Хууль бөөнддөг “хууч өвчин” нь хөдлөв
2015/02/15
.....Цагаан сар, наадам, шинэ жилээр олон нийтийн анхаарал баяр ёслолд шилжсэн үеэр парламентаар олон хууль, тогтоолыг бөөндөж баталдаг нь гэм биш зан болжээ.
Монгол түмний уламжлалт баяр болгоны үеэр улс төрийн хүрээнд ажил идэвхждэг тухай сүүлийн хэдэн жил ярьж, бичиж буй. Цагаан сар, наадам, шинэ жилээр олон нийтийн анхаарал баяр ёслолд шилжсэн үеэр парламентаар олон хууль, тогтоолыг бөөндөж баталдаг нь гэм биш зан болжээ. Ингэхдээ олон нийтийн эрх ашгийг хөндсөн, улс орны нийгэм эдийн засагт нөлөөтэй, улстөрчдийн эрх ашигт нийцсэн хуулийг батлан гаргадаг юм.
Энэ жилийн Цагаан сарын өмнө Монгол хэлний тухай хуулийг батлав. Томоохон эрдэмтэн мэргэдийн эсэргүүцэлтэй тулсныг бодвол энэ хууль “но”-той байсныг гэрчилнэ. Монгол түмний хэл соёлтой холбоотой төслийг нийт олноор хэлэлцүүлэхэд ч гэмгүй байсан. Энэ хуулиар бол 2025 оноос манай улс крилл бичиг, уйгаржин монгол бичиг гэсэн хос бичигтэй болно. Гэхдээ хүн бүрийг заавал хос бичигтэн бол гэж тулган шаардаагүй гэж хуулийн төслийг санаачлагчид нь тайлбарлаж байв. Харин олон хүний эгдүүцлийг хүргэж буй заалт нь Монгол хэлний тухай хуулийг зөрчвөл цалингийн доод хэмжээг таваас хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна. Эх хэлээ бүрэн эзэмшиж, зохих газар нь хэрэглэж чадахгүй бол та захиргааны хариуцлага хүлээхээр болж байна.
Энэ хууль Монгол Улсын иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээд, манай улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, бүртгэлтэй хуулийн этгээд болон байнга үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын байгууллагуудад хамаарах юм. Монгол Улсын хэмжээнд монгол бичгийн хэлний зөв бичих тогтсон дүрэмтэй байх бөгөөд бүх хуулийн этгээд, иргэд уг дүрмийг дагаж мөрдөх аж.
Мөн Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлав. Энэ хуулиар Монгол Улсын чөлөөт бүс гэсэн хэсэгт бооцоот тоглоомын газар байгуулж болно гэсэн товчхон заалт тусгасан байгаа юм.
Түүнчлэн Өрийн удирдлагын тухай хуулийг баталж Засгийн газраас өрийн удирдлагын бодлого, өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулахаар болов. Хууль батлагдсанаар аймаг, нийслэлийн өр Засгийн газрын өрийн хэмжээнд орж тооцогдох юм байна. Харин төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өр Засгийн газрын өрөнд тооцогдохгүй ажээ. УИХ-ын гишүүд өрийн шалгуур үзүүлэлтийг яаж авч үзсэн, өрийн дарамтыг хэрхэн ойлгох, өр төлөх систем, Засгийн газрын баталгаа гаргах ямар зохицуулалтууд байгаа, хувийн компанид Засгийн газрын баталгаа гаргаж буй эсэх, Засгийн газраас гаргасан баталгааний хэмжээний талаар хэлэлцүүлгийн үеэр нэлээд тодруулж байлаа. Засгийн газрын өрийн хэмжээнд Засгийн газрын 2.8 их наяд төгрөгийн баталгаа багтаж байгаа аж. Гэхдээ хувийн компанид Засгийн газрын баталгаа гаргаагүй бөгөөд дээрх баталгаа төрийн өмчит компаниудад л хамаатай юм байна. Засгийн газрын баталгааг Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуулийн төсөлд тусгасан бөгөөд одоогийн байдлаар Засгийн газрын баталгаа ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байгаа ажээ.
Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 50.76 хувийн саналаар баталсан юм. Энэ хуулиар Цөмийн энергийн газрыг татан буулгаж байгаа бөгөөд чиг үүргийг нь бусад яаманд хуваарилан өгч, энэ салбарыг хариуцах үндэсний комисс ажиллахаар болж байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболд тус агентлагийг татан буулгахаар зүтгэсэн гэж АН-ынхан дотроо талцаж нэлээд асуудал үүсгэж байсан ч шийдвэр ингэж спикерийн талд гарлаа. Хачирхалтай нь энэ хуулийг дөнгөж 50 хувийн босго давсан саналаар батлав. Цөөнгүй гишүүн цөмийн энергийн салбар хариуцсан агентлаг байх ёстой, уран ашиглах нь зөв гэж үзэж байсан юм.
