Өмнийн говийн бүс нутгийн байгаль орчныг хамгаалах, шороон замаар тээвэрлэлт хийлгэхгүй байх, хатуу хучилттай тусгай зориулалтын автозамын ашиглалт, тээвэрлэлтийн нөхцлийг сайжруулах, Монгол Улсад мөрдөж байгаа тусгай зориулалтын замаар тээвэрлэлт хийх стандартыг хэрэгжүүлэх нь уул уурхайг тойрсон тулгамдсан асуудлын нэг юм.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолоор “Нүүрсний экспортыг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах, улсын болон орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх” зорилгоор Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 239 км автозамыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд шилжүүлсэн байдаг.

Бүс нутгийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан Монгол Улсын эрдэс баялгийн экспортыг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишгийг тогтоох зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-аас санаачлан “Монгол тээвэр нэгдэл”-тэй хамтран Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар болон тухайн бүс нутагт нүүрсний тээвэр эрхлэгч 50 гаруй аж ахуйн нэгжүүдийг оролцуулан “Говийн эмзэг байгалаа хамгаалж, уул уурхайн бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын автозамаар эдийн засгийн үр ашигтай тээвэрлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг 2015 оны 1-р сарын 23-нд зохион байгууллаа.  

Зөвлөгөөнд оролцогсод байгаль орчинд ээлтэй, осол, аюулгүй тээврийг бий болгох зорилгоор зам эзэмшигч болон зам ашиглагч нарын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал гэдгийг тэмдэглэж, нүүрсний бүх тээврийг хатуу хучилттай замаар хийх,  шороон замаар тээвэр хийх асуудлыг бүрмөсөн зогсоох асуудлаар хамтран ажиллаж, нүүрсний тээврийг хатуу хучилттай зориулалтын автозам, тээврийн хэрэгслээр хийхээр ярилцаж, хамтран ажиллахаар болов.

Тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс Төр засгийн эрх бүхий байгууллага болон авто зам эзэмшигчээс дараах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж Уриалга гаргасан бөгөөд тус уриалгад “Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай хүнд даацын  тусгай зориулалтын автозамын тарифыг бууруулах, даацын талаар тодорхой арга хэмжээ авах, шударга өрсөлдөөнийг бий болгох, шороон замын тээвэрлэлтийг төрийн эрх бүхий байгууллагаас бүрмөсөн зогсоох арга хэмжээг авах,  замын байгууламжийг боловсронгуй болгох, түргэн шуурхай чирэгдэлгүй ажиллах нөхцөл бололцоогоор хангахыг хүсэлт болгосон ба эдгээр асуудлыг шийдвэрлэснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишгийг тогтоож, байгаль орчны бохирдлыг багасган, шударга өрсөлдөөн бий болох бөгөөд Тээвэрлэгчдийн хувьд тээврийн үйл ажиллагаандаа зөвхөн хүнд даацын тусгай зориулалтын замыг ашиглах боломж нөхцөл бий болно” гэж дурьдсан байна.