Алтайн уул байгаль нуур гэсэн хоёр газрын нэрийг багаасаа дуулсан бөгөөд энэ газруудыг бараг л дэлхийн зүүн урд захад юм шиг бодож байсан. Энэ аашаараа байгаа орос хүүхэн нэг л мэдэхэд энэ газруудаа өнгөрөөд бүр Монгол оронд хүрээд ирдэг юм байна.
 
Монголын нийслэл нөгөө Улаанбаатар гэдэг ер нь ямаршуухан хот байдаг юм бол гэсэн чинь уулсын хоорон дахь нэг их өвс ногоо халиурсан хөндий, өчүүхэн хувь газарт хэдхэн дөрвөн давхар байшин байна уу гэмээр ноолгорхон өнгөтэй, ноомойхон хот байх ажээ. Москвад Цэдэнбалаас нэг удаа энэ хотын тухай асууж байсан ч түүний нөгөө л ном дээр хамраа наах шахам улайрчихсан үе нь таарсан болохоор тэр олигтой юм ярьж өгсөнгүй. 
 
Номонд нэг улайрчихсан үед нь Цэдэнбалаас юм асуухад нэг их уурлаж уцаарлаад байхгүй ч гэсэн Филатова түүнээс шаргуухан юм асуухаасаа зүрхшээдэг байлаа. Ийм нэг зэлүүдхэн уйтгартайхан ч холоос ирсэн энэ залуу хүүхэнд бас ч сонирхох жаал зугаа юм байх ажээ. Худалдааны захын болон гудамжны дуучин, хөгжимчин хөдөө газраа л тийм байдаг байх гэмээр тэмээ, моринд тэрэг хөллөсөн хүмүүс ялангуяа барааны зах дээрх эд зүйл хувцас хунар, хувин, сав айлын янз бүрийн тавилга хэрэглэл нь сонин байлаа. 
 
Морины эмээл нь бас тэрнийхээ суудал дээр цагаан хааны үеийн гэдэг одон шиг мөнгөөр хийсан даруулгануудтай нь сонин. Гудамжаараа тэмээ унасан хүн ч хааяа явна. Энэ тэмээ эдэлсэн хүн нь яаж бууж мордцог нь асуулт болж үлдэнэ. Филатова энэ хотын орчин тойрны тухай газруудыг бас сонирхоно. Энэ урд уулын цаана нь юу байдаг юм бэ. Хот суурин уу. Үгүй бол уул үргэлжлэх үү. 
 
Тал газар болвх уу гэж нэг удаа Цэдэнбалаас асуухад би тэр талаар чамаас илүүрхэх юм байхгүй ээ. Цаана нь хот суурин гээд шальтай юм байхгүй байх аа. Харин Манзширийн хийд гэдэг жижигхэн суурин байдаг юм гэнэ лээ. Одоо лам хурал гэж юм байхгүй байх аа. Уул үргэлжлэхгүй талархуу газар байгаа болов уу? гэхэд Филатова ер нь иймэрхүү юмыг чамаас асууснаас Цэенпил эгчээс асуусан нь дээр байх гэхэд Цэдэнбал ер нь л тийм. 
 
Гэхдээ энэ зүүнтээ байдаг нөгөө их яриа зантай Насантогтох бичээч өвгөнөөс асуувал бүр ч сайн ярьж өгнө дөө гэжээ. Ер нь хот газрын сонин сайхан гэхээр л заавал нэг их өндөр байшил байх албагүй шүү дээ. Аль ч хүнд урьд нь өөр газар үзээгүй “шинэ” юм л сонин шүү дээ. Хүүхдүүд нь гудамжиндаа өргөхөн чөлөө газар, голын зах дээр ч очиж тоглоно. Цагаан тэмээцэх тарвацах зэрэг тоглоом ч тоглоно. Заримдаа хүүхэд залуус нийлээд бүр заримдаа саваагүй томчуул хүртэл хамт тоглоцгооно. 
Филатова тэнд очоод тоглосоор байгаад заримтай нь хоорондоо хэл нэвтэрч ярьж чадахгүй ч аяг байдал харьцаагаараа танил болцгоожээ. Урьд нь хүрээнд байсан айлын ногоог тарилцаж, хураалцаж гэр бүлээрээ танил болчихсон Цэенпил гэдэг 40 орчим насны авгай байлаа. Филатова түүнтэй элдвийг л ярина. Манай оросууд бол бүжигт дуртай өвлийн хүйтэн, үдшийн бүрэнхийд ч хамаагүй дагтаршсан цастай гудамжинд бүжиглэхийг ёстой үзүүлээд өгнө. 
 
