Манай улс шинэ Ерөнхий сайдтай болоод гурван сарын нүүр үзэх гэж байна. Түүнийг Ч.Сайханбилэг гэдэг. Хуучин Ерөнхий сайдаа үдээд мөн л гурван сар болж байна. Түүнийг Н.Алтанхуяг гэдэг. Зарим нь түү нийг “Бүх цаг үеийн хам­ гийн гүргэр Ерөнхий сайд” ч хэмээн тодорхойлдог.

Үнэндээ Н.Алтанхуяг /гишүүн / сайд шиг үзэл бодолдоо үнэнч хүн цөөхөн байдаг байх. Өнгөрсөн хугацаанд тэрбээргүйцэтгэх засаглалыг тэргүүлж байхдаа адаглаад та биднийг сэтгэл тэнэгэр байлгаж чадсан. Өөрөөр хэлбэл, “Юун эдийн засгийн хямрал, иргэдийн нуруун дээрх дарамт. Эдийн засаг ямар байгааг илэрхийлдэг бүх тоон үзүүлэлт нэмэхтэй байна. Юун өр, тэр чинь хуулийнхаа хязгаараас хэтрээгүй. Юун төрийн албан хаагчдын цомхотгол. Тэд чинь буруу хэрэг хийгээд бангаа хүртсэн юм. Товчхондоо бүх зүйл “ок” байгаа гэсээр “дууссан”. Дууссан гэдэг нь Н.Алтанхуягийн ажлаа өгснийг хэлж байгаа хэрэг. Тиймээ, тэр эцсээ хүртэл бидний сэтгэлзүйг тэнэгэр байлгасан. Харин шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Н.Алтанхуягаас ялгаатай нь засгийн тэргүүн болуутаа л та биднийг сандаргаж эхэлсэн. Шинэхэн Ерөнхий сайд мэдэгдэл хийнэ гэх зар түгэхтэй зэрэгцэн “Улс орон хүнд байдалд байна” гэсээр гарч ирсэн хүн бол өдгөөгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг. Ингэж тэр биднийг сэтгэлээр унагаасан. Угтаа хүн сэтгэлээр үхээгүй цагт сэхүүн байдаг гэх үг бий. Гэвч улс даяар хүнд байдал ноёлсныг дуулснаас хойш үнэхээр ч эдийн засгийн хямрал нуруу дараад байх шиг санагдах болсон. Хэдийгээр хүнд хэцүү амьдарч байгаа хүмүүст энэ зүйрлэл таалагдахгүй байж болох ч удирдагч хүнд байх ёстой нэг чанар бол яах аргагүй ард түмнээ сэтгэлээр өргөх. Харин Ч.Сайханбилэгт энэ чанар дутсан. Эсвэл тэр өөрөө байлгахыг хүсээгүй ч байж магад. Гэхдээ над шиг сэтгэх хүн цөөн байж ч болох.

Жишээ нь, бодит байдлыг олон нийтэд дэлгэснээрээ Ч.Сайханбилэг сайд массаас нэмэх оноо авсан ч байж болох. Ямартай ч хүн болгон адилгүй учраас сүүлийн хоёроос гурван жилийн хугацаанд гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн сайд нар товчхондоо ийм ялгаатай. Нэг нь ажлаа авч, нөгөө нь өгснөөс хойш хэсэгтээ нам жим байсан хоёр Ерөнхий сайд сүүлийн өдрүүдэд хэвлэлийнхэн төдийгүй олон нийтийн анхааралд орж ирээд байна. Энэ нь экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс төрөөс хэсэг хөндийрсний эцэст эргэн ирсэнтэй холбоотой. Ингэхдээ тэрбээр тийм ч нам гүмхэн ирсэнгүй. Багагүй хугацаанд улс төрийг үзэгчийн байр сууринаас харсны эцэст шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хаягласан жинтэйхэн үгтэй эргэж ирэв. “Төсөв тойроод баахан популизм явж байна гэж би харж байна. Эдийн засаг хүнд байгааг бид хоёр жил ярьсан. Гэхдээ эхчүүд, хүүхдийн мөнгийг булааж авах хүртлээ доройтсон зүйл байхгүй шд. Яах гэж анхнаасаа ийм хийсвэр зүйл оруулж ирж цаг барж байдаг юм. Наад популизм чинь хэтэрлээ Ч.Сайханбилэг ээ. Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд долоон зөвлөхтэй байсан. Одоо тартагтаа тулаад гурван зөвлөхөө цомхотгож төсөв хэмнэж байгаа юм уу. Та нарын үг нийгэмд популизм бий болгоод байна. Иргэдийнхээ цалин, хөлсийг тавьж чадахгүй хэмжээнд оччихоогүй. Төсвөө хурдан баталж, төрийн албан хаагчдынхаа цалин хөлсийг тавиад яв л даа. Бүх юм болохоо байлаа.

