О.Чулуунбат: Н.Удвал эмэгтэй улс төрчдөөс лидер гэж бид олуулаа үзсэн
2013/05/27
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал Сэлэнгэ аймгийн Мандал сумын (Зүүнхараа) иргэдтэй уулзав. Сумын иргэд нэр дэвшигчид хандан “ худалдаа эрхлэхэд төвөгтэй асуудлууд байгаа. Тухайлбал, түрээсийн мөнгө байнга өсдөг нь үйлчилгээ эрхлэхэд хүндрэлтэй байна. Мөн гадаа худалдаа эрхэлж буй наймаачид даарч, хөрж эрүүл мэндээрээ хохирч буй. Үүнээс гадна газар тариалан эрхлэгчдэд төмс хүнсний ногооны хүлэмж, хадгалах зоорь яаралтай хэрэгтэй байгааг холбогдох яам, тамгын газарт нь уламжилж өгмөөр байна гэв. Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалангийн бүс нутаг учраас ногооны ченжүүд ихтэй гэдгийг тэд онцолж байв. Тиймээс ногооны ченжүүд хурааж авсан ногоогоо бага үнээр бөөндөж, жижиглэнгээр зардаг нь үнэ хөөрөгдөх нэг шалтгаан болдог. Үүнд төрийн зохицуулалт яаралтай хэрэгтэй гэдгийг сайдад сануулсан юм. Нэр дэвшигчийн иргэдтэй хийх уулзалтад УИХ-ын гишүүн, МАХН-ын Бага хурлын гишүүн О.Чулуунбат хүрэлцэн иржээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Нацагийн Удвалын талаар хэлэхдээ, “Монголын улс төрд энэрэнгүй сэтгэл, шударга ёс дутаж байгааг та бүхэн сүүлийн хоёр жилийн хугацаанд өрнөсөн үйл явц, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай харсан байх. Тэгвэл МАХН энэ удаа Монголын эмэгтэй улс төрчдөөс лидерийг нь сонгож, төрийн тэргүүний сонгуульд нэрийг нь дэвшүүллээ. МАХН-ын хувьд Нацагийн Удвалыг эхийн сэтгэл, энэрэнгүй сэтгэлээр ард түмэндээ хандаж чадах эмэгтэй улстөрч гэж олуулаа үзсэн. Хоёрдугаарт, эмэгтэй хүн хариуцлагатай байдаг. Энэ чанараас гадна нэр дэвшигч Н.Удвал эрдэмтэй, боловсролтой, чадвартай. Энэ шаардлагыг хангасан топ улстөрч юм. Хэцүү үед намаа удирдаж ялалтад хүргэсэн гэдгийг ч давхар хэлмээр байна. Тухайн үед Н.Энхбаяр дарга байсан. Одоо намын дарга хүнд байдалд байгаа бид бүхэн мэдэж байгаа. Энэ үед ч Н.Удвал намын даргын үйл хэргийг нэр төртэйгээр үргэлжлүүлж байна. Тиймээс бид түүнд итгэж байна. Нэр дэвшигч Н.Удвал өнөөдөр Монголын хамгийн хүнд салбарыг удирдаж яваа эмч хүн. Салбараа эрүүлжүүлэхээс эхлэн олон ажлыг зэрэгцүүлсэн хүн. Үүний нэгэн адил улс орноо эрүүлжүүлж эмчилж авч, явж чадна гэж журмын нөхөд бид үзэж байна. Тиймээс та бүхэн Нацагийн Удвалыг дэмжээрэй гэсэн халуун дотно үгийг хэлж байлаа. хэлэхэд иргэд алга ташин хүлээн авав. Сэлэнгэ аймгийн Мандал сум 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ыг дэмжигчдээрээ нэдүгээр байрт жагссан аймаг билээ
Ч.Олдох