Тэгвэл Монголчууд дуулах илүү дуртай юм. Богино ардын дуу нь манай Уралынхны ардын дуурхуу уянгалаг голцуу хүсэл мөрөөдлийн аястай юм. Харин эндхийнхний дуунд нэг сонин юм байгаа нь юу вэ гэвэл хятад аятай Монгол үгтэй юмуудаа гэмээр дуу их гэх зэргээр Филатова хүүхэн бодлогоширно. Тэгээд бүр цаашлаад Монгол найзууддаа ашигтай нэгэн зүйлийг бас бодов. Гандангаас урапп панзшин цолтой тэр нэг айлд байсан биктрул (эгшигт хайрцаг)-ийг эд нар их сонирхох юм билээ. 
 
Оросоос нэг өгөх юмсан. Нагац эгчийн  нөхөр дандаа л хааны хот ордог юм чинь тэрүүнд л хоёр гурвыг захьчихад олоод л ирнэ. Энд нэг нь нэг морины үнэтэй юм гэсэн. Орост үнэ нь юу шалих вэ хямдхан л байгаа даа гэж бас бодно. Герман нөхөртэй орос авгайтай олон хүүхэдтэй айл Цэдэнбалынхтай ойролцоо байжээ. Тэднийх валенка хийж худалддаг байж. Тэгээд тэр худалддаг юмныхаа нэрээр нэршжээ. Тэдний том охин нь Филатоватай үерхдэг байж. 
 
Тэгээд тэднийхэн Филатоваг өхөөрдөж эмгэн гэж дууддаг байжээ. Цэдэнбал хэмээх энэ залууг дагаад алс холын Монголыг зориод хөдлөхдөө энэ хүүхэд зангаараа томоогүйхэн жаалхан бүсгүй ирээдүйн Анастасъя Филатова хол ойрыг юу ч бодохгүй дэгж дэрвэсэн томоогүй байсан ч осолдохгүй л хүний эхнэр гэдэг нэрийг дөнгөн данган авсан төдий байжээ. Юуны чинь улсын Төрийн тэргүүний эхнэр хатагтай болох. Цэдэнбалыг Төрийн тэргүүн болно гэж бодох бүү хэл томхон дарга сайд болно гэж зүүдлээ ч үгүй зүгээр л нэг албан газрын магадгүй сургууль ч юм уу, соёл урлагийн нэг газрын нягтлан эдийн засагч болох тухай бодож байжээ.
 
Москвагынхан нэг охин Монголын нэг хархүүгэй суугаад Монгол руу дагаад явчихсан гэнэ. Яагаав нөгөө тэднийхний охин гэнэ шүү дээ гэж Рязин нутгийхан ярилцаа л биз, тэгээд мартчихаа л биз. Харин тэр дагаад явсан охин Монголд ирж амьдраад хүний насны хэдэн үе дамжсаны дараа огт өөр ажил амьдрал хувь заяа, дүр төрхгэй учирчээ. Нэг төрийн огцом өсөлт, янз бүрийн хэл ам, юм юмыг л үзэж дуулжээ.
 