“Оюутолгой”, ”Тавантолгой” хоёрыг хөдөлгөөд амь гарах тухай бодож байгаа бол буруу. Гурван хүн халаад 140 саяыг хэмнэнэ гэдэг хогийн юм ярихаа болио. Цаана чинь хүмүүс гайхчихсан сууж байна. Намууд нийлээд бүх зүйл сайхан болно гэсэн яасан бэ. Ч.Сайханбилэг яагаад улс орон даяар гурван зөвлөхөө цомхотгосон талаар яриад байгаа юм. Тэгвэл С.Ганбаатар гишүүний хэлдгээр гурван хүнийг хассанаас 17 дэд сайдыг байхгүй болгосон нь дээр биз дээ. Арга барил чинь буруу байна шүү”. Энэ бол нэгэн цагт гүйцэтгэх засаглалыг зангидаж явсан хүнээс шинэхэн сайдад хаягласан хатуу үг. Нөгөө талаас улс төрд иргэн ирсэн Н.Алтанхуяг гишүүний цаашид баримтлах чиг хандлага ч гэж түүний үгийг тайлж болмоор. Нэг ёсондоо хуучин Ерөнхий сайд шинэ хүний арга барилыг таашаасангүй. Гэтэл эцсийн дүндээ хэн үнэн, ямар шийдэл оновчтой байсан юм бэ. Шинэ нь гарч ирээд хуучнаа үгүйсгэх, хуучин нь эргэж ирээд шинээ гоочлох. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсын гаргасан шийдвэр, гишгэсэн мөрт үнэн зүйл байгаагүй юм гэж үү гэж шинэ хуучин хоёроос асуумаар байна. Нэг нь байдал хүнд байгааг зарлаж, эх, хүүхдийн мөнгө рүү хүртэл орох дээрээ тулж байхад нөгөө нь “Популизм хийлээ” хэмээн зарлаж байгааг юу гэж ойлгох вэ. Эцсийн дүндээ хэн хэнийх нь хоосон хэнээрхэл хэрээс хэтэрсний бодит илрэл ийнхүү гарч байна. Н.Алтанхуяг Засгийн газрыг тэргүүлэх хугацаандаа ангийн нөхдөдөө худлаа мэдээлэл өгч, улсын өр хуулийн хязгаараас хэтэрч, эдийн засгийн бүх үзүүлэлт уруудаж байгааг эрт хэлсэн бол эх, хүүхдийнхээ халаас руу гар дүрэх хэмжээнд хүрэхгүй байлаа. Цаашлаад туйлын үнэнийг зөвхөн АН-аар төсөөлж, МАН-аас гаргасан санал, хэлсэн үг бүрийг үнэгүй, худал хуурамч хэмээн зарлаж, хоосон улс төр хийлгүй тулхтай туршлагатай намыг анхааралтай сонссон бол төсөв танах гэж байна гэж суусаар төрийн албан хаагчид бүтэн сар цалингаараа боолгохгүй байх байлаа.

Товчхондоо, Н.Алтанхуяг өөрийнхөө цаг үед популизм хийгээгүй бол наанадаж Засгийн газрын тэргүүний өндөр суудлаасаа буухгүй байлаа. Цаашлаад төр засаг ингэтлээ бужигнаж, намын нэрээр ажилтай болсон төрийн албан хаагчид ажилгүй болж, эх,хүүхдүүд халамжийн мөнгөнөөсөө хасуулна гэж айхгүй байх байлаа. Харин Ч.Сайханбилэг сайд үнэхээр Н.Алтанхуягийн хэлсэнчлэн популизм хийв үү гэдэг сонин байна. Улс орны хөдөлгөх хүч болсон төрийн албан хаагчдаа 15 хүртэлх хувиар цомхотгож, Төрийн гурван өндөрлөгөөс авахуулаад зөвлөх, туслахынхаа орон тоог цөөлж, цалин тэтгэврийг нэмэх боломжгүй хэмээн зарлаж байгааг популизм гэж ойлгох хэрэг үү. Харамсалтай нь шинэ ба хуучин сайд нарын хэлсэн үгэнд хийсэн үйлдэлд хоосон хэнээрхэл ноёлж байгаа нь нууц биш. Нэг нь эргэж ирэхдээ сайн сайхан засаг хүлээлгээд өгчихсөн мэт аашилж, нөгөөх нь бүх зүйл уруудаж байна хэмээн халаглаж гарч ирсэн атлаа энэ оны төсвийг эцэслэн батлахдаа цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэхээр боллоо. Цаашлаад өнөөх нийгэмд дуулиан шуугиан дэгдээж, одон зүүсэн эхчүүд, өлгийтэй хүүхдүүд /үзүүлэн/-ийг талбай дээр жагсахад хүргэсэн атлаа эцсийн мөчид бүх зүйлийг хэвээр нь үлдээлээ. Ч.Сайханбилэг “Олон хүний дургүйг хүргэх шийдвэр гаргах болно” хэмээн хэн хүний анхаарлыг татаж гарч ирсэн нь үнэндээ Н.Алтанхуягийн хэлдгээр популизм байсан юм биш үү. Хэрвээ түүний хэлсэн үг хийсэн үйлдэл популизм байгаагүй л бол анхнаасаа төсвийн тодотголыг боловсруулахдаа бүх боломжийг хайж үзэх ёстой байлаа.

Энэ үүднээс өдгөөгийн Ерөнхий сайдыг харвал намынх нь лидер Р.Амаржаргалын хэлснээр “Ч.Сайханбилэг бол хоёр дахь Н.Алтанхуяг юм”. Хувь хүний хувь үзэл бодол энд чухал биш. Харин улс төрийн өнцөг, үзэл бодол, чиг хандлага гээд яривал үнэхээр ч Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёрт ялгагдах зүйл үгүй мэт. Энэ нь ч аргагүй биз. Тэд АН-ын томоохон фракци болох “Алтангадас”-ын лидерүүдийн нэг. Улс төрд нэг зүгт харж яваа хүмүүст нээрэн ялгаа гэж юу ч байх билээ дээ.

 

М.Өнөржаргал