Төв аймгийн залуучууд МУЭ шагналт зураач А.Чадраабалын урлангаар зочиллоо
2015/01/29
Төв сайхан нутгаас минь төрөн гарсан, МУЭ шагналт зураач, Олон Улсын Уран бүтээлчдийн Монголын Холбооны тэргүүн, А.Чадраабалын шинэ урлангаар Төв аймгийн нутгийн залуучуудын холбооны хамт олон зочиллоо.
Төв аймгийн шилдэг залуу уран бүтээлчээр 2008 онд шалгарч “Алтан шанага”-ын эзнээр тодорч байсан тэрбээр өдгөө эх орондоо болоод дэлхий дахинаа алдаршсан уран бүтээлч. МУЭ шагналт зураач А.Чадраабал нь Монголын дүрслэх урлагт өөрийн гэсэн дүр төрх, арга барилтай монголчуудын түүх соёл, бичиг үсэг, дорнын гүн ухаан, байгаль дэлхий, ан амьтны дүр дүрслэлийг орчин үеийн урлагийн арга барилаар илэрхийлдэг.
Саяхан түүний шинэ урланд уригдсан төв нутгийн залуучуудыг төлөөлж “Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо”-ны тэргүүн Г.Сурмаа хүндэтгэл үзүүлсэн бөгөөд ирээдүйн их уран бүтээлүүдэд нь өндөр амжилтыг хүслээ.
Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард бэхэн зургийн, есдүгээр сард “Саруул талын өглөө” бие даасан үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод гаргасан юм. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод “Хийморь” Олон улсын үзэсгэлэн, дөрөвдүгээр сард Ордос аймгийн “Чингисийн Онгон”-д “Бидний сэтгэл дэх Чингис хаан” үзэсгэлэнг тус тус зохион байгуулж байсан билээ.
Тайваний Кенмен хотноо зохион байгуулсан ”Азийн орчин үеийн урлагийн 28 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн”-д “Хавар” бүтээлээрээ, долдугаар сард Улаанбаатар хотноо болсон Олон улсын “Саммит” үзэсгэлэн, наймдугаар сард МУЭ, Хөх хотын “Их зуу” орчин үеийн урлагийн төв хамтран зохион байгуулсан “Монгол морь” үзэсгэлэнд “Нартай өдөр”, “Морины зохиомж” бүтээлээрээ оролцсон.
Авьяаслаг уран бүтээлчийнхээ урлангаар зочилсон фото сурвалжлагыг хүргье.