Харийн газар очноо гэдэг, Бүсгүй хүний заяа юм даа хө..., гэдэг Монгол ардын дууг энэ орос бүсгүйтэй холбож ойлгомоор. Өрөвдмөөр ч юм шиг, өмөөрмөөр ч юм шиг. Энэ хүний ажил, үйл амьдрал огцом хувирсан билээ. Монголчуудын сэтгэлгээ баримжаа барьц муутай. Туйлширсан дарвисан хэл ярианууд хаашаа ч эргэж яаж ч шуугиж магадгүй. Тэгвэл Филатова ард түмэнд сайхан харагддаг сайнаар үнэлэгдэе гэж өчүүхэн ч хичээдэггүй, өчүүхэн ч хуурч жүжиглэдэггүй нэгэн байсан бөгөөд монголчуудын төлөө тэдний хүүхдүүдийн төлөө хамаг л хүч энергиэ шавхан ажилласаар ирсан байдаг. 
 
Гэтэл худлаа жүжиглэсэн хэрнээ цаанаа муу санаалсан хүнийг сайн хүн гэж үнэлээд шүтээд өнгөндөө ширүүн дориун аашлаад цаанаа сүү шиг эхийн сэтгэл гаргасан хүнийг муугаар үнэлдэг хачин томоогүй зан манай монголчуудад байдаг нь мөн ч харамсалтай. Филатова Москвагаас анх Монголд ирэхдээ ганцхан өөрийн дурлалт залуу Цэдэнбалд хайртай байсан бол яваандаа Монголын хүүхдүүд нийт монголчуудад хайртай болжээ. 
 
Ер нь тэгээд Филатовад Монголын тухай нөхрийнхөө тухай нэгэн сонин бодол сүүлийн үедээ нас тогтох, ахих үед нь төрөөд байдаг болжээ.
 
-Та нар хүүхдээсээ мөнгө төсвөө харамлаж байна. Та нар хүүхдээс хол хөндий сэтгэлтэй байна. Нүүдэлчний хүүхдээ өсгөдөг сэтгэлгээнээс салахгүй байна. Зөвлөлтийн зарим Бүгд найрамдах улсад ч бас хүүхдэд ийм сэтгэлгээгээр хандах гээд байсан удаа бий. Дарга нар цэцэрлэг яслийн багш, асрагчиддаа шаардлага тавихгүй бурууг нь зэмлэхгүй байна. 
 
Эх, эцэг айгаад тийм дарга нартаа үг хэлж чадахгүй байна гэж Филатова хэлдэг байжээ. Ер нь тэр үед иймэрхүү шаардлагынх нь өөдөөс ганц ч тайлбар тавилгүй “За мэдлээ гүйцэтгэе” гэх нь яг цэргийн хүн шиг. Монголын цэцэрлэг яслийн багш, эрхлэгч нар дээрээс дарга ирлээ гэвэл ажил явдлаа хичээж юм хумаа өөд татахаас өмнө хүүхдийнхээ нормоос хугаслан дээд зэргийн амттай хийсэн хоолоо бэлдээд л тэр ирсэн дарга нартаа найр тавьж үйлчилдэг байсан. 
 
Хэрэв Филатоваг ирэхэд тэгж хоол зоог хийгээд өмнө нь тавих юм бол толгойгоо авахуулах шахна. Хоол бүү хэл хэдэн чихэр ч тавихгүй. Хэрэв тэгвэл нь “Би хаанахын хүндэт зочин чинь юм бэ” гэж тас загнадаг байсан.
 
Филатова чухам “хатан хаан” байсан уу? Үгүй ээ.
 
Филатовагийн хатуухан зан Монголын хүүхэд багачуудад, ээж аавуудад, эгэл жирийн ард түмэнд ач аврал нигүүслэл харин хүнд сурталт хүйтэн сэтгэлтэй зарим дарга сайд нарт хар яршиг, түвэг зовлон болж байжээ. Хаан эзэн хатан ухааны хатуу зангаргыг тэр үед үзүүлэх ёстой Монголын дээдэс биш харин тэр харийн авгай үзүүлж чадаж байсан нь зэмлэмээр биш харин ч магтмаар. 
 
