Л.Цэндоо: Геологич тарчилж нас барсан нь хүндрүүлэх нөхцөл шүү
2015/02/09
АМГ-ын ажилтан 27 настай геологич залуу өнгөрсөн оны долдугаар сард Баянхонгор аймагт албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Тухайн үед жолооч автомашинаа засах багаж хэрэгсэлгүй, багийн ахлагч томилолтын бэлтгэлээ хангаагүй, багаар ажиллаж чадаагүй зэргээс үүдэлтэй гэдгийг хохирогчийн ар гэрийнхэн мэдэгдэж байсан.
Цэл залуугаараа хорвоог орхисон геологич залуугийн үхэлд юу нөлөөлсөн, хэн буруутай болохыг тогтоох мөрдөн байцаалт өнгөрсөн сард дуусчээ. Мөрдөн байцаагч хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн тухай хохирогчийн өмгөөлөгч Л.Цэндоо ярилаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Геологич залуу албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан хэргийн мөрдөн байцаалт дуусчээ. Ар гэрийнх нь гомдолыг барагдуулахаар шийдвэр гараагүй гэж дууллаа?
-Энэ хэргийн тухайд анх Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Өнгөрсөн оны сүүлчээр харъяалал өөрчлөгдөж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шилжсэн. Энэ үеэс миний бие талийгаачийн ахын хүсэлтээр хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан. Тухайн үед хэвлэл мэдээллээс авсан өнгөц мэдээлэлтэй байсан. Мөрдөн байцаагч хэргийг Эрүүгийн хуулийн 272 дүгээр зүйл буюу ажилдаа хайрхамжгүй хандсан гэх зүйл ангиар шалгаад хэрэгсэхгүй болгох санал гаргасан байна лээ. Хэргийг прокурорт шилжүүлэх үед хэргийн материалтай танилцахад мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгджээ гэж үзлээ. Тиймээс прокурорт хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлэх хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт гаргасан.
-Хэрэгсэхгүй болгох үндэслэлийг тодруулж болох уу. Талийгаачийг үхэлд хүргэсэн олон шалтгаан байсан гэдэг байх аа?
-АМГ-ын Захиргаа, удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн техник үйлчилгээ хариуцсан инженер н.Батдэлгэр байгууллагын жолооч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилладаг байсан. Гэвч уг зааварчилгаа, жагсаалт нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны зайлшгүй дагаж мөрдөх шинжтэй дүрэм журам, стандартын бичиг биш болох нь тогтоогдлоо. Тиймээс АМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, инженер н.Батдэлгэр нар үүргээ биелүүлээгүйгээс хүнд хор уршиг үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн. Нэг үгээр, Д.Үүрийнтуяа, н.Батдэлгэр нарын үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгох саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байсан.
-Яагаад та мөрдөн байцаалт дутуу хийгдсэн гэж үзэв?
-Монгол Улс хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахаар Үндсэн хуульдаа тунхаглан зааж, хүний амь насыг юунаас ч илүү дээдлэн цаазын ялаас түдгэлзээд байгаа. Ийм үед ажил олгогч, албан байгууллагын удирдлагын хууль биелүүлээгүй, хариуцлагагүй ажиллагааны золиос болон амь насаа алдаж байгаа явдлыг зүгээр орхиж болохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид хүний амь насыг хохироохдоо зовоон тарчлаасан, өлсгөсөн, цангаасан, олон удаагийн үйлдлээр гэмтэл шарх үүсгэсэн зэрэгт оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл болгон авч үздэг. Талийгаач АМГ-ынхны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж удаан хугацаагаар тарчилж, амиа алдсан ноцтой байдал үүссэн шүү дээ. Хэдийгээр энэ хэрэг нь тус газрын удирдлагын санаатай үйлдэл биш боловч хуульд заасан хариуцлагаа хүлээх учиртай. Гэтэл энэ хэргийг ийм өнгөц байдлаар дутуу шалгаад, хэргийн гарах болсон шалтгаан нөхцлийг хууль хяналтын байгууллага нь нь илрүүлж арилгах арга хэмжээ авалгүй, хэрэг гаргасан байгууллага нь ч дараад өнгөрөх нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. 2008 оны тавдугаар сарын 22-нд батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль гэж бий. АМГ энэ хуулийг хэрэгжүүлэх талаар үүргээ биелүүлдэггүй байгууллага болохыг энэ хэрэг харуулсан. Үндсэн үүргээсээ гадна ажилтнуудынхаа хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааг хангах, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ аваагүй.
