Энэ удаа эмэгтэй хүнийг сонгож , өөрчлөлт хийгээд үзвэл ямар вэ
2013/05/26
- Нэр дэвшигч Н.Удвал Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал өчигдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдтэй уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Сайхан сумын иргэд нэр дэвшигчийг ихэд талархан хүлээн авч уулзлаа. Тэд сэтгэгдлээ хуваалцахдаа, “Айл гэрийн багана, үр хүүхдүүдийнхээ халамжит ээж, хамгийн ойрын хүн бол эх хүн байдаг. Айлын хүүхдүүд аавдаа хэлээгүй, үгээ ээждээ л хэлдэг шүү дээ. Энэ удаа эмэгтэй хүнд итгэл үзүүлж, өөрчлөлт хийгээд үзвэл яасан юм бэ” хэмээн ярьж байв. Уулзалтад Сайхан сумын Засаг дарга АН-ын гишүүн Д.Энхтайван ирж нэр дэвшигчид хүндэтгэл үзүүлж амжилт хүслээ. Тэрээр “2009 онд Засаг даргаар ажиллаж байхдаа зөвхөн Ц.Элбэгдоржийн уулзалтыг нээж хүндэтгэл үзүүлээд Н.Энхбаярын багийнхныг орхиж байсан удаатай. Үүнийг нь иргэд улстөржсөн гэж шүүмжилж байлаа. Харин энэ удаа гурван нэр дэвшигчдэд гурвууланд нь ижил төвшинд хүндэтгэл үзүүлнэ” гэж ярив. Мөн Сэлэнгэ аймгийн МАХН-ын дэд дарга Э.Баярмагнай, “Би Н.Удвал даргыг эртнээс мэднэ. 2000 онд Эрүүл мэндийн дэд сайдаас ажиллаж байхаас нь танина. Бидний амьдралын өмнө эмэгтэй хүнийг дэмжих шаардлага байна. Тиймээс бид Н.Удвалыг дэмжиж байна. Наргиж хэлэхэд эрчүүд бид чинь өмд гутлаа ч олдоггүй хүмүүс шүү дээ. Тиймээс эх хүний, ээж хүний сэтгэл иргэддээ ижил тэгш хандана гэдэгт итгэж байна гэв.
Уг уулзалтын дараа нэр дэвшигч Нацагийн Удвал Алтанбулаг сумын иргэдтэй уулзахаар хөлгийн жолоо заллаа.
Ч.Олдох
Зочин · 2013/05/28
Хөдөө орон нутагт нэр дэвшигч Н.Удвалыг дэмжиж заал танхим дүүрэн байна бид ч дэмжиж байна. Хазайсан хаант төрийг хатан ухаанаар удирдах цаг нь ирлээ Н.Удвалаа дэмжинээ