Тэр үеийн Монголын ямар ч сайдын хийж чадаагүй ажлыг ердөө л Филатова авгай ганцаараа хэдхэн туслах санхүүч, жолооч төдий л нэмэртэйгээр хийчихсэн шүү дээ. Монголын төрд ч хүмүүст ч зөв сэтгэлтэй “гүнжийн сүм”-ийн домгоор улбаалагддаг Гүнж гэж Монголд элэгтэй харийн бүсгүй байсан. Тэгвэл дараагийнх нь Анастасия Филатова байсан гэж хэлэхэд болно байхаа.
 
Цэдэнбалыг монгол эхнэр авсангүй гэж зарим нь дурамжхан ярьж байсан. Тэглээ гээд монгол авгай нь Филатова шиг монголынхоо хүүхэд залуу үеийн төлөө санаа тавьж тийм их юмыг бүтээх байсан юм болов уу. Филатова шиг Монголынхоо хүүхэд залуусын төлөө яам, газрууд бүр засаг төрийн хэмжээнд сэтгэж, шийдэж, зохион байгуулж, бүтээж цогц бүрнээр тийм их юм хийх байсан болов уу даа мэдэхгүй. 
 
Урьд удаагийн Төрийн тэргүүнүүдийн эхнэрүүдийн жишгээс харахад бараг л үгүй байх аа даа. Зөвлөлт ахын коммунист намын Брежнев тэргүүтэй том дарга нар ирж манайхны дарга нартай зөндөө их яриа хэлэлцээ хийж дараа нь том цайллага хийж. Энэ хөл хөдөлгөөний үеэр Филатова өөртөө ойр сандалд суух Монголын нэг сайдад сэмээрхэн “Гэгээнтнийг нэлээд сайн халамцаад ирэхийн үед нь чи надад дохио өгөөрэй. Би нэг чухал үг хэлэх гэсэн юм” гэжээ. 
 
(“Гэгээнтэн” гэдэг нь Цэдэнбалын наргиж нэрлэдэг Брежневийг хэлж байгаа нь тэр) Авгай нэгэнт тийм төлөвлөгөөтэй тул нөгөө аминчихан юм захьсан сайдынхаа яг хажууд суув. Дэндүү их найрамдалтай дэндүү их ойр дотно Зөвлөлт Монгол хоёрын дунд дээдсүүд идээ будаалгын тэр үеэр хэн хаана суух нэг их нарийн дипломат дэг журмыг ч баримталсангүй. 
 
Том найр сүүл үедээ л “хавтгайрав”. Энэ үед нөгөө “гэгээнтэн”-ийг “тагнах” сайд Филатовад сэмхэн дохио өгсөн боловч авгай нүдээрээ арай болоогүй гэж хэлж байна. Ямар ч л гэсэн авгай “гэгээнтэнд” айхтар чухал л юм хэлэх нь дээ, нөгөө хуйвалдсан сайдтайгаа байсгээд л гэгээнтнийг ажиж нэг л чухал ажил удаад байгаа нь илт байв. 
Цэдэнбал гуай ч дотроо бодож байж. Мань хүн энэ сайдтай элбээд л “гэгээнтнийг нэг аргалах юм хийхээр шийдвээ дээ. Нөгөө нэг дурсаж байсан “Настайчуудын ордон” ч биш дээ. Мань хүн урьтаад хүүхдийнхээ юмнуудыг гүйцээгээд сүүлд нь настайчуудын юм руу орно гэж байсан шүү дээ. Тэгээд ч би Оросын томчуудыг ирэхэд чи үнэ ихтэй юм битгий гуйгаад бай. 
 