-Тэр өдөр юу болсон юм бэ?
-Багийнхан долдугаар сарын 24, 25-нд ажил үүргээ гүйцэтгэж яваад машиных нь дугуй хагарсан байдаг. Талийгаач өөрөө хувийн координат тодорхойлогч буюу GPS-тэй явсан. Тиймээс дараагийн очих сумын чиглэлд GPS-ээ бариад алхсан. Жолооч нь явж чадахгүй үлдээд, түүнийг дагаад ахалж явсан нөхөр хамт үлдсэн. Харин талийгаачийг явуулчихсан байгаа юм. Үлдсэн хоёр нөхөр хоорондоо холбоотой байж байгаад хоёр, гурван хоногийн дараа мотоцикльтэй хүнтэй таарч амь гарсан. Харин талийгаач наймдугаар сарын 1-нд бүх хувцсаа тайлчихсан, нүд халтирмаар байдалтай нас барсан байсныг олсон. Замдаа элс ухаад явсан ул мөр байдаг юм билээ. Хэрэг юунаас болов гээд судлахаар АМГ-ынхан ажилтныхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйтэй шууд холбоотой.
-Талийгаач хувиасаа зүг заагчтай явсан гэсэн. Байгууллагын зүгээс тусгай мэргэжлийн хүмүүстээ орон нутагт ажиллахад шаардлагатай эд зүйлсээр хангаагүй байсан уу?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлд байгууллага, аж ахуйн нэгж, ажил олгогч ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, түүнийг нь байгууллагын дарга эрхлэгч, эзэн захирал шууд хариуцахаар заачихсан. Түүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэнтэй байна, тэдгээр нь тусгай сургалтанд хамрагдан шалгалт өгч тэнцсэн байх бөгөөд бусад ажилтандаа аюулгүй ажиллагаа хангах чиглэлээр жилд хоёроос доошгүй удаа сургалт явуулсан байх шаардлага тавигддаг. н.Батдэлгэр гэх нөхөр 2010 онд ганц удаа зааварчлагаа өгсөн юм билээ. Тэр зааварчлагааных нь биелэлт ч хангалтгүй. Техник үйлчилгээний хэлтсийн дарга наймдугаар сарын 1-ээс ээлжийн амралтаа авах хуваарьтай байсан ч хувийн ажилтай гэж урьдчилж амралтаа авахдаа ажлаа хүнд хариуцуулаагүй орхисон. Зөвхөн гаражийн түлхүүрээ Ганхуяг гэх жолоочид өгөөд явснаас машины бүрэн бүтэн байдал, жолоочийн хувийн бэлтгэл хангагдсан, заавал авч явах зүйл болох сансрын холбооны утас, координат тодорхойлогч зэргийг авах эсэх нь багийн ахлагч А.Дэлгэрсайханы сайн дурын асуудал болж үлдсэн байгаа юм.
-Багийн ахлагч хариуцлагагүй хандсан гэсэн үг үү?
-Байгууллагын захиргаанаас 2010 онд боловсруулсан ажлын байрны тодорхойлолт, журам заавартаа зарим нэг зүйлийг оруулсан байсан. Хүнд нөхцөлд хөдөө орон нутагт ажилладаг гэдгийг хүлээн зөвшөөрч координат тодорхойлогч буюу GPS, сансрын холбооны утас заавал байна гэсэн байдаг. Гэтэл тухайн үед сансрын холбооны утсыг авч яваагүйг байгууллагаас нь тайлбарлахдаа өмнө нь томилолтоор явсан хүмүүс аваад явчихсан байсан. Хэрэв шаардлага тавьсан бол өмнөх томилолтынхныг хүлээх, эсвэл салбар хариуцсан яамнаас авч болох байсан гэсэн байна лээ. Үүнийг багийг ахалж явснаараа А.Дэлгэрсайхан хариуцах ёстой байсан. Гэвч тэрээр шаардлага тавиагүй.