Ирэх лхагва гаригт УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлах тул энэ долоо хоногт хэд хэдэн хуулийг батлах хуваарь гаргажээ. Үүнд, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг ээлжлэн хийж батлах юм байна. Тогтоолын төсөлд нийт 74 арга хэмжээг хамруулахаар төлөвлөж байгаагаас макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын хүрээнд төсвийн бодлогыг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх замаар эмзэг бүлгийг хамгаалах зэрэг арга хэмжээг тусгасан. Эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт болон экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээг тусгахаар төлөвлөсөн байна. Тогтоолын төслийг цаашид сайжруулаад явах нь зүйтэй гэсэн байр суурийг гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт, Ё.Отгонбаяр нар илэрхийлэв. Харин тунхагийн шинж чанартай материал оруулж ирж байгаа нь цаашаа явахгүй, урд нь гаргасан хууль, тогтоомжуудаа Засгийн газар эрчимтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах ёстой. УИХ орж ирсэн дийлэнх хууль, тогтоомжийг баталж өгч байгаа. Хямралын суурь олон жилийн эхтэй. АН-ын эдийн засаг, МАН-ын эдийн засгийн хямрал, олонх цөөнхийн эдийн засгийн хямрал гэж байхгүй гэсэн шүүмжлэлийг гишүүн Р.Гончигдорж, Г.Уянга, Д.Ганхуяг нар хэлж байсан юм.
Мөн чуулган завсарлахаас өмнө уул уурхайтай холбоотой хэд хэдэн хуулийг батлахаар хуваарь гаргажээ.Тодруулбал, Ц.Мөнхбаяр нарын тэмцэгчид Төрийн ордон руу буу шагайж, тэсэрч дэлбэрэх бодис тавьж хүчтэй эсэргүүцэж байсан Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах тов гаргажээ. Мөн яг одоо иргэний нийгмийн төлөөллийн хэсэг хүн Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаад байна. Тэд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг эсэргүүцэж байгаа билээ. Хамгаалалтын бүсэд байгаа газар нутгийг ухах, гадны компаниудад улсаа худалдах гэж байна хэмээн тэмцэгчид үзэж тэмцлээ хурц хэлбэрт шилжүүлээд байна. Энэ асуудал эртнээс хэл амны бай болоод байгаа бөгөөд УИХ-ын нэр бүхий гишүүд ч тэмцэгчдийг дэмжиж буйгаа илэрхийлэн өлсгөлөн зарласан хүмүүс дээр очсон байна. Ийм асуудалтай байгаа тогтоол, хуулийг яаран батлах нь зохимжгүй, сайтар судлах хэрэгтэй гэж үзэн дээрх асуудлуудаар УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага аваад байна. Гэвч завсарлагын хугацааг лхагва гаригт дуусгаж хууль, тогтоолыг Цагаан сарын битүүнд батлах тов гаргажээ.
Мөн намрын чуулганыг завсарлахаас өмнө олон жил ярьж буй энэ онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтыг батлах юм.Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн зорилго нь төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой этгээдийн төрийн мэдлийн хувьцаа, хөрөнгийг хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж, улмаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хувьчлалаас орох орлогыг ашиглан тухайн компани, хуулийн этгээдийн техник, технологийг шинэчлэн сайжруулж, улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурийг бий болгоно гэж санаачлагч Засгийн газрын зүгээс үзжээ. Харин гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Даваасүрэн, Г.Уянга, Д.Сарангэрэл, Д.Батцогт , Ё.Отгонбаяр, Х.Болорчулуун, Д.Ганхуяг нар нийгмийн салбарын хувьчлалыг ярихдаа болгоомжтой хандаж, цаашид гарах нийгмийн үр дагаврыг судлах хэрэгтэй, оруулж ирсэн асуудал төдийлөн сайн мэдээлэл өгөхгүй байна хэмээн шүүмжилж, иргэд олон нийтийн саналыг сонсох хэрэгтэй гэдгийг сануулж байсан юм. Мөн хувьчлалыг үе шаттай хэрэгжүүлнэ гэж байгаа ч тэр талаар төсөлд тодорхой тусгаагүй байгаа нь хардалт төрүүлнэ гэдгийг анхааруулж байв.
Үүнийн хариуд сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, “Үгээр тоглож цаг хугацаа алдаж байснаас зөв ойлголтыг бий болгоё. Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдчихээд, батлахгүйгээр сайтар судлаад явах боломж бий. Хамгийн гол нь төсвийн гүйцэтгэл орж ирэхэд орлого тасалсан байна гэж холбогдох байгууллагууд руу шүүмжлэлтэй хандах асуудал гарахгүй бол ойлголцоод явах бүрэн боломжтой” гэж байлаа. Мөн энэ чуулганы төсгөлд сайд С.Баярцогтыг огцруулах эсэхийг шийдээд чуулганыг хаах аж.
Ийнхүү эрдэмтэн мэргэдийн шүүмжлэлийн бай болсон Монгол хэлний тухай хууль, салбарын мэргэжилтнүүдийн эгдүүцлийг хүргэсэн Цөмийн энергийн тухай хуулийг баталж, мөн олон нийтийн эсэргүүцэл, өлсгөлөнтэй тулаад буй уул уурхайтай холбоотой хэд хэдэн хууль, тогтоолыг чуулган хаахын өмнө батлахаар болов. Монголчууд сар шинийн баяртаа бэлдэж буй сиймхийг улстөрчид алдсангүй. Олны эрх ашгийг хөндсөн хууль бөөндсөөр байна.
"Зууны мэдээ" сонин