Нөгөө Амгалангийн “Жаран мянгат” хороолол, нөгөө Өвөрхангайн атрын САА”-г хэлэхэд хэцүү болно шүү гэж санаа өгснийг мартаагүй байх учиртай. Гэвч нэг зорьсон юмандаа хэтэрхий махруу яаж ч мэдэх хүн шүү гэж.
 
Сайд Филатовад дохио өгөв. Авгай үгүй ээ биш. Чи энэ хүний онцлогийг над шиг мэдэхгүй. Чи бүр ногооноороо байна. Энэ украйн өвгөн украйныхаа “X”-г хэлэхдээ бүр хоолойгоо засаж байгаа юм шиг бүр бараг л ханиах гэж байгаа юм шиг хүржигнүүлээд ирдэг юм. Тэгвэл л овоо сайн халамцлаа гэсэн үг гэж “хичээл” заав. Тэгж байтал удсан ч үгүй авгай нөгөө тагнах үүрэгтэй сайдынхаа дохио зангааг ч хүлээлгүй өөрөө очоод Брежневийн дэргэд суув. 
 
Тэртээ тэргүй Брежнев нөгөө “Х”-г ханиаж хоолойгоо зйсаж байгаа юм шиг хэлээд эхэлсэн юм байлгүй. Авгай урьд нь зэхсэн үгээ цээжилсэн мэт хэлэв. Манай Монголын залуучууд их түргэн өсч үржиж өнөр олуул болж байна. Одоо нэг сайхан хуримлах ордонтой болгож өгөх юмсан л гэж бодогдоод байх юм гэхэд Брежнев:
 
-”Да да будет будет” гэв. 
 
-Тодорхой хариулт сонсохыг дэндүү яарч байсан авгайд Брежневийн энэ үг ойлгомжгүи бөгөөд хоёрдмол утгатай санагдав. Тийм тийм гээд байгаа нь залуучууд олон болж байна улам л олон болно гэсэн үг үү? тийм хуримлах ордонтой болох хэрэгтэй гэсэн үг үү гэдгийг ялгаж ойлгосонгүй. Гэлээ ч гэсэн авгай шууд тойруу асуусаар байгаад Брежневийг үг алдуулж амжив. Тэгээд ч зогсохгүй бүр цаашлаад.
 
-Леонид Ильич ээ. Хүнд суртал танайд ч их байна манайд ч их байна. Монголын охид хөвгүүд маань хуримын цагаан нөмрөгөө бэлдчихээд ордноо хүлээгээд байгаа даа. Танай нөгөө ахуйн барилгын төлөвлөгч чинь хэн билээ. Ирсэн байхаа гэхэд Брежнев:
 
-За тиймээ манайд ч хүнд суртал, танайд ч хүнд суртал. За одоохон гэснээр Монголын залуучуудын хуримлах ордон босоод ирэхэд ганцхан хуруу дутуу болов. Цайллаганаас буцаж явах замдаа Брежневт дур мэдэн хуримын ордон бариулах хүсэлт тавьж зөвшөөрүүлж “гэмт үйлдэл” хийсэн Филатова Цэдэнбалыг сэм сэмхэн тойруугаар өдөж ямар нэгэн үг ая байдлыг нь гаргуулж байдлыг мэдэх гэж нэлээд хүч гаргасаар явав.
 
-Хэлэлцээ ер нь аятайхан болсон биз дээ. “Гэгээнтэн” ч зөндөө юмаар туслалаа шүү гэх мэтээр үг өдсөөр явав. Харин Цэдэнбал авгайн өдөлтийг гадарлачихаад “Мань хүн саяын хийсэн хэргийнхээ төлөө л санаа нь зовж намайг туршаад байна гэдгийг нь мэдээд.
 
