээн МАН-ыг сэнхрүүлэх бодлого өдөр бүр явагдах болов. Үнэндээ үүнээс өөр сонголт үлдээгүй гэдгийг хэн хэн нь ойлгож байгаа ч ууган улс төрийн хүчнийхэн хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ ард иргэдээс ам асуулгахыг хүссэнгүй. Тиймдээ ч 70 хувьд хүргэх АН-ынхны төлөвлөгөөг унагасан юм.
Өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлыг МАН-ын бүлгээр хэлэлцэх бүрт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ гэхчлэн эсэргүүцэгчид мундахгүй. Б.Бат-Эрдэнийн хувьд 70 хувь хүргэлгүй жаахан хэлбэлзүүлж болохыг зөвшөөрдөг бол Ц.Нямдорж таазыг жаахан хөндөх төдийд ширээгээ шаах тухай намынхандаа чанга дуугаар сануулдаг аж. Ч.Сайханбилэгийн өвөрт орох санаачилга гаргавал намаасаа гарна хэмээн мэдэгдэж байсан хатуу самар энэ удаад шийдэмгий загнана гэдгээ ч хэлсэн юм байх. Тиймээс МАН-ын хувьд ацан шалаанд орчихсон гэхэд хилсдэхгүй.
Засгийн газрын хувьд энэ удаад ямар нэгэн зээл авахгүй байх амлалтыг өгч, өрийн таазыг 60 хувь болгох хуулийн төслийг оруулж ирлээ. Төсөлд тусгаснаар Монгол Улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2015 онд 60, 2016 онд 55, 2017 онд 50 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар өрийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Гэхдээ ханцуйн дотроо наймаалцан, хар зах дээрээс бараа авч байгаа аятай аяглаж 65 хувь болгоно гэх мэдээллийг эх сурвалж өгч буй юм. Хачирхалтай нь, бонд гаргаж, зээл авахгүй гэх амлалт өгөн байж өрийн таазыг нэмэгдүүлэх гэж чармайж байгаа нь анхаарал татна. Араас нь хямралын өмнө гараа хумхиад суулгүйгээр хөрөнгө оруулалт татах, бонд гаргаж, оруулж ирсэн мөнгөөрөө бүтээн байгуулалт хийж, эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд өрийн таазаа нэмэгдүүлье хэмээн учирлана. Тэнгэр, газар шиг зөрүүтэй энэ мэдээллийн цаад шалтгаан нь юу вэ.
Хямралтай үед гаднаас их хэмжээний зээл авч байдлыг улам хүндрүүлэх нь мэдээж оновчтой шийдэл биш. "Чингис" бондоос үлдсэн 750 тэрбум төгрөг өнөөг хүртэл зарцуулагдаагүй, хоёр жил хий хүү төлөөд сууж байгаа тухай УИХ-ын дэд дарга М.Энхболд онцолсон. Энэ мөнгийг богино хугацаанд үр дүнгээ өгөх эргэлтэд оруулах шийдлийг эдийн засагчид өгдөг. Гэтэл энэ бүхнээс илүүтэй яаран, сандран тааз өндөрлөх асуудлыг оруулж ирэх болов. Чингис, Самурай, Хөгжлийн банкны бондын зарцуулалт өнөөдрийг хүртэл хаалттай байгаа. Өмнөх зарцуулалтаа ил болгож байж дараагийн асуудлаа оруулж ирэхийг УИХ-аас үүрэгдсэн ч ажил хэрэг болсон удаагүй. Ямартаа л Чингис бондын зарцуулалтыг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлтээс урьтаж, хуулийн төслийг батлах саналыг шийдлийн Засгийн газар шахамдуулж байна.
УИХ-ын дэд дарга М.Энхболд “Сонгуулийн өмнөх жилийн төсөв хариуцлагатай, энэ Засгийн газрын толь болсон, ямар Засгийн газар вэ гэдгээ ард түмэндээ харуулах ийм төсөв байх ёстой” хэмээсэн нь бий. Түүнчлэн өрийг таазыг нэмэгдүүлчихвэл үлдсэн 1.5 жилд Засгийн газар нэмэх оноо авна гэх болгоомжлол бий гэх. Хүүхдийн болоод одонтой ээжүүдийн мөнгөн дээр шоудаж болох ч энэ сэдэв тохиролцооны хүрээнд хүрздээд өнгөрөх зүйл биш. МАН-ынхны хувьд тийм болгоомжлол байж мэдэх ч АН-ынхан дараагийн сонгуульд муу дүн авах нь тодорхой болсон тул боломжийг ашиглах санаархал байхыг үгүйсгэх аргагүй.
Гол нь МАН хэлснээсээ буцахгүй байхын тулд эсэргүүцэж, АН сонгуулийн нүүдлээ харж байгаа болохоос биш эргэн төлөх чадвар бий эсэхийг хэн нь ч харахыг хүссэнгүй. Өнөөдөр өрийн таазыг нэмэгдүүлж, дахин зээл авч, маргааш амьдрал цэцэглэж болно. Харин түүний маргаашнаас зээлээ эргэн төлнө. Тэр үед яах вэ. Байгалийн баялгаа шавхаж, газар нутгаа хэсэгчлэн зарах уу. Яг л Грекийн түүхийг давтах ирээдүй угтана. Манайх шиг эмзэг эдийн засагтай орон өрийн таазаа нэмбэл хямарсан Грекээс ч дор нөхцөд байдал бий болно. Монгол моодноос гарч, уул уурхай уналтад орчихсон. Иймээс өрөө төлөхөд хүндрэлтэй. Чингис бондын хүүний төлбөрт л гэхэд нэг аймгаа тавиад туухад бэлэн байдалд бий атлаа урдах замаа үл хайхран өдөр шөнийг ялгалгүй шахамдуулж байгаа нь ч шалтгаантай. Уг нь хэмнэлтийг хэрэгтэй газар нь хийж, нийтээрээ эрсдлийг даван туулвал гарах үр дүн нь хэн хэндээ өлзийтэй мэт.
Л.НИНЖСЭМЖИД
Зочин · 2015/01/19
ur nemdeg l ym bol MAN uls turuus archigdana ene ikh uriig AN tuluhgui ta nar l tuluh gej zovno ekh ornoo tasalj hudaldaad ch naaduuliinhaa idsen uusniig tulj chadah uu.An bol tertei tergui ungursun shdee