Амаа хазаарлаж дийлсэнгүй
2015/02/09
Төр засгийн эрхмүүдийн зүгээс гаргаж буй ааш авир, хэлж буй үг, хийж байгаа үйлдлүүдийг анзаарсны үндсэн дээр ахиад дуугарахгүй байж чадсангүй. Ард түмнээс сонгогдсон гэх эдгээр хүмүүс бол мэдлэг чадварын хувьд бол ямархуу түвшинд байгаагаа өөрсдийнх хийж байгаа үйлдлээр нь дүгнээд хатуухан хэлчихэд юун төр барилцах хүндтэй үүрэг, зүгээр цомхоон албан газрын даргын ч алба хашиж чадахааргүй нь харагдаж байна.
Хэзээ хаана хэнд юу гэж хэлэхээ мэдэхгүй ийм хүмүүс төр барилцаж байгаа тул гадны хүмүүсийн өмнө яаж ангайж байгаад араараа тавиулдаг нь ойлгомжтой гэж хэлмээр санагдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол төрийн бодлогыг гадагш цацахын хажуугаар дотооддоо бас байнга мэдээлдэг гүүр шүү гэдгийг мэдмээр юм. Товлосон ажилдаа цагтаа ирдэггүйгээ тайлбарлахдаа ард түмнийг басамжилсан царай гарган, намайг хэн хэлж нохойг хэн саахав гэсэн дээрэнгүй аястай угаасаа тэгдэг би гэж зарлаж байдаг хэн гуай вэ? Мөнгөтэй, эрхтэй гэж томорч байгаа царай юм байх чааваас, би бол биллярдны ширээ сахиад хүлээж суусан нөхөддөө ч тэгж хэлж чадахгүй тийм үгийг. Цаашлаад цахим ертөнцөөр нэг алуурчин баатрын маасайтлаа инээсэн зураг нь тараад түмний зэвүүг хүргэсэн нэг гишүүн хүүхэн байна. Монгол бүсгүй амьгүй болсон амьтан бариад патиар татуулж алдраа гайхуулж явдаг билүү. Тэр нь бүүр их хурлын гишүүн, эрхэм алдарт төрийн түшээ гэж байгаа, хөөрхийдөө. Хийморь нь сэргэдэггүй хэдэн тэнэгүүдийн хоморголж алсан амьтны зургийг жигшин зэвүүцэж эхэлсэн шинэ үеийнхэн өсөн бойжсон өнөө үед хэнээсээ таашаал авах гэж ийм гаж үйлдэл хийсэн нь тэр бүсгүйн тархины хэмжээ нь гэж ойлгохоос. За тэгээд өнө эртний түүхтэй бичиг, их зохиолч Д.Нацагдоржийн хэлсэн "мартаж болшгүй соёл"-ын тухай нэгэн донгио эр: хүүхэд зовоож яахнав ээ, араб бичиг бол дэмий гэх ухааны юм бувтнаж цэцэрхэхийг аядав. Тэр нь бас их хурлын гишүүн гэж байгаа. Ер нь ард түмэн ийм тэнэг балайнуудад хууртаад сонгочихсон юмуу эсвэл өөр хүнийг сонгох боломж өгөөгүй юмуу гэдэг л хоёр асуултыг өөртөө би үлдээе. Хэлэх үг хийх үйлдэлд чинь хязгаар зааг байх учиртай шүү. Төрийн түшээ хүнд ёс суртахуун гэж маш том соёл байх ёстой. Хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгнийхээ алдаа хоёроосоо болж огцордог журам ардчилсан байтугай ардчиллаагүй ч төрийн үед үйлчилж ирсэн юм шүү. Насанд хүрээгүй охинтой нэр ус, бөгс бөөр нь холбогдоод авсан нөхөр хууль зүйн яамны сайд байсан байдаг. Одоо байгаа сайд нарыг муулаад ч хэрэггүй биз. Эх нь хээр алаг бол хүү нь бөөр алаг гэдэг үнэн үг бий. Толгойлж яваа сайд нь гэж ард түмнийхээ хэл амны бай болчихсон нэг дөжирцөн амьтан байна, хэдэн сайд шадрууд нь хайртай л байдаг байлгүй дээ. Ард түмнийхээ дунд бол илүүдчихсэн хүн гэдгээ мэдэрдэг юмуу үгүй юмуу. Ажил авснаасаа хойш туж буруу бодлого, буруу сэтгээ, буруу арга барил баримталсаар ирлээ.
Сая таван зуун мянган км хавтгай дөрвөлжинд, дүүрэн баялаг байхад заавал эртний булш балгастай, онгон шүтээнтэй уулыг газартай нь тэгшлэх гэж зүтгэж байдаг үгүй ээ мөн сайхан мал аа. Тэр уулыг устгасан ч монголчууд бүсээ чангална, устгахгүй байсан ч чангарсан бүстэйгээ л байна. Эрт дээрээс улбаатай тахилга мөргөл, адис шүтээнтэй, онгод сахиустай газар гэдэг чинь эрх мэдлээр номхруулчихдаг зүйл биш шүү, юуг л совинтуулаад байгаам бол доо.
С.Өгөөмөр