-Өө хэлэлцээр аятайхан боллоо. Хуримын ордны тухай бас нэг яриа дуулдах шиг болов уу даа гэгээнтэн ахуйн барилгын хүмүүстээ үүрэг өгөөд байх шиг. Яахав яахав. Хуримын ордон ер нь чухал болоод байсан юм гэж хэлээд Филатовагийн дотор хуримтлаад байсан түгшүүрийг нэг мөсөн арилгаж санааг нь амраав. Өнөөгийн хижээл насны бүсгүйчүүд, дунд насны харчууд ихэнх нь Филатова ажаагийнхаа байгуулж өгсөн цэцэрлэг ясли, сургууль, зусланд л оюун ухаанаа хөгжүүлж өсч хүмүүжиж байсан юмсан. 
 
Даанч түүнийгээ мартчихсан л бололтой. Та нарыг балчир байхад ясли цэцэрлэгт чинь очоод “Та нар хүүхдүүдийн минь тоглоомыг яагаад муу угаав, хоолны нь амт хольцоог яагаад тааруухан хийв” гээд багш, захирал нарыг нь гозойтол зогсоож, улайтал нь загнаж байсан хүн Анастасия л байсан шүү дээ. Энэ сайхан сэтгэлт авгайг манайхан дотроос зарим нь ёстой л нэг үзэшгүй муухай сонсошгүй зэвүүнээр муучлан гүтгэсэн. 
 
Энэ авгай Монголын хөрөнгөөр Москвагийн ойролцоо байгалийн хамгийн сайхан үзэсгэлэнтэй газар олон давхар хувийн хаус бариулсан гэнэ. Тэр хувьдаа хүрээлсэн мод цэцэрлэг, зам талбай гарааш агуулах нь цөм бүрэн олон өрөө сууцныхаа дотор талын өрөө тасалгаанд үнэт эрдэнийн зүйлээр тоноглосон жорлон ваннтай зочны амралтын тоглоомын өрөө тасалгаа заал гэдэг нь ямар ч том олон одтой зочид буудлаас илүү гэнэ гэж монгол даяар цуурхал санаатай тараасан нь оргүй худлаа байсныг монголчууд бид сүүлд нь мэдсэн билээ. Манай түүхэнд ийм базаахгүйхэн юм болоод өнгөрсөн. Ер нь хэзээ ч санаж эргэцүүлж баймаар л явдал.
 
Филатова зарим монгол хүнд ширүүн үг хэлж, эвгүйхэн харж байсан байж магадгүй. Тэгвэл одоо тэр аягүйхэн үг тэр ширүүн харц түүхийн салхинд хийсч замхраад арилсан. Тэр нь Монгол хүнд яршиг зовлон болж үлдээгүй өнгөрч арилсан. Харин тэр хүний хийж бүтээсэн нь монголчуудад амьдрал хайрласан гэж болно. Филатоваг өмөөрч байсан зарим хүмүүсийг мэдэх юм. 
 
Филатоватай ойр ажиллаж байсан хоёр бүсгүй Эрдэнэчимэг, Төвшин нар Москвад авгайг эргэн очиж байгаа нь нүднээс нулимс гармаар харагдаж билээ. Эд нар их ухаантай хүүхнүүд юм даа гэсэн бодол л сэтгэл эзлээд байлаа. Авгайд энэ чинь л нэг сайхан таарна даа гэсэн бодол өдөөж ноосон нэхмэл хантааз бэлэглэж билээ. Одоо тэр хэдэн бүсгүйчүүддээ баяр хүргэх юмсан. 
 
Төгсгөлд нь хэлэхэд Орос бүсгүйг хайрлая, хүндэтгэе, дурсая. Энэ хүний тухай альбом, баримтат кино бүтээе хөшөөг нь босгоё ах дүү саданг нь урьж авчирч хамтран дурсаж, хүндэтгэе. Монголчууд сайхан бүхнээ мартдаг биш эргэн санадаг хүндэлдэг, ярьдаг, дурсдаг, ухаантай хүмүүс гэдгээ садан төрөлд нь, оросуудад, ер нь дэлхийд харуулъя.
 
Зохиолч Д.Лувсандэлэг