-Бас жолооч тэр үед машиныхаа сэлбэг хэрэгслийг бүрэн авч явсан бол хүний амь нас эрсдэхгүй байсан гэлцдэг?
-Т.Түмэнбаяр гээд “Ланд-200” маркийн машинтай жолооч багийн унаа хөсөг нь болж явсан. Гэтэл багийнхан хайгуулын хэмжилтийн ажлаа хийж явахад машиных нь дугуй ойр ойрхон хагарч байхад жолооч бэлэн дугуй сольж тавьснаас биш дугуй нөхөж ажилд бэлтгэх ямар ч арга хэмжээ аваагүй. Тэр хүн дугуйгаа нөхөх гэсэн ч задалж чадаагүй, обуднаас нь салгаж чадаагүй гэж мэдүүлсэн. Хэргийн материалд холбогдох нотлох баримтаас харахад жолооч дугуй хийлэх насос ч үгүй явсан байгаа юм. Зөвхөн запас хоёр дугуйтай. Ийм үед баг ахалж явсан хүн жолоочийг дараагийн ажилд бэлтгүүлэх үүрэг ч өгөөгүй. Уг нь АМГ-т ажилтны мэдлэг, ур чадварыг шалгаж ажилд авна гэсэн журам байна. Тээврийн жолооч нар ч хөдөө орон нутагт явахдаа машиныхаа дугуйг өөрөө задлаад, нөхөөд хийлээд явдаг. Энгийн иргэн ч орон нутагт явахдаа зохих бэлтгэлээ хийгээд явдаг гэдгийг энэ жолооч мэдэх учиртай. Жолооч ажлаа хийж чаддаг, багаж хэрэгсэл сэлбэгээ гүйцэд авч явсан бол унаагаар явгалахгүй. Багийнхан координот тогтоогч, сансрын холбооны утастай явсан бол зүг чигээ алдахгүй холбоо тогтоочихно. Ийм хэрэг гарахгүй байсан нь ойлгомжтой. Энэ бүх асуултын ганц хариу нь АМГ-ынхан хууль биелүүлдэг, хариуцлагатай, ажилтныхаа төлөө сэтгэлтэй байсан бол гэсэн ганц хариулт дээр тулж байна.
-Тэгвэл АМГ-ын удирдлагууд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна уу?
-Тэд албан тушаалын үүргээ гүйцэтгээгүйгээс хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсан байхад энэ асуудлыг цаашид дахин гаргахгүй байх талаар, урьдчилан сэргийлэх юу хийсэн талаар мэдээлэл одоо ч байхгүй. Мөрдөн байцаагч ч гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах талаар хуульд заасан арга хэмжээ аваагүй байна. Энэ бол асуудлын гол нь. АМГ-ын дарга нь мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Талийгаачийн эхнэрээс ч мэдүүлэг аваагүй байдаг.
Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс болж хүний амь нас хохирсон буюу хүнд хор хохирол бий болсныг гэмт хэрэг гэж үзэж хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа.
Дээрх үйл явдал, хуулийн хэрэгжилтийг хангаагүй, хариуцлага алдсан хүмүүсийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангах үндэслэлтэй. Энэ бол хохирогчийн өмгөөлөгчийн хувьд юм уу хүн шийтгүүлэх гэсэндээ хэлж байгаа юм биш. Хуульч мэргэжлийнхээ үүднээс хууль бидний амьдралд хэлбэрэлтгүй хэрэгжих ёстой гэдэг утгаар нь хэлж байна.
-АМГ-ынхан талийгаачийн ар гэрийнхнийг харж ханддаг болов уу?
-36 сарын цалинтай тэнцэх тусламж олгосон. Байгууллагын дотоод журмаар эрсдэлтэй нөхцөлд ажилладаг болохоор гэнэтийн ослын даатгалд хамруулах заалттай юм билээ. Гэтэл тэр нь хэрэгжсэн зүйл алга. Ямартаа ч прокурор саналыг маань хүлээж авсан. Хэргийг мөрдөн байцаалтад нэмж шалгуулах байх.
“Зууны мэдээ” сонин