Б.Билэгтийн хувьд ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга, өдгөө ШШГЕГ-ын даргаар ажиллаж байгаа туршлагатай хүн. Тэгвэл хуулийн салбарын шилдэгт ордог гэх түүнийг Улсын ерөнхий прокурорт томилох бололтой.
Тодруулбал, Б.Билэгтийг ШШГЕГ-ын даргын албан тушаалаас нь буулгаж УЕПГ-ын Ерөнхий прокурор болгох гэж байгаа гэх "бор шувуу" нисч байна.
Тэрбээр энэ саналыг ч зөвшөөрч ШШГЕГ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргах гэж байгааг эх сурвалж мэдээллээ. Харин энэхүү мэдээлэл одоогоор нууц байгаа юм. Учир нь ШШГЕГ-ын алба хаагчид энэ төрлийн мэдээллийг үгүйсгэж байгаа билээ.
Ерөнхий прокурорт Б.Билэгт томилогдох гэж байгаа нь цаанаа учир шалтгаантай гэнэ. Тодруулбал, Ерөнхий прокурорт түүнээс өөр тэнцэх хүн байхгүй байгааг эх сурвалж онцоллоо. Өөрөөр хэлбэл, одоогийн Хууль зүйн сайд Д.Дорлигжавын хашиж байсан энэ албанд Б.Билэгт л тохирох ёстой гэж зарим эрх баригчид үзжээ.
Уг нь Улсын ерөнхий прокурорт гурван хүний нэр яригдаад байсан ч ийн Б.Билэгтийн нэрээр гэнэт солигдов бололтой.
Бас нэгэн сонирхолтой "шум" хүргэхэд одоогийн Авлигатай тэмцэх газрын даргын албыг хашиж буй Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Ерөнхий прокурор болгож магадгүй байгааг эх сурвалжууд онцолж байна. Хэрэв түүнийг Ерөнхий прокурор болговол Б.Билэгт АТГ-ын даргаар очих магадлал өндөр байгаа юм.
Ямартаа ч Б.Билэгт дахин байрнаасаа хөдлөх нь. Гагцхүү АТГ-т очих уу, Ерөнхий прокурорт томилогдох уу гэдэг л эргэлзээтэй байна.
Хууль хяналтын бүх том байгууллагыг тэргүүлж байсан хүнийг Ерөнхий прокуророор тавих гэж байгааг дээрх мэдээлэлд дурдлаа. Гагцхүү ШШГЕГ-ын даргын албан тушаалд хэн томилогдох вэ гэдэг л “нууц” хэвээр үлдлээ.
Д